ХУВЬЧЛАЛ НЭРИЙН ДОР ЛУЙВАР ХИЙДЭГ ЦАГ ӨНГӨРСӨН

88666Хан-Уул дүүрэг хуучин “Ажилчны район” нэртэй байлаа. Улсын хэмжээний томоохон ноос ноолуур, арьс шир, гутлын зэрэг үйлдвэр, цахилгаан станцууд энэ дүүрэгт оршдог учир Ардын их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар анх байгуулахдаа ингэж нэрийдсэн гэдэг. Харин өнөөдөр шил толь болсон өндөр барилгуудын сүүдэрт “Ажилчны район” тодотгол нь улам бүдгэрсээр байна. Цагтаа дотоодын хэрэгцээг бүрэн хангачихдаг байсан арьс ширний үйлдвэрүүд ардаа ямар эзэнтэй нь мэдэгдэхгүй бас дийлдэхгүй явсаар бохироо Туул руу асгах нь энүүхэнд болов. Үүнийг харж суугаа нийслэлчүүд хий хоосон хашгирахаас өөрөөр үр дүнг нь үзэлгүй химийн хортой бодис холилдсон ус “уугаад” сууж байна.

Үүнээс гадна “Нефть импорт концерн” гэж нефть олборлолт, шатахуун импортын төрийн мэдлийн компани байлаа. Товчлол нь “НИК”. Мөн л хувьчлагдсан. Монголчууд шатахуун импортлогч гэх байсхийгээд үнэ нэмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг шинэ айдастай болсон. Хэдийгээр эрх барих төвшиндөө “гуйж” байж үнийг нь багахан буулгадаг ч түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй нь хачирхалтай. Угтаа төрөөс хувийн хэвшлийнхний өрсөлдөөнийг чөлөөтэй орхиод өөрийн эзэмшлээрээ дамжуулж боломжийн үнэтэй шатахуунаар хангаад явсан бол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсныг үгүйсгэх аргагүй.

Эндээс нэг л асуулт төрж болох. Тэр нь хэн ийм нөхцөл байдлыг үүсгэв гэж. Хариулт нь маш энгийн. Тийм ээ, энэ бол хувьчлалын үр дүнгээр бидэнд өгсөн “буцалтгүй шан харамж”. Хатуухан хэлэхэд 1996 оноос үүдэлтэй өмч хувьчлалын хар сүүдрийн гор өнөөдөр ч үргэлжилж байна. Бид ч бараг дасчихаж. Угаасаа монголчууд байгаа орчинтойгоо дасан зохицохдоо хурдан байдаг болоод ч тэр үү хэсэгтээ хашгираад чимээгүй болдог нь үүний нотолгоо. Гэхдээ өмч хувьчлалын үр дүнд бий болсон зүйл үүгээр хязгаарлагдахгүй.

Төв цэнгэлдэхийнхээ 51 хувийг хувь хүнд шилжүүлснийхээ “шанд” төрийнхөө наадмыг тэмдэглэх гэж түрээслэдэг болсон нь нууц биш. Бас болоогүй. Хоёрхон өдөр наадамлах гэж татвар төлөгчдийн халааснаас хэдэн зуун сая төгрөгийг гаргаж, хувь хүний өмчийг жил бүр торддог жишиг тогтов. Ямар сайндаа олон ч аварга, арслан, зааныг төрүүлж, наадамчин олноо баясгасан зүлэг ногоон дэвжээг мал нядалгааны газар болгож алаг эрээн болгож байх вэ дээ. Энэ мэтчилэн өмч хувьчлалаас үүдэлтэй сөрөг зүйлийг дурдвал олон. Мэдээж үеэ өнгөрөөж, ашигтай бус алдагдалтай ажиллаж төсөвт дарамт учруулах болсон төрийн өмчит объектуудыг хувьчлах нь зүйтэй гэж олон хүн хэлдэг, ярьдаг. Тийм ч байж болох.

Хоёр хоногййн өмнө болсон Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Гэрлэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төв зэрэг орон нутгийн өмчит 19 обьектыг хувьчлах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр болсон.

Гэхдээ нийслэлийн Өмчийн харилцааны газраас хувьчлах обьектуудын жагсаалтыг гаргасан өдрөөс иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн ямар хүний эрх ашгийн үүднээс хувьчлахаар болсон бэ гэсэн хардлага нийгэмд төрөөд байгаа. Тэгэх нь ч аргагүй. Жишээ нь, Гэрлэх ёслолын ордон байна. Үндэснмй ёс заншлаа дээдэлж, худ ургийн баяр болдог нийслэлд төдийгүй улсдаа ганц газар. Товчхондоо бусадтай харьцуулбал жижигхэн цагаан барилгад Монголын үе үеийнхний гал голомтоо бадраах тэр үеийн дурсамжийг нь дархалсан. Тиймдээ ч хувьчилж авчихаад нураачих вий гэсэн хардлага, болгоомжлол олон нийтийн дунд төрж түрүүчээсээ эсэргүүцсэн. Мэдээж хувьчилж авсан хүн уламжлал, шинэчлэлээ хослуулаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд явбал болохгүй гэх зүйлгүй.

Харин олон мянган хосын хамгийн нандин дурсамжийг нь “унтрааж” олон давхар барилга бариад эхэлвэл өөрөө асуудал болно. Ядаж л Төв цэнгэлдэхийн араас Гэрлэх ёслолын ордонг оруулж болохгүй. Үүнийг Өмчийн харилцааны газар, хотын удирдлагууд ч бодолцож байгаа байх. Тиймээс одоо хувьчлах гэж байгаа обьектуудын асуудалд нарийн судалгаа тооцоололтой хандахыг тэднээс хүсье.

Үнэхээр ашиглалтын шаардлага хангахгүй болчихсон обьектуудыг нурааж, шинээр барилга барих нь зүйн хэрэг. Хотын үзэмж ч сайжирна. Гагцхүү ямар үйл ажиллагаа явуулж байсан түүгээр нь ашиглах л чухал. Нэг ёсондоо хувьчилж, шинэчилсний үр дүн иргэдэд наалдаж байх ёстой. Ингэхгүйгээр мөнгөгүй болж хямрахаараа орон нутгийн өмчөө хувьчлаад байвал 1992 оноос улбаатай гэгддэг хувьчлалаас ялгагдах зүйлгүй болно. Тэр үед томоохон үйлдвэрүүд нь шил шилээ даран хаалгаа барьж олон мянган хүн ажилгүй хоцорсон. Сүүлдээ тэдгээр нь хэн нэгхятад, солонгос хүний мэдэлд шилжсэнээр монголчууд бид өөрсдөө боолын хөдөлмөр эрхлэх болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Товчхондоо ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, хувьчлалын үр дүнгээр хэдхэн хүн хөлжсөн гашуун түүх бидэнд бий. Харин өнөөдөр бол өөр. Нэг үеэ бодвол монголчууд ажилтай, орлоготой, юмны учир начрыг ч ойлгохтойгоо болсон шүү дээ. Хувьчлалын мөн чанар, утга агуулгыг бол бүр ч сайн мэддэг болсон байна.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих