“Монголын хууль гурав хоног” буюу бодлогын судалгаагүй төр
Их Монгол улсын үед “Монголын хууль гурав хоногт” гэдэг үг анх гарсан гэдэг юм билээ. 800 гаруй жилийн тэртээ утсан холбоо гэж байсангүй. Интернэт байтугай онгоц, машины ч сураг гараагүй байсан цаг. Гэвч морин өртөөгөөр дамжин Монголын хууль өргөн уудам газар нутгийнх нь өнцөг булан бүрт гурав хоногтоо багтаад хүрчихдэг, тэгээд хэрэгжээд эхэлдэг байжээ. Иймээс л “Монголын хууль гурав хоногт” гэдэг үг анх үүссэн гэдэг юм байна.
Ардчилсан Монгол Улсын үед ч “Монголын хууль гурав хоногт” гэдэг үгийг хэрэглэж, ашиглаж байна. Интернэттэй, фэйсбүүктэй, твиттертэй, гар утастай болчихсон энэ цагт уг нь энэ үгийн хэрэг гэж баймааргүй юм шиг. Гэвч хэрэглэж байна, хэрэглэхдээ УИХ-ын баталсан хууль “гурав хоног” болоод л хэрэгжихээ больдог гэдэг утгаар нь ашиглаж байгаа юм.
Их ялгаатай байгаа биз. XIII зууны үеийн “зэрлэг” монголчууд, XXI зууны хууль дээдэлдэг, хуулийн засаглалтай монголчуудын ялгаа ийм л байна. Гэхдээ хууль хэрэгждэггүй энэ байдал нь зарим талаар УИХ-ын баталсан хуулиас, улстөрчдийн гаргаж буй шийдвэрээс нь болж байгаа. Өөрөөр хэлбэл, амьдралд тэр бүр нийцэхээргүй, туршигдаагүй, хангалттай судалгаагүйгээр хууль
баталснаас болж тэрийгээ “гурав хонолгүй” өөрчлөх шаардлага гарч байх шиг. Эмэгтэй гишүүд гэрийн асуудлаа төрийн хууль болгох гээд байна гэдэг үг ч үүнээс үүдэлтэй байх. Ямар боловч “Монголын хууль гурав хоног” болсон гурван жишээг өгүүлье.
1. Нийгмээс хамгийн их эсэргүүцэлтэй, бас дэмжлэгтэй байсан төсөл бол Тамхины хяналтын тухай хууль байв. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан энэ төслийг тамхи татдаг гишүүд нь ч дэмжиж саналаа өгснөөр УИХ-аас хууль болон батлагдсан. Гэвч батлагдсан өдрөөсөө шахуу шүүмжлэл дагуулж, ядаж л тамхи татдаг хүмүүсийн эрхийг бага ч болов хангах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд нь өөрсдөө илэрхийлж эхэлсэн. Үнэхээр ч энэ хуулийг судалгаагүйгээр гаргаснаас болж багагүй сөрөг үр дагавар гарсны нэг нь тамхи татах цэгтэй холбоотой байв. Баар, ресторандаа тамхи татахыг хуулийн дагуу хориглож, харин ч тусгай цэг, байгуулсан аж ахуйн нэгжүүдийг “хуулийн дагуу” тээд торгож эхэлсэн болохоор гомдол Тарах болсон. Ингээд л энэ мэт шүүмжлэл, бодит бэрхшээлээс болоод Тамхины хяналтын тухай хуульд гишүүдийн санаачилгын дагуу УИХ дахиад л өөрчлөлт оруулсан.
2. Одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхад Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан хуулийн нэг бол Хилийн боомтын тухай хууль байв. Хилийн боомтын асуудлыг хуульчлах ёстой гэж, боомтын нэгдсэн захиргааг заавал байгуулах ёстой гэж тзр үедээ Ч.Сайханбилэг танилцуулж байлаа. Харин өөрөө Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-д Засгийн газрын бүтэц, бүдүүвчийг оруулж батлуулахдаа боомтын захиргаагаа татан буулгаж, Хилийн боомтын хуулиа хүчингүй болгох төсөл УИХ-д өргөн барьсан юм.
Үүнийг төсвийн хэмнэлт, төрийн захиргааны байгууллагын давхардлыг арилгах, шат дамжлагыг цөөрүүлэх гэдгээр тайлбарлаж байв. Гэвч УИХ-аас баталсан хуулиа шуудхан цуцлахыг эсэргүүцээд Боомтын нэгдсэн захиргааг нь татан буулгах боломжийг нь Засгийн газарт олгож өгсөн юм: Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байх үед шаардлагагүй шахуу бүтэц батлуулсан нь үүгээр тодорхой болсон юм. Нэг ёсондоо Хилийн боомтын тухай хууль судалгаагүй төслийн нэг гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ үйлдэл баталсан.
3. Эхний жишээ гишүүдтэй, хоёр дахь нь Засгийн газартай хамааралтай байсан бол гурав дахь жишээ маань Үндсэн хуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын баталсан хууль нь амьдралд нийцэх ёстойгоос гадна, ядаж л Үндсэн хуультайгаа зөрчилдөхгүй байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч УИХ-ын баталсан хуулиуд Үндсэн хуультай зөрчилдөх нь олширч, Цэцээс хүчингүй болгох тохиолдол ч сүүлийн үед огцом нэмэгдлээ. УИХ-аас Шүүх байгуулах тухай хуулийг баталж, шүүхийн шинэчлэлийг хийчихлээ гэжбайсан ч саяхан Үндсэн хуультай зөрчилдөж буйг нь Цэц тогтоогоод хүчингүй болгочихлоо. Хамгийн сүүлд л гэхзд Цэцээс Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг энэ сарын 11-ний өдрөөс түдгэлзүүлсэн нь бас л Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзсэнийх.
“Монголын хууль гурав хоногт”-оо л хэрэгжихээ байдаг, тиймээс УИХ нь өөрчилж, Цэц нь хүчингүй болгодог энэ байдал төрийн ой санамж, судалгаатай л холбоотой. Ямарч судалгаагүйгээр, сэтгэлийн хөөрлөөр хууль батлаад байвал “гурав хоног” өнгөрөөд л өөрчлөх шаардлага тулгарах нь ойлгомжтой. Иймээс УИХ-аас батлах хуулиудаас тодорхой судалгаа, туршилтууд шаарддаг болъё. Хуулийг гардан баталж буй УИХ-ын гишүүдийг судалгаа, мэдээллээр бүрэн хангая. Тэдэнд бодлогын судалгаа өгдөг. мэдээллээр хангадаг бүтцийг бий болгож өгье. Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэргэд Судалгааны төв гэж байгаа боловч тэр нь хангалттай хэмжээнд гишүүдэд хүрч чадахгүй байгааг дээр өгүүлсэн гуравхан хуулиас харагдаж байгаа болов уу. Иймээс
бодлогын судалгааны төвийг намуудын дэргэд байгуулъя. Ирэх хаврын чуулганаар УИХ-ын хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намуудын, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг батлахдаа энэ бүхнийг тодорхой болгох хэрэгтэй байна. Одоо улс төрийн намуудад жил бүр суудлын мөнгө гэж гишүүнийх нь тоогоор 10 сая төгрөг өгдөг. Түүн дээр нь УИХ-ын гишүүдэд хууль санаачлах. судалгаа хийхэд гээд зориулж өгч байгаа 10 сая төгрөгийг нь нэмээд олгочихъё. Намууд нь бодлогын судалгаа хийдэг, гишүүд нь тэрийг нь УИХ-аар хууль болгон батлуулдаг бол улс төрийн намуудын төлөвшилдөө ч хэрэгтэй.
Тэгэхгүй бол өнөөдөр УИХ-ын гишүүд жил бүр төсөвтөө хууль санаачлахад судалгаа явуулах гээд 10 сая төгрөг тусгуулж авдаг ч түүнийгээ тойрогтоо ажиллахдаа зарцуулдаг нь олон. Юу гэвэл, 2012 онд буюу УИХ-д сонгогдсон цагаасаа хойш ганц ч хуулийн төсөл санаачлаагүй, санаачилсан ч бусдын өргөн барьсан төсөл дээр гарын үсэг зурж явсан гишүүн энэ парламентад нэг бус байна шүү дээ. Ядаж тэдний 10, 10 саяыг нийлүүлээд нэг хуулийн төсөл дээр мэргэжлийн судлаачид ажиллуулбал “Монголын хууль гурав хоног…” байхаа болих ч юм бил үү.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: