Будилуулагчийг хэн хатгав?

0d1ba57134627e8abig

  АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос улс төрийн шаардлага тавина хэмээн хэвлэлийхэнд ханджээ. Эдийн засгийн уналт иргэдийн амьжиргааны хэт доройтол хавсрагатай бүрзгэр өдрүүд гээд гэгээлэг сайхнаар харагдаж мэдрэгдэх зүйл тун ч ховор энэ хавар. Улирал, улс төрийн сонгууль дагаж сэдэрдэг “синдром”-той нөхдөд харин хямрал доройтол нөлөөлөхгүй. Юуг яаж өлгөж хэрхэн өдөж хатгахыг дэвэргэхээр гэнэтхэн гараад ирж байна. АН-ыг ихээхэн бужигнуулж нэр хүндийг нь багагүй сэвтүүлсэн нөхөр бол АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар. Дуулианы эзэн болж, будилуулсаныхаа шанд АН-аасаа, Өвөрхангай аймгийн АН-ын даргын суудлаасаа зайлуулагдсан энэ нөхөр юуны учир гэнэтхэн гарч ирэх болов? Түүний тавьсан шаардлага өөрийнх бодож олсон сэдэв байв уу? АН, эрх баригчид нэр төрөө шороотой хутгуулсан энэ нөхрийг сумлав уу? гэдэг нь одоогоор тодорхой биш. МАН-ын байр Тусгаар тогнолын ордонг барихад Улсын төсвөөс зарцуулсан 11 тэрбум төгрөгийг нэн даруй улсад тушаах ёстой. Эс тэгвээс 2016 оны УИХ-ын сонгууль болоод бусад шатны сонгуульд оролцуулахгүй, үйл ажиллагааг нь зогсоох юм гэнэ шүү. Хаяагаа хадарч, тогоо руугаа нулимчихдаг барьцгүй нөхрийн үгээр үйл ажиллагаа нь зогсоод улс төрийн сонгуульд оролцож чадахгүй болчих улс төрийн хүчин МАН биш гэдгийг өөрөө ухаж ойлгож чаддаггүй юм бол тайлбарлаад өгчих чадвартай нь түүний хүрээлэлд бас байхгүй бололтой дог шүү. Эдийн засагч, хуульч, түүхч гээд тал талын боловсрол эзэмшсэн гэх энэ нөхөр улс төрийн шаардлага тавина гэж зорихдоо уг асуудлаа судласан л баймаар юм уг нь. Т.Хасбаатарын шаардлагаас үүдэн Тусгаар тогтнолын ордонг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргах болсны учир шалтгааныг эргэн харлаа. Хэрэг явдал 2008 оны 7-р сарын 1 нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууныг үүсгэсэн жагсаал цуглаанаас үүдэлтэй. Энэ жагсаал цуглаан зохион байгуулалтанд орж чадаагүйгээс нөхцөл байдал хүндрэн хүчирхийлэлд хүрч олон хүний эрүүл мэнд, амь нас хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устахад хүрсэн. Үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэсэн хүчний байгууллагын ажилтанууд, энгийн таван иргэний амь нас, галдан шатаалтанд өртсөн МАХН-ын байр болон ААН байгууллага гээд их хэмжээний хохирол амссан. Хэрэг явдал болсоноос яг нэг жилийн дараа гарсан хохиролыг барагдуулах УИХ-ын тогтоол 2009 оны 07 сарын 09 ний өдөр гарсан байдаг. Хохирогчид хохиролын хэмжээнээс хамаарч төрөөс нэг удаа нөхөх олговор авахаар зааж, олгох журмыг Засгийн газар батлахаар тогтоосон байна. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бодит хохирлын хэмжээний дагуу нөхөх олговорын мөнгөний эх үүсвэрийг улсын төсвөөс гаргана. Олгоход шаардагдах хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж, олгох ажлын явц, дүнг улирал бүр Засгийн газарт танилцуулж тайлагнаж байхыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасан байдаг. УИХ-аас гарсан хууль Засгийн газрын тогтоол Шүүхийн шийдвэрийн хүрээнд хохирогчид хохирлоо барагдуулсан. Тухайн үеийн МАХН ч хохирлын хэмжээгээ тогтоолгож, эд хөрөнгийн үнэлгээгээ УМБГ газраас томилсон М.Ганбаатар даргатай үнэлгээний комисс болон хөндлөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК, Нимм аудит ХХК, Далай ван аудит ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв зэрэг дөрвөн компаниар хийлгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ингээд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалсан шүүх хуралдаанаас МАХНамд 11.798.100.000 /арван нэгэн тэрбум долоон зуун ерэн найман сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учирсныг тогтоож хохиролыг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн байдаг. Хууль хүчин төгөлдөр болж шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар бол 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийг хянуулахаар бол 30 хоногт гомдол гаргах эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. Хууль бусаар улсын төсвөөс хөрөнгө гаргуулж намын байр бариулсан гэж үзэж байсан хэн нэгэн байсан бол дээрх заасан хугацаанд гомдол гаргах бүрэн эрх байв. Тухайн цаг үеийн УИХ, Засгийн газар өнөөгийн эрх баригчидтай хамтарсан байсан гэдгийг бүгд мэднэ. МАХН-аас угшилтай нөхөд дангаараа дур мэдэн шийдвэр гаргаагүй. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх нэрийн дор 700 гаруй хүнийг хоморголон баривчилж иргэний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлснээр “7 сарын 1-ний буюу Үймээн самууны хэрэг” хэмээн нэрлэгдсэн энэ гэмт хэрэгт 450 гаран хүн сэжиглэгдэн шалгагдаж 300 гаад хүн яллагдагчаар татагдан 270 орчим иргэнийг “2008 оны 6 сарын 29 ний өдрийн УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцэж зарим нам, хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцож МАХН-ын төв байр, СТӨ-ний байр руу дайрч түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах эд хөрөнгө устгах, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг бий болгон” оролцсон гэх үндэслэлээр шүүхээс 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Нөхцөл байдал иймдээ тулахад ардчилсан ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг санаачлан баталсан. Ингэж “7 сарын 1-ний буюу Үймээн самууны хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэргийн хохирогчдын хохиролыг барагдуулах, шийтгүүлэгсэд өршөөгдсөн хууль нэг өдөр мэндэлсэн юм. АН МАН хоёр хамтарсан байхад энэ хэргийн шийдэл нэг тийш болсоныг дахин онцлох нь зүйтэй. 2012 онд өнгө хөрвөсөн ч өнгөрсөн хугацаанд АН засаг барьж чаддаггүй гэдгээ дахин нотлож МАН-ыг гуйн байж өнөөдөр ч хамтарсаар л байна. Ардын намын байр дан ганц улсын төсвөөс барагдуулсан хохиролын 11 тэрбумаар босоогүй гэдгийг гаднаас нь харсан хэн ч хэлнэ. Намаа хөөддөг биш, бөөцийлөх сэтгэлтэй олон мянган гишүүд дэмжигчдийн хандив тусламж халуун сэтгэл шингэсэн бүтээн байгуулалт болсон. Жингийн цуваа явж л байдаг замын нохой хуцаж л байдагчлан будилуулагчийн шаардлага хуулиас давах чинээнд хэн ч бодохгүй нь лавтай.


URL:

Нэр: Иргэн Огноо: 13 March 2015

Энэ балай чинь зүгээр л морин хуурч нөхөр шүүдээ,Японд хараар ажил хийж байсан…Хэзийдээ хуульч,эдийн засагч,улс төрч болчихсон юм бэ??? Жинхэнэ залилангийн нөхөр шүү Хасбаатараа мөнгөө авая ааааа….

Сэтгэгдэл бичих