Хар хорхойны нүүдэл нийслэлийг бүрхэв
Хотын гудамжинд алхаж яваа хүмүүс гэнэт хашгирах, дороо цовхчих, гараа сарвагнуулан ямарваа нэг зүйлээс зугтаахыг хараад зарим хүн сэтгэцийн асуудалтай юм байна хэмээн андуурч мэдэхээр байна.
Энэ байдлыг холоос харсан хүн бол бүр өөрийнхөө бодолд үнэмшиж ч мэднэ. Учир нь цовхчин, ямарваа нэг зүйлээс айж байгаа хүнийг зайнаас харвал хий юмтай харьцаж буй мэт дүр зураг харагдана. Нэгэнт ингээд ойлгочихсон хүн бол Улаанбаатар хотод сэтгэцийн эрүүл мэндийн асуудалгүй хүн гэж байна уу хэмээн гайхах биз. Харин яагаад нийслэлийн гудамжаар хүмүүс цовхчиж явааг мэдсэн хүн бол тэнд хүмүүс хуйлрахад эргэн тойрноо ажиглаж, их л сэрэмжтэй алхана.
Хөдөөгийнхөн андахгүй биз ээ. Зуны аагим халуун өдрүүдэд үхэр, тугал оодогнон хашаа, гэр ер нь замд тааралдсан бүхнээ нураах гэм бий. Нэг ёсондоо хэдгэнэнд хатгуулсаар байгаад мал орчиндоо юу болж байгааг үл анзааран хүнээр төлөөлүүлвэл “хагас галзуу”-гийн байдалд шилждэг.
Үхэрнүүд хэдгэнэ дуугарч байгаа мэт авиа гаргахад ахиад л үсэрч, цовхчин, сүүлээ өргөн алга болж өгнө. үүнтэй адилтгаж болохоор зүйл нийслэлд нүүрлээд байна. Энэ нь таны зам дээр хэдэн арваараа тааралдах эвэрт хар хорхой юм. Хэд хоногийн өмнөөс нийслэлд энэхүү хар хорхой олноор үзэгдэх болсон билээ.
Гэхдээ энэ хар хорхойны тархалт хотод харилцан адилгүй байгаа аж. Тодруулбал, зарим дүүргийн нутагт энэ хорхой нь маш олноороо байгаа бол зарим газар хааяа нэг харагддаг тохиолдол бий гэнэ. Хорхой олноороо байгаа газар машин замд дайруулсан хорхойнууд бишгүй тааралдаж байгаа талаар хүмүүс ярьж байна.
Мөн энэ хорхой нь айлын хашаанд үүрлэсэн тохиолдол ч байна. Нэг үүрнээс 4-5 хар хорхой гарч ирсэн талаар гэрийн эзэд ярьж байв. Насанд хүрсэн хүний эрхий хурууны дайтай энэ эвэрт хар хорхой нь өндөрт нисдэг ажээ. Тодруулбал, орон сууцны байрны дөрөвдүгээр давхарт амьдардаг айлын цонхоор орсон тохиолдол гарчээ.
Ер нь манай орны нутгаар эрвээхэй, царцаа, хар хорхойн нүүдэл болж байгаа юм байна. Ховд аймгийн нутгийн баруун хэсгээр Сибирийн хур эрвээхэйн нүүдэл болж байгаа аж. Мән Хэнтий аймгийн бүс нутагт долоогоно, байцааны цагаан эрвээхэй олширчээ. Түүнчлэн арав гаруй жилийн өмнөөс эрвээхэй, царцаа, хар хорхойн нүүдэл эхэлсэн байна. Энэ нь байгаль, цаг уурын өөрчлөлт, нарны идэвхжилттэй холбоотой болохыг эрдэмтэд тогтоожээ. Харин малчид хорхойны нүүдлийг хатуу өвөл болохын шинж хэмээн үзэх нь бий. Нийслэлийн иргэд энэ хорхойны талаарх мэдээлэл дутмаг байгаагаас ихэд эмээж байгаа юм.
Учир нь хүмүүс уг хорхойг хортой эсэх, хүн хазвал халдвар тарааж мэднэ хэмээн болгоомжилж байна. Тиймээс Биологийн хүрээлэнгийн Шавьж судлалын лабораторийг зорьж энэ талаарх мэдээллийг авах гэсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь эзгүй байлаа. Ер нь хар хорхойн нүүдэл зөвхөн энэ жил болж байгаа содон зүйл биш юм.
Тухайлбал, Нийслэлд 2008, 2010 онд хар хорхойн нүүдэл болж байсан. Тэр үед мэргэжилтнүүд уг хорхойг хортон шавж биш хэмээж байсан билээ. Ер нь цаг агаарын таагүй байдлаас болж хорхой шавж ийнхүү нүүдэллэх тохиолдол байдаг ажээ. Ямартай ч Улаанбаатар хотод хар хорхойнууд хаа сайгүй тааралдсаар байна.
Ж.Амар
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: