Орон нутгийн үйлдвэрүүдтэй танилцаж байна
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан, Орхон аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот дахь зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тэгвэл энэ өдрүүдэд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс орон нутагт ажиллаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа аж. Төрсөн нутгаасаа томилолтоо эхлүүлсэн тэрбээр энэ сарын 11-нд Зүүнхараа дахь зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Тодруулбал, ТОСК-ийн 126 айлын орон сууцны барилгын явц, “Спирт бал бурам”, “Чансаатай” гутлын үйлдвэр, УБТЗ-ын харьяа “Төмөр замын дэр модны үйлдвэр”, вагон депо, “Хүлэмж, зоорийн цогцолбор”-ийн нөхцөл байдалтай танилцаж, үйлдвэрлэгчидтэй санал солилцсон байна.
Аж үйлдвэрийн сайд хамгийн эхэнд “Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэр”-ийн төсөлтэй танилцаж, вагон депогийн үйл ажиллагаатай танилцсан байна. УБТЗ-ын харьяа Зүүнхараа дахь вагон депо нь өдөртөө найман вагон засварлах хүчин чадалтай. Жилдээ 2400 гаруй бүх төрлийн ачааны вагон засварлах хүчин чадалтай. Тус вагон депо 2006 онд “Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэр”-ийн төслийг Эрхүү хотын Зам харилцааны их сургуультай хамтран эхлүүлжээ. Улмаар 2007 онд үйлдвэрийн барилгыг, 2012 онд Б блокийг барьж ашиглалтад оруулсан байна.
й
Төсөл хэрэгжүүлэгч УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Вагоны аж ахуйн алба” одоогийн байдлаар нэг тэрбум 345 сая 800 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлээд байгаа аж. Тус вагон депо үндсэн долоон цехээс бүрддэгийн нэг нь хос дугуй угсрах, засварлах цех аж. Одоогийн байдлаар УБТЗ-д 12600 орчим хос дугуй эргэлдэж байдаг аж. Харин хос дугуйн их засварыг дотооддоо бүрэн хийдэг болох нь эн тэргүүний асуудал болоод байгааг энэ үеэр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар дуулгасан байна.
й
Тус вагон депод таван төрлийн хос дугуйн их засварыг хийж, гүйцэтгэдэг боловч өөр дөрвөн төрлийн засварыг хийх боломжгүйгээс ОХУ руу явуулдаг. Тиймээс “Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэр”-ийг ашиглалтад оруулснаар ОХУ-д хийгддэг дөрвөн төрлийн засварыг дотооддоо хийх бүрэн боломж бүрдэх юм. Төслийн урдчилсан тооцоо, үндэслэлээр одоогийн цэвэр өртөг 5.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын эргэж төлөгдөх хугацаа 12 жил аж. Одоогоор 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсад анх удаа хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй үйлдвэрлэх боломж бүрдэхийг дуулгаcан байна.
бы
Уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монголд анх удаа хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй үйлдвэрлэж, дөрвөн төрлийн их засварыг дотооддоо хийж, валютын урсгалыг сааруулж, хос дугуй гаднаас худалдан авах зардлыг 20 орчим хувиар бууруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна ОХУ-д хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй засварлах үнэ жилээс жилд өссөөр одоогийн байдлаар таван сая төгрөгт хүрсэн байна. Гэтэл шинэ хос дугуй худалдаж авах нэгж өртөг нь 5000 ам.доллар байдаг гэв.
УБТЗ-аас гадна бусад эзэмшлийн төмөр замууд үүсч, улсын хэмжээнд 2008 онд 3280 орчим байсан вагоны парк бараг хоёр дахин нэмэгдэж, 6600 болсон байна. Улмаар вагонд шаардлагатай хос дугуйн хэрэгцээ ихэсч байгаа гэв. Үүний дараа “Төмөр замын дэр модны үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү үйлдвэр Орос Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн харьяанд байдаг аж. Өмнө нь Мандал болон Ерөө сумын нутаг дэвсгэрт долоон мянган га ойн сан эзэмшиж, дэр модны зориулалтаар түүхий эдээ бэлтгэдэг байсан аж. Үйлдвэр 50 жилийн хугацаанд тус газраас түүхий эдээ бэлтгэсэн учир модны нөөц нь ч үндсэндээ дууссан. Тиймээс үйлдвэрийн зориулалтыг өргөсгөж, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсныг удирдлагууд нь дуулгалаа.
й
Үйлдвэрт технологийн шинэчлэл хийж, үйл ажиллагааг өргөжүүлэхэд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай. Харин УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 600 сая төгрөгийн асуудлыг нь шийдэхээр болжээ. Үүний 50 хувь буюу 300 сая төгрөгийг нь шийдвэрлээд байгаа аж. Харин үлдсэн санхүүжилтийг шийдэж өгөхийг энэ үеэр Аж үйлдвэрийн сайдаас хүссэн юм. Тус үйлдвэрийн технологийн шинэчлэлд шаардлагатай байгаа 900 сая төгрөгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс шийдвэрлэхээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат илэрхийллээ. Одоогийн байдлаар тус үйлдвэр гурван бүлгийн 36 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Цаашид үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүх төрлийн модон эдлэл, тавилга үйлдвэрлэж, дотоодод төдийгүй гадаад зах зээлд өрсөлдөх бүрэн боломж байгааг энэ үеэр Аж үйлдвэрийн сайд онцоллоо.
аө
Үүний дараа Аж үйлдвэрийн сайд “Зүүнхараад үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий гутал үйлдвэрлэгчийнд зочилсон байна. “Чансаатай” гутлын цех Зүүнхараагийн дөрвөн томоохон байгууллагатай гэрээлэн ажиллаж, тусгай хэрэгцээт гутал нийлүүлдэг байна. Өнгөрсөн 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ эхлүүлсэн тус гутлын цех цаашид 100 сая төгрөгөөр үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажилчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлсэн юм.
Зүүнхараад баригдаж буй “Хүлэмж, зоорийн цогцолбор”-ын барилгын ажилтай танилцсанаар энэ өдрийн ажил өндөрлөсөн юм. Тус цогцолборын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ гурван тэрбум төгрөг. Үүний 2.5 тэрбумыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэн бөгөөд үлдсэн 500 сая төгрөгийг ч төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх юм. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Зүүнхараагийн нэрийн хуудас болсон төмс, хүнсний ногооны хадгалалтад сэтгэл чилэх асуудалгүй болох юм. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэхүү цогцолборыг цаашид кластерын системээр хөгжүүлж, төмс, хүнсний ногоог хагас болон бүрэн боловсруулах үйлдвэр байгуулж, ногоочдыг нэгдсэн системээр зах зээлд борлуулалт хийдэг болохыг санууллаа. Өрх бүхэн хашаандаа ногоо тариалж, жилийн жилд хөлс, хөдөлмөрөө үнэгүйдүүлдэг байдлаа халж, нэгдсэн бодлого, нэгдсэн системтэйгээр тариалалт эрхэлж, борлуулалт хийдэг болох цаг ирснийг тэдэнд анхааруулжээ.
Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтой, газар тариалангийн өлгий нутаг Зүүнхараад боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулснаар өнөөдөр тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэх гарц болохыг ч дурдлаа. Мөн Зүүнхараад ТОСК-ын 126 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд есөн давхар, цахилгаан шаттай анхны орон сууцны барилга болох юм. Харин өчигдөр Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 36 сая 136 мянган тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь 36 жилийн түүхэн дэх рекорд амжилт юм. Баяжмал дахь цэвэр зэс 119 мянган тонн гаргасан нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн томоохон амжилт юм. Тус үйлдвэр өнгөрсөн онд 167 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ оны эхний хоёр сард төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн бөгөөд зэсийн нөөц дуусч байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгджээ. Өнөөдөр тэрбээр Дархан-Уул аймагт, маргааш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад ажиллах юм байна.
URL: