Сурвалжлага: Э.Бат-Үүлийн үүлэнд ниссэн шийдвэрийг автомашины ченжүүд эсэргүүцэж байна

zahУлаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд нэгэн томоохон бүтээн байгуулалт хийж эхэлсэн нь Сонгинорхайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Авто худалдааны цогцолбор”. Тус цогцолборыг олон улсын жишигт нийцүүлж, нийслэл доторх 34 цэг дээр явагдаж буй авто машины ил задгай худалдааг тийш нь нүүлгэх юм. Ингэснээр агаар, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний ачаалал буурна хэмээн албаныхан үзэж байгаа. Одоогийн байдлаар цогцолборт газрын дуудлага худалдаа явуулж нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр үнэлж байгаа. Нэг ёсондоо бүрэн шийдэгдчихсэн асуудал. Тэгвэл автомашины худалдаа эрхлэгчид эл шийдвэрийг анхнаасаа эсэргүүцсээр ирсэн. Нүүхгүй гэж гүрийж байгаа автомашины ченжүүд шинэ цогцолборын талаар мэдэх, судлахыг ч хүсэхгүй байгаагаа хэлж байна. Бид автомашины худалдаа эрхлэгчдийг “шинэ байрандаа” нүүж орохдоо хэр бэлтгэлтэй байгааг сонирхохоор “Да хүрээ” техникийн зах орсон юм.

Тус захад албан бус тоогоор 4000-5000 хүн ажил эрхэлдэг гэнэ. Тэдэн дунд  машин угаагч, сэлбэг зардаг хүмүүс, даатгалын компани, банк, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид бий. Мөн автомашины ченжүүд нэг машины зогсоолыг өдрийн 20 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Тэгэхээр зургаан машин зардаг хүн сард 360-иад мянган төгрөг түрээсэнд өгөх жишээтэй. Ченж нарын хувьд шинээр баригдаж байгаа автохудалдааны цогцолбор руу нүүх өчүүхэн бодол  байхгүй гэж байв. Тэд дундаасаа Үйлдвэрчний эвлэл байгуулаад тэмцэж байгаа гэнэ. Ингээд зарим автомашины худалдаа эрхлэгчдийн байр суурийг хүргэе.

Автомашины худалдаа эрхлэгч Ц.Баасанжав

Хүмүүс тийшээ зорьж очино гэдэг эргэлзээтэй. Шинээр баригдаж байгаа цогцолборт түрээс ямар байгааг мэдсэн, дуулсан юм алга. Баячууд газраа худалдаж аваад түрээслүүлэх байлгүй. Мэдээж түрээсийнхээ мөнгийг нөхөхийн тулд өндөр үнэ хэлэх байх. Сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар их буурч байна. Тэр хэрээр автомашинаа хурдан зарахын тулд үнээ бууруулж байна.Нэгдүгээр хороолол түгжрээ ихтэй учир шинэ цогцолбор бариад ч түгжирнэ. Тэнд бас өвлийн улиралд их хүйтэн байдгийг бүгд мэднэ. Би очиж үзсэн шороо боссон л газар байна лээ. Манай энүүгээр нүүх сонирхолтой хүн нэг ч алга. Энэ хавийн гэр хорооллын хүмүүс “Да хүрээ” захад  ирж жижиглэнгийн юм зарж байна. Эндээс амьдралаа залгуулж байгаа хүмүүс хэд байгааг бодож үзэх хэрэгтэй. Энэ бол амьдралаас хол тасарсан шийдвэр.

 

Автомашины худалдаа эрхлэгч У.Бат-Эрдэнэ

Шар хадны энэ зам түгжрээд байгаа юм байхгүй. Манай гэр Гачууртад байдаг. Тэгэхээр нүүлээ гэхэд 40-50 км газар явна. Э.Бат-Үүлийн буруу шийдвэрээс болж түмэн хүний амьдрал сүйрч байна. Шинэ цогцолбор барих гээд байгаа  газар чинь Улаанбаатарын бүх баас үнэртсэн, цэвдэгтэй газар. Том машины зогсоол 8-9 сая төгрөг гэсэн. Тэрийг хүчрэх хүн алга. Төр төмөр нүүрээ харуулаад нүүлгэвэл иргэд улам ядуурна. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсээ хүчээр тарааж байгаа юм чинь бид нар жагсаал хийгээд ямар ч нэмэр байхгүй биздээ. Өрөнд баригдах байлгүйдээ.

 

Автомашины худалдаа эрхлэгч Б.Баярсайхан

Сайхан нөхцөл бүрдүүлээд сайн дураараа нүүж очвол өөр хэрэг. Үнэ  нь хямд бол хүмүүс уралдаад л очино. Тэнд чинь талбайн түрээс, цэвэрлэгээний үнэ, харуулын төлбөр өгөх юм шиг байна лээ. Ер баруун, зүүн талдаа хоёр техникийн захтай байж болдоггүй юмуу. Түрээсийг судалж үзээгүй. Иргэдийнхээ амьдралд нийцэхгүй шийдвэр гаргачихаад хүчээр хэрэгжүүлнэ гэвэл ядуурал улам л нэмэгдэнэ.

 

Автомашины худалдаа эрхлэгч Б.Ганболд

Замбараагүй үнэтэй юм шиг байна лээ. Судалж үзсэн ойлгосон юм алга. Өрөнд баригдаад тэнд очих юмуу. Би энд арав гаруй жил наймаа эрхэлж байна. Түгжрэл гэж яриад байвал 100 айлаа нүүлгэх хэрэгтэй. Энэ ер дээгүүрээ яригдаж, шийдэгдэж байгаа том компаниудын лобби байх.  Машины наймаа өмд гутал, талхны наймаа биш. Зарагдахгүйгээ хүрвэл хэдэн сараар ч зарагддаггүй. Энд байгаа хүмүүст  ямар ч мэдээлэл алга.  Цөөхөн машин зардаг хүмүүс бол бизнесээ хумихад хүрч байна. Гурван машин тэнд аваачаад бүтэн өдөр зогсоод ямар ч хэрэг байхгүй. Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж ярьдаг мөртлөө бодит байдал дээр харин дампууруулж бизнесийг нь хумьж байгаа юм бишүү.

Мөн  шинэ цогцолборт очиж өрөнд баригдаж байхаар хэдэн машинаа зарчихаад ажилгүй байсан нь хамаагүй дээр юм. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна зарим автомашины худалдаа эрхлэгчид бухимдаж байсан юм. Харин бид Да хүрээ трейд компанийн менежер Ж. Чимидцэрэнгээс ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

 

Ж. Чимидцэрэн: Баруун,  зүүн гэсэн техникийн захтай болох хүсэлтийг тавьж байгаа  

-Техникийн захад ажилладаг хүмүүсийн зарим нь Гачууртаас ирдэг юм байна. Судалгаа байдаг уу?

-Манай захад албан бус тоогоор 4000-5000 хүн ажиллаж, амьдралаа авч явж байна. Энэ хүмүүсийн цаана гэр бүл нь бий. Дэлгүүр гэхэд худалдагч, ажилтан гээд 1-2 хүнтэй, автомашин зардаг хүмүүс туслахтай байдаг. Мөн эд нар өглөө 07:00 цагаас эхлээд орой 20:00 цаг хүртэл ажиллаж байна. Түрээслэгчдээс судалгаа авахад 70 гаруй хувь нь Баянзүрх дүүрэгт гэртэй юм байна. Энд бизнес эрхлэхийн тулд гэр орноо нааш нь нүүлгээд ажил амьдралаа цэгцэлсэн хүмүүс байна Тэгэхээр хотын нэгээс нөгөө зах руу нүүж гэр орноо тохижуулна гэдэг хэцүү.

-Түрээслэгчид эсэргүүцэж байна. Танай компани ямар байр суурьтай байгаа вэ?

Эсрэг байр суурьтай байгаа. Манай компани гэхэд үндсэн 70 гаруй ажилтантай. Мөн 4000-5000 түрээслэгч байна. Энд талбайн түрээс өдрийн хоёр мянга сарын 60 мянган төгрөг байдаг. Тэнд хэдэн төгрөгөөр түрээслэх талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй. Анх авто цогцолборын төлөвлөгөө гаргахад авто холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс санал аваагүй. Манайх нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа тэнд  газар худалдаж ав гэсэн. Нүүх зардалаас авахуулаад хэцүү.  Бусад орны жишгээр баруун зүүн талдаа хоёр техникийн захтай байж болохгүй юмуу хэмээн хөөцөлдөж байна. Энэ талбай дээр хэдэн жилийн өмнөөс автоцогцолбор барих талаар зураг төсөл батлуулаад хөөцөлдөж байна. Нийслэлээс  дэд бүтэц хөгжөөгүй гэдэг шалтгаар зөвшөөрөл өгөхгүй байна.

-Хүчээр нүүлгэхээр бол техникийн зах байгаа талбайн газрыг яах бол?

-Нүүх дээрээ тулбал энд өөр зүйл хийх байх. Газрын эрх улсын өмч. Гэхдээ энэ газрын эзэмших эрхийг манай компани эзэмшдэг. Газрын төлбөрийг  хотын А зэрэглэлийн бүс  гэдгээр нь өндөр төлдөг. Түрээслэгчид Үйлдвэрчний эвлэл  байгуулаад эсэргүүцэж байгаа. Ер нь яагаад баруун зүүн гэсэн хоёр  зах байж болдоггүй юм бэ. Нийслэлээс зөвшөөрөл өгвөл энд автоцогцолбор барьж болно.

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL: http://www.fact.mn/211311.html

Сэтгэгдэл бичих