Путин гэж хэн бэ?

molodets940569754201503161717

Владимир Владимирович Путин гэж хэн бэ. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн. Ленинград буюу одоогийн Санкт Петрбург хотноо ахмад дайчин, үйлдвэрийн ажилчны гэр бүлд төрж өсч, хүүхэд ахуй насныхаа хүсэл мөрөөдлийг амжилттай биелүүлж чадсан нэгэн. Бага наснаасаа тагнуултай кино үзэх дуртай, тагнуулч болохыг мөрөөдөж явсан Ваня хүү тулааны урлагаар хичээллэж 16 настайдаа Бүх оросын самбо, жүдогийн аваргаар тодорч байжээ. Нийтийн байрны хулигаануудыг хөнгөхөн сургачихдаг, үргэлж л энд тэндээ хөх болчихсон явдаг хүүгээ буруу замд оруулахгүйн тулд эцэг, эх нь Ленинградын үлгэр жишээ хүүхдүүдийг бэлтгэх 281 дүгээр сургуульд суралцуулж улмаар хуулийн коллежид элсүүлжээ. Оюутан байх үедээ жүдогийн тэмцээнүүдэд алгасахгүй оролцож өндөр амжилт тасралтгүй үзүүлж байсан В.Путиныг 1975 онд их сургуулиа төгсмөгц нь тэр үеийн алдарт ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д хуваарилан ажиллуулснаар түүний хүүхэд ахуй насны мөрөөдөл хэрэгжих нь тэр.

Нэг албан тушаалд жилээс илүү хугацаагаар тогтдоггүй, үргэлж дэвшиж байдаг В.Путин нэг л мэдэхэд  ЗХУ-ын удирдагчийн албыг богино хугацаанд хашсан Ю.Андроповын туслахаар КГБ-д нэр хүндтэй алба хаших болсон гэдэг. Сургуулийн ширээнээс КГБ-д элссэн залуу тулааны урлагийн бүхий л төрлөөр нарийвчлан хичээллэж, үйл ажиллагаагаа явуулсаар буй КГБ-ын сөрөх тагнуулын институтэд суралцан герман хэл заалгаж байлаа. В.Путины албан намтарт дурдагдаагүй хэдий ч тэрбээр сөнөөгч онгоц, танк зэрэг бүхий л зэвсэг техникийг гарамгай ашиглаж, ямар ч орчинд хүнд хэцүү даалгавруудыг биелүүлж чадахуйц, шаардлагатай тохиолдолд дээд зэрэглэлийн хорлон сүйтгэх ажиллагааг өндөр ур чадвартайгаар гүйцэтгэхэд суралцаж байлаа. Улмаар герман хэлэндээ ус цас болсны дараа түүнийг хилийн чанадад илгээх цаг нь болсон хэмээн үзэв. Тэр үеийн зүүн герман буюу БНАГУ-ын Дрезден хотноо Зөвлөлт Германы найрамдлын нийгэмлэгт хэлстийн дарга буюу үнэн хэрэгтээ тус улсад үйл ажиллагаа явуулдаг барууныхны тагнуулын ажиллагаатай тэмцэх үйл хэрэгт КГБ-ээс томилогдсон шинэ үеийн супер тагнуулчийн дүрээр ирсэн нь тэр. 1985-1990 онуудад В.Путин зүүн германд амжилттай ажилласаар байлаа. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи зүүн германыг хамарч улмаар Орос эх оронд М.Горбачев перестройка хийснээр В.Путин нутагтаа буцлаа. 1990 онд Ленинградад буцаж ирсний дараа Ленинградын улсын их сургуулийн захирлын (ректор) олон улсын харилцаа эрхэлсэн туслах, дараа нь Ленинград хотын зөвлөлийн даргын зөвлөх, Ленинград хотын захирагчийн албанд гадаад харилцааны хорооны дарга, шинээр Санктпетрбург хэмээн нэрлэгдсэн хотын Засгийн газрын 1-р орлогч даргаар 1994 оны гуравдугаар сараас тус тус ажиллажээ. КГБ-ын даалгавраар гадаадад ажиллаж явсан жинхэнэ тагнуулч хүнд баймаар хүйтэн харцтай эрээс хүмүүс айдаг байсан гэх. Энэхүү айдсын хүчин зүйл нь ч түүний улс төрд дардан замаар өгсөхөд нөлөөлсөн нь дамжиггүй. Хотын захиргаанд ажиллах хугацаанд В.Путин Санктпетрбург хотын гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд нилээд үр дүнтэй ажил хийсний дотор Санктпетрбургт анх удаа барууны хэд хэдэн орны банкуудын салбарыг нээсэн. Мөн “Парнас” хэмээх гадаадын хөрөнгө оруулалтын бүс байгуулж, хамгийн түрүүнд “Кока Кола” компанийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн анхны ээлжийг ашиглалтад оруулсан. Мөн Санктпетрбург-Копенгагений кабелийн холбоог байгуулж, Санктпетрбургийн их сургуульд олон улсын харилцааны факультетыг өөрийн санаачилгаар үүсгэн байгуулж байжээ.

1995 оны ОХУ-ын парламентын сонгуульд “Орос – бидний гэр” эвслийн бүсийн салбарыг удирдаж, 1996 онд Санктпетрбург хотын зөвлөлийн сонгуульд тэр үеийн хотын дарга А.Собчакийн сонгуулийн компанит ажлыг удирджээ. Гэвч энэ удаа А.Собчак ялагдаж улмаар В.Путин хотын удирдлагаас хөөгдсөн нь түүний улс төрийн анхны ялагдалд тооцогддог. Энэ үед тэрбээр улс төрийн карьерыг нь дуусгах шахсан хүмүүстэй жинхэнэ КГБ-ийн тагнуулчийн ёсоор тооцоо хийсэн гэлцдэг. Тооцоо бодсоны дараагаар 1996 онд В.Путин Москвад шилжлээ. Энэ үед л түүний одоог хүртэл нууц хэвээр байдаг албан тушаалын үсрэлт гарсан юм.  Тэрбээр 1996 оны наймдугаар сараас Оросын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын орлогч даргаар, 1997 оны гуравдугаар сараас Ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдагчийн орлогч дарга буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийн ерөнхий хяналтын газрын даргаар ажиллажээ. Ерөнхийлөгчийн хяналтын газрын даргаар ажиллаж байх үед Путины хийсэн цэрэг-батлан хамгаалахын чиглэлийн захиалга, түүний гүйцэтгэлтэй холбоотой хяналт шалгалтын дүнгээр тэр үеийн батлан хамгаалах яамны сайд огцорч байсан түүхтэй. Батлан хамгаалахын сайдаа огцруулж дөнгөсөн залуу эр тэр үед л Б.Ельцины толгойд нэгийг бодуулж эхэлсэн болов уу. 1998 оны тавдугаар сараас тэр ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдагчийн нэгдүгээр орлогчоор томилогдов.  Тэр бүс нутгийн асуудал голлон эрхэлдэг байсан ба тэр үед түүнийг Кремль дахь хамгийн нэр нөлөө бүхий албан тушаалтны нэг гэж үздэг байв. Дараа нь 1998 оны долдугаар сарын 25-наас КГБ-ын залгамжлагч болох ОХУ-ын аюулгүй байдлын холбооны албаны захирал, 1999 оны гуравдугаар сарын 26-наас ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ.

Ийнхүү В.Путин Москвад шилжин ирснийхээ дараа гурван жилийн дотор ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын ажилтнаас ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга хүртэлх албан тушаалд дэвшин ажиллажээ. Орос гүрэн ганхаж шинэ оросын бизнесмэнүүд, мафийнхан, барууныхны нөлөөнд  шалчийж эхэлсэн төрд В.Путин шиг ясны тагнуулчийн үүрэг их байсныг хэн нэгэн улстөрч анзаарсаар байсан. В.Путин 1999 оны наймдугаар сарын 9-нд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Үүний дараагаар  Ерөнхийлөгч Б.Ельцин олон нийтэд хандан телевизээр  В.Путиныг өөрийнхөө залгамжлагч хэмээн зарлалаа. Чечень, Дагестан Оросоос салан тусгаарлахаар толгой өндийж Орос орны хувь заяа хэцүүдсэн нөхцөлд Б.Ельцины хийсэн сонголт В.Путин байсан юм. Сонголт нь ч үнэхээр нүдээ олсон бололтой. Владимир Владимирович  Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Чечений салан тусгаарлагчдын зүгээс Дагестанд хийсэн халдлагад хатуу хариу барих чигийг баримтлан, мөн тэдний зүгээс Москва болон Валгодонскт хийсэн дэлбэрэлтийн дараа Чечений зэвсэгт бүлэглэлийн эсрэг кампанит ажлыг эхлүүлжээ. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Б.Ельцин хугацаанаас өмнө албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон тул В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Б.Ельцин хэлсэн үгэндээ “Орос орон шинэ мянганд шинэ улстөрчид, шинэ боловсон хүчин, шинэ ухаантай, эрч хүчтэй хүмүүстэй орох ёстой” хэмээж байжээ. В.Путин 2000 оны гуравдугаар сарын 27-нд болсон олон нийтийн сонгуульд ялалт байгуулж, тавдугаар сарын 7-нд төрийн тэргүүний суудалд суужээ. Түүний  улс төрийн өндөр албан тушаалын оргил үе нь ОХУ-ын ерөнхийлөгчийн 2000 оны болон 2004 оны сонгуулиар дараалсан хоёр удаагийн үнэмлэхүй ялалт байгуулж, найман жил ОХУ-ын төрийн тэргүүний өндөр албыг хашсан явдал юм. Өнөөдөр тэрбээр гурав дахь удаагаа Оросын төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа билээ.

PHOTONEWS.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих