Н.Удвал “Эвийн хэрэм” гэх шинэ стилийг бий болгожээ
Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал сайдаас буусныхаа дараа хэсэгхэн чимээгүй байсан. Харин тэрбээр саяхнаас дуу орж эхэлжээ. Тэрбээр “Эвийн хэрэм” хэмээх үндэсний хөдөлгөөнийг байгуулаад байгаа. Эвийн их чуулганыг ч өнгөрсөн амралтын өдөр хийсэн юм. Түүний санаачилсан энэхүү хөдөлгөөний зорилго нь эв нэгдлийг хэрхэн бий болгож ажиллах вэ гэдэг дээр анхаарах юм гэнэ. Эвийн аргаар эх орноо аваръя гэдэг зорилгоор цэвэр иргэний хөдөлгөөнийг тэр байгуулжээ. Н.Удвал бол улстөрч. Иймд түүний энэ хөдөлгөөнийг цэвэр иргэнийх гэж харахад хэцүү.
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал намаа нэлээд шүүмжлэх болсон. Нам нь бужигнаж, намынхаа дэвшүүлсэн таван хувьсгал гэх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүнгүй боллоо гэж хэлж байгаа. Тэрбээр сайдаасаа буухынхаа өмнө намдаа ил захидал бичиж байсан удаатай. Намынх нь дарга ирээд Засгийн газрын сайдынхаа бүтцийг өөрчилж, түүний хашиж байсан Эрүүл мэндийн сайдын суудлыг Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад аваад өгчихсөн. Үүнд ч тэрбээр сэтгэл дундуур явдгаа илэрхийлсэн. Сайдын суудлыг ярих тэр үед ч албан тушаалаа үргэлжлүүлэн хаших сонирхлоо илэрхийлсэн гэдэг. Намаа хатуухан шүүмжилж байгаа Н.Удвалын тухайд “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнийг байгуулсны цаад зорилго юу байв. Шинэ стиль бүрдүүлж буй түүний хувьд ирэх сонгуульдаа бэлтгэж байгаа нэг хэлбэр гэж харж болохоор. Намынх нь ажил сул байгаа учир хөдөлгөөн гэгчийг байгуулж, “Эвийн тунхаг” гээчийг гаргасан байгаа юм. МАХН дотроо эв нэгдэлтэй байж чадаагүй энэ эрхэм “Эвийн хэрэм” байгуулаад эв нэгдлийг бий болгож чадах болов уу.
Төгсбилгүүн
zaluu.com
URL: