Хэдэн хадтай гинжлэгдсэнээс Монголын баялаг илүү амттай санагдав уу
Оршил
Хятад Япон хэмээх Азийн хүчирхэг хоёр гүрний хоорондын харилцаанд хөндүүр сэдвүүд эртнээс эдүгээг хүртэл байсаар байна. Ясүкуни сүм, Сенкаку арал гээд бие биедээ хатуухан мэдэгдлүүд шидэлцдэг сэдвүүд эртний түүхт хоёр улсын харилцаанд өнө мөнхөд байсаар иржээ. Хятад Японы харилцааг харилцан ярилцдаггүй хэмээн улстөр шинжээчид нэрлэдэг. Тэгвэл энэ харилцааг өнөөг хүртэл түүхийн гурван шатлалыг туулсан хэмээдэг. Манай эриний 600-гаад оны үеэс эхлэн бие биесээ мэддэг болсон цагаас хойш дундад зуун, мэйжийн хувьсгал хүртэлх хятадын хүчирхэг төрт улсуудын давамгайлал дор сул дорой байсан япончууд.
Энэ үеийг харилцан ярилцдаггүй үргэлжийн нэгнээ давамгайлж, заналхийлж, өрсөлдөж байсан харилцааных нь эхний үе гэдэг.
Харин Мэйжийн эрс хувьсгалын үр дүнд хүчирхэгжсэн япон, хятадыг эрхшээж байсан чин улсын хоорондох дайнаас эхлэн япончууд илүүрхэж, милитарист Японы эх газрын төлөөх түрэмгийлэл, Дэлхийн II дайнд ялагдсан ч дайны дараах эрчимтэй хөгжил, техник технологиороо тэргүүлэх болсон хүчирхэг Япон болон соёлын хувьсгал, үймээн самуунаар дүүрсэн буурай Хятадын харилцааны үеийг түүхийн хоёр дахь үе шат гэж үздэг.
Гурав дахь үе шат нь өнөөг хүртэл буюу 1978 оноос эдийн засгаа хөгжүүлэх эрс шинэчлэл хийж, үсрэнгүй хөгжиж хэт гүрний хэмжээнд хүрээд буй Хятад болон 1990-ээд онд эдийн засгийн хямрал доройтолд орсон ч эдийн засгийн цар хүрээгээрээ дэлхийд хоёрт орох болсон хүчирхэг Японы харилцааны үе буюу анх удаа хоёул хүчирхэгжсэн үе.
Энэ үед хоёулаа хүчирхэг байгаа тул геополитикийн эртний өрсөлдөгчид дээр дурдсан Ясүкуни сүм, Сенкаку арал гээд олон олон ашиг сонирхол, үндэсний үзлийн зөрүүг хурцатгадаг асуудлууд дээр хэн хэндээ буулт хийхийг хүсэлгүй дипломат аргаар дайтсаар байгаа. Ясүкүни сүмийн асуудлыг түр орхин сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд маргааны гол талбар болоод буй нэгэн арлын тухай сэдвийг хөндөе.
“Хэдэн хад”-ыг булаацалдах шалтгаан
Зүүн Хятадын тэнгист орших хааш хаашаа 7-хон километр квадрат талбайтай энэхүү арлыг Япончууд Сенкаку харин хятадууд Дайюудао хэмээн нэрийддэг. Өчүүхэн энэ арлыг хоёр гүрэн юунд булаацалдсаар ирсэн юм бол ядаж Курилын арал шиг ч биш юм хэмээн та бодож байна уу. Тэгвэл асуудлын гол нь тус арлын эргэн тойронд усан доор асар их байгалийн баялаг оршиж байгаа гэдэгт оршино. Газрын зураг дээр үл харагдахгүй шахам жижигхэн энэ арал Тайван, Японы Окинава арал, Хятадын эх газрын яг тэг дунд нь оршдог. Тус арлын хавиар эртнээс хятад загасчид загасчлан амьдарч байгаад 1895 оноос дэлхийн II дайн дуустал Японы мэдэлд орсон. Харин Япон дайнд ялагдсаны дараа Америкийн тэнгисийн цэрэг тус бүс нутгийг хяналтандаа авч уг нь хятадад эргүүлэн өгөх ёстой байлаа. Харин хятад орон улаан коммунист болсон нөхцөлд америкчууд тус арлын хавийн бүс нутгийг японд өргөл барьж орхисон. Тэр цагаас хойш японы газар нутаг хэмээн тооцогдсоор яваад өнөө цагийн хүчирхэг хятадын үед тус арлын орчмын усан доороос асар их нефть илрүүлсний дараа манай харьяа арал хэмээн зарлаж асуудал дэгдсэн аж.
Маргаан хурцадсан нь
Өнгөрсөн жил энэ арлын дэргэд загасчилж явсан хятадын нэгэн завийг Наран улсын усан хилийг давлаа хэмээн японы тэнгисийн цэргүүд саатуулан баривчилж улмаар ахмадыг нь Окинава аралд хэсэг хугацаанд хориод авсан юм. Хятадын томоохон хотуудад энэ явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж японы далбааг шатааж Хятадын гадаад хэргийн яам Японд хатуу мэдэгдэл илгээсэн. Япон руу нисэх бүх нислэгийг цуцлахаа мэдэгдэж байлаа. Байдал улмаар хурцдах шинжтэй болсон тул япончууд ахмадыг суллаж, харин ахмад ялсан баатрын дүрээр эх орондоо хөл тавьснаар асуудал түр намжсан. Гэсэн ч энэ онд тус арлын ойролцоо түгшүүрийн дохио дахин дэгдэж хятадын Южинь-202 хэмээх цэргийн хөлөг онгоц тус арлын бүсэд 44 км ойртсон тул японы эргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд бэлэн байдал зарлаж анхааруулсан. Харин хятадын хөлөг онгоц тус арлын бүсэд 2 цаг гаруй байсны эцэст холдон одсон билээ.
Тавдугаар сард арлын агаарын бүсэд Хятадын байлдааны хоёр Y-8 онгоц ойртож ирсэн тул япончууд хариуд нь Окинава арлаас 6 ширхэг F-15 сөнөөгч онгоц амдан хөөргөж анхааруулсан.
Иймэрхүү жижиг сажиг үл ойлголцлоос үүдэн Японы Засгийн газар Хятад улстай маргаантай байгаа арлын ойролцоо цэрэг байрлуулах асуудлыг судлан үзэхээр болжээ. Японы Батлан хамгаалах яам өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг арлуудын ойролцоо байрлуулахад зориулан төсөв баталж өгөх хүсэлтийг гаргаж, Зүүн хятадын Тэнгисийн арлын зүүн өмнөд хэсэгт байдаг Ёнагуни аралд байрлуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Энэ арал нь мөнөөх Сенкаку аралтай ойрхон оршдог.
Ойрын хугацаанд Монголын баялаг илүү амттай, гэтэл дахиад л хятадууд
“Никкей” сонинд мэдээлснийг Ассошейтэд Пресс иш татсанаар Японы Батлан хамгаалахын сайд Сенкаку арал руу цэрэг явуулж байрлуулах талаар Засгийн газартаа шахалт үзүүлж эхэлсэн гэх. Харин иймэрхүү боломжийн талаар Японы эрх баригч намын олон гишүүд хүсүүштэй зүйл бус хэмээн нэлээд эргэлзэнгүй хандаж. Тэгээд ч японд болсон гамшгийн улмаас эдийн засаг нь хүнд байдалд орж байгаа учир Токио хөршүүдтэйгээ нөхөрсөг харилцаагаа хэвээр үлдээхийг хүсэн “тэнгисийн хэдэн хад”-тай гинжлэгдэх гэж зүтгэхээ болих шинжтэй. Харин хятадын тал японд тус арлын талаар үүссэн аядуу байдлыг ашиглан тухайн бүс нутагт нефтийн компаниудынхаа судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлж эхэлсэн.
Япончуудын ойрын ашиг сонирхлын цэг Монгол. Орос, Хятад, Америк зэрэг их гүрнүүд дор бүрнээ л Монголын тал нутгийн хөрсөн доор орших асар их баялагаас хувь хүртэж эзэн суухыг оролдож байхад япончууд дутахгүй оролцох нь юуны буруу ч байхав. Ямартай ч тэнгисийн хэдэн арлыг түрхэн зуур хойш тавиад монгол руу ашиг сонирхлын чигээ хандууллаа. Энд тэд дахин хятадуудтай тулгарч байна. Хятадууд Тавантолгойг атгачихаад тавихгүй байна. Энэ байдалд эгдүүцсэн японы тал тендер ил тод биш, шударга бус хэмээн гомдол гаргасан тухай Reuters, AP-т мэдээллээ.
Дэлхийг шуугиулаад байгаа Монголын баялгаас хувь хүртэх гэтэл дахиад л хятадууд саад болж байна. Азийн хоёр их гүрний ашиг сонирхлын төлөөх тэмцэл далай тэнгист ч, эх газарт ч, монголын маань тал нутагт ч хүртэл үргэлжилсээр л байна.
URL: