Хэлшинжлэлийн террористууд уу, эсвэл хадны сүг зураг судлаачид уу

batchimegТооны 90-ийг хэлэхэд еэвэнгийн “еэ” сонсогдоно. “Ер нь” гэсэн холбох үг хэлэхэд ертөнцийн “еө” сонсогдоно. Бичихэд адилхан ЕР гэж харагдана. Орос хэлэнд “юу” гэсэн үгийг что гэж бичээд што гэж уншина. Англиар оnе гэснийг wan гэж дуудна.

Дээрх жишээ нь бичгийн хэл, ярианы хэл зөрж байгааг харуулж байгаа юм. Бид хэлшинжлэлийн магистр биш учраас эдгээр жишээ үгэнд шинжлэх ухааны тайлбар өгөхөд балчирдаж буй. Харин манай Кирил бичгийн Цагаан толгойн 35 үсэг нь 35 авиаг тэмдэглэх ёстой ч тэгдэггүй гэдгийг мэдэж байна. Хэлшинжлэлийн үүднээс Цагаан толгойд тавигдах стандарт шаардлагааар бол нэг үсэг нь “нэг үе буюу хоёр өөр авиа”-г тэмдэглэж болохгүй.

Гэтэл манай зарим үсэг, тухайлбал Я, Ё, Е, Ю нь бүтэн нэг үеийг тэмдэглэдэг. Тэр ч бүү хэл зарим үгэнд эгшиг, зарим үгэнд гийгүүлэгч үсгийг тэмдэглэдэг. Бас Цагаан толгой дотор “1 үсэг = 1 авиа” гэсэн шаардлагыг 100 хувь зөрчсөн зөөлний тэмдэг Ь, хатуугийн тэмдэг Ъ гэсэн дуугүй үсэг байгаа.

“Энэ хүүхнүүд үү” киноны Жамц дарга бол “Уул шугамандаа аливаа бичиг үсгийн шинэчлэл нь Цагаан толгойноосоо эхлэх учиртай гэж хэлнэ вий. Уул шугамандаа, бичиг үсгийн шинэчлэлийн талаар хэлшинжпэлийн эрдэмтэн мэргэд нь ярих эрхтэй, бас өөрчлөх ёстой учраас Цагаан толгойноосоо эхлэх эсэх нь тэдний асуудал гэж захын Засаг даргад ч ойлгогдоно.
Олон түмэнд өөрсдийгөө хэлшинжпэлийн оройн дээд гэж ойлгуулсан хэдэн эрдэмтэн 1994 онд Шинэ бичгийг хамгаалах хороо (ШБХХ) байгуулсан байдаг. Бид бүхэн тус хорооныхноос Цагаан толгойг “1 үсэг = 1 авиа” гэсэн шинжлэх ухааны горимд оруулах, Кирил бичгийн зөв бичих дүрмийг тав дахь удаагаа сайжруулан өөрчлөхийг хүлээсээр 21 жилтэй золгож байна. Урьд нь академич Ц.Дамдинсүрэн сартваахи өөрийн зохиосон дүрмээ дөрвөн удаа сайжруулан өөрчлөөд “минийх эцсийнх биш шүү, улам төгс болгоорой” гэж хойч үеийн хэлшинжлэлийнхэнд гэрээсэлсэн түүхтэй.

Монголын ард түмний өмнөөс гэж том хайрцаглаад яах вэ, бид мэтийн гэж энгүүнээр өөрсдийгөө нэрлээд хэлэхэд Шинэ бичгийг хамгаалах хорооны та бүхэн бол Ц.Дамдинсүрэн эрдэмтний, Кирил бичигт зөв шинэчлэл үргэлжлүүлэн хийх захиасыг итгэл дааж биелүүлэх хүмүүс биш юм байна.

Бид бүтэн 21 жил хүлээлээ, харлаа. Үнэхээр та бүхэн “бид биш” гэдгээ харууллаа. Шинэ бичгийг хамгаалах хорооны та нар гол зорилтоо, албан бичгийг босоо Монгол бичгээр бичүүлэхгүйн төлөө ухамсарт амьдралаа зориулна гэж тодорхойлсон болохоор арга ч үгүй юм байна.

Монгол Кирил үсгийн зохиогч, академич Ц.Дамдинсүрэн “Зарим хүн хуучин монгол үсэг удахгүй устах ба яршигтай бүдүүлэг тул сургах хэрэггүй мэт санана. Энэ бол их хэмжээний мангуу бодол мөн. Зарим нөхөд монгол үсгийн дүрмийг бүдүүлэг муу гэж битүүлгээр басамжлан сурахаас түвэгшээнэ. Хянаваас бас чухал шалтгаантай бөгөөд өөрийн хэлэнд чармайн зохилдуулсан нь илт учир утгыг ухаж мэдэхийг хичээвэл зохино” хэмээн сануулж байв.

Шинэ бичгийг хамгаалах хорооныхон УИХ-аас Монгол хэлний тухай Монгол Улсын хууль баталснаас хойш хуулийг санаачлагч хатагтай М.Батчимэг рүү дайрлаа. Энэ 2015 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжих уг хуульд “7.2. Энэ хуулийн 11.12-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. 7.3. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана… 24.1. Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн нь ШБХХ-ныхны дургүйг хамгийн ихээр хүргэжээ.

Тэдний яриагаар бол “Батчимэгийг маш сайн улстөрч болох юм байна. Эмэгтэй Ерөнхийлөгч ч болох байх” гэж харж байтал буруу алхам хийсэн аж. Хэрвээ уг хуулийг санаачлаагүй бол М.Батчимэг гишүүн Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох байсан, нэгэнт санаачилсан учраас одоо өнгөрөө гэж илт орон гаран магадлал ярьж сууна. Уг нь ШБХХ-ныхон М.Батчимэг гишүүнийг муулахдаа худлаа ч гэсэн судалгааны төвүүдийн нэр барьж ярьсан бол үнэмшилтэй сонсогдох байсан юм.

Тус хорооны тэргүүн, эрхэм зохиолч бас ярьж байнаа. Тэрээр,
-Кирил үсгийн ихэнх нь Хэнтий аймгийн Рашаан хадны хадан дээр сийлэгдсэн, айл бүхэнд адууны тамга болон хадгалагдаж байна. Жишээлбэл, онги тамга О, алхан тамга Т, шатан тамга Н үсэг гэх мэт хэмээн тайлбарлалаа.

Шинэ бичгийг хамгаалах хороон даргын энэ ярианаас харахад Болгарын ах дүү Кирил Мекоди, Константин Мекоди нар манай тооллын 863 онд Кирил үсгийг зохиосон гэдэг нь худлаа болж таарав.

Түүний ярианд итгэж ургуулан бодох аваас I Петр хаан 1708-1710 онд өөрийн гараар засварлан шинэ дүрс зурлага хийж Орос орон даяар хэрэглэсэн тэр үсгийн эх зохиогч нь ах дүү Мекоди биш манай Хэнтийн Рашааны өвөг монголчууд юм байна.

1917 оны Октябрийн хувьсгалын дараа социализм байгуулж эхэлсэн шинэ оросуудаас “Шинэ зөв бичих зүйн дүрэм гаргах хууль”-даа суулгаж засч өөрчлөн орон даяараа хэрэглэсэн Орос цагаан толгойн 33 үсгийн эх загвар нь мөн л Рашааны өвөг монголчуудынх болж таарлаа. Эцэстээ 1941 онд босоо Монгол бичгийн оронд авч нийтээр хэрэглэсэн Орос цагаан толгойн гэх 33 үсэг чинь харийнх бус чин зоригт өвөг дээдсийн минь өв эрдэнэ болоод явчихав. Академич Ц.Дамдинсүрэн гуай өвөг дээдсийн зохиосон 33 үсэг дээр өөрийн зүгээс ө, ү-г нэмээд 35 болгож Цагаан толгойн ном хийсэн байхаар хадуурлаа. Цааш нь сайтар тунгаавал тус хорооныхон өөрийн байгууллагадаа нэр өгөхдөө “Кирил бичгийг хамгаалах хороо” гэлгүй “Шинэ бичгийг хамгаалах хороо” гэсэн нь уг бичгийн эх зохиогчидтой холбоотой гэж уншигдаж байна.

Гэвч “онги тамга О үсэг, алхан тамга Т үсэг, шатан тамга Н үсэг” гээд байгаа нь урьд нь аягүй их сонссон яриа, тархи угаалтын хэллэг шиг санагдаад ой тойнд ойрхон байна шүү.

Тухайлбал “ещё раз” гэсэн орос үгийг “өшөө араас” гэсэн монгол үг гэж мушгиж тайлбарлахтай адил байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан үзмэрчийн “Чингис гэдэг бол Чанга ас гэсэн үг. Монгол гэдэг бол Мөнх гал гэсэн үг” хэмээн эрчилж тайлбарласантай ижил байна .

Монголын ард түмний өмнөөс гэж том хайрцаглаад яах вэ, бид мэтийн гэж энгүүнээр өөрсдийгөө нэрлээд онцлон хэлэхэд М.Батчимэг нараас санаачлан Билгийн тооллын морин жилийн төгсгөлд Монгол хэлний тухай хууль батлуулсан нь Аргын тооллын 2014 оны сүүлчээр 67Р/Чурюмов-Герасименко сүүлт одон дээр “Филае” робот буусантай тэнцэхүйц онцгой үйл явдал байв. Энэ бол хөөрөгдөлт биш.

Харин бид, Шинэ бичгийг хамгаалах хорооныхон хадны сүг зураг судалж байгааг андуурч эндүүрэн тэднийг хэлшинжлэлийн эрдэмтэд хэмээн хөөрөгдөөд байгаа юм биш биз. Болгарын ах дүү хоёрыг үгүйсгээд, босоо Монгол бичгээ үгүйсгээд байгааг нь шинжихэд тэд хэлшинжлэлийн террористууд ч байж мэдэх нь ээ.

 
Б.ДОРЖСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих