Өөрсдөдөө зориулсан хууль

Хоттой хонинд хулгай сэм ордог шиг зарим хуулийн заалт нам жимхэн байж байгаад өөрчлөгдчих юм. Монголд хууль “үйлдвэрлэдэг” ганцхан газар бий. Тэр нь Улсын Их Хурал. Өнгөрсөн жил буюу 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд өөрчлөлт оруулж, зургадугаар зүйлийн 6.9.2 -д “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалтыг хүчингүй болгосон байна.

Харин 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ хэмээн заажээ.

Гишүүд өөрсдийн дархан байдал, хуулийн хамгаалалтаа зузаатгасан нь дээрх өөрчлөлтөөс хамгийн түрүүнд анзаарагдаж байгаа биз. Тэд халдашгүй байдлаа ийн алхам алхмаар чангатгаж байгаа нь эргэлзээ төрүүлж, хар дагуулж байгаа юм. Үнэхээр эрхэм гишүүд маань энхийн цагаан тагтаа л юм бол ингэж өөрсдийгөө тойруулсан хуулийн хамгаалалтын хана хэрмээ дахин дахин бөхөлж бэхлээд байх хэрэг байгаа юм уу.

Сүүлийн үед Их Хурлын хэд хэдэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай шум дэгдээд байгаа. Гишүүн Х.Наранхүүг Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэсэн мэдээлэл түгж байна. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, хөрөнгө мөнгө завшсан гэж яригдаж байгаа. Монгол банкны ерөнхийлөгч асан, эдүгээгийн эрхэм гишүүн О.Чулуунбатын хэрэг гэж яригдсаар хэдэн жилийг үзэж байна.

С.Эрдэнийг нийгмийн даатгалын хөрөнгө мөнгөтэй холбогдуулан шалгалаа ч гэх шиг. Энэ мэтээс харвал Их Хуралд чинь хэн ирдэг байна аа гэж бодогдох үе бий. Үнэхээр л хуулийн хамгаалалт хэрэгтэй болсон хүмүүс ийшээ зүтгээд байдаг юм биш биз гэсэн хардлагыг нийгэмд бөмбөрүүлээд байна.

Нөгөө талаасаа Улсын Их Хурлын тухай хуульд өөрсдийгөө дархалсан өөрчлөлт хийсэн цаг хугацаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Дээр иш татсан хуулийн өөрчлөлтийг 2010 оны 12 дугаар сарын 30-нд оруулжээ. Монголчууд энэ үеэр юун хууль сонирхох манатай, шинэ жилээ тэмдэглээд манаргаж явдаг үе. Хүмүүсийн анхаарал улс төрөөс холдсон ийм л үеэр Их хурлынхан зэд гүйлгэчихсэн хэрэг.

Ер нь ч тэгдэг уламжпалтай. Цаанаа тохироотой, наанаа тохуутай энэ мэт хуулийг наадам, шинэ жил, цагаан сарын өмнөх өдөр баталчихдаг зуршилтай хүмүүс. Яг л энэ зуршлаараа тэд өөрсдөдөө зориулсан хуулиа ийн сэмхэн баталчихаж. Тэгээд одоо цээж гэдгэр, сэтгэл тэнэгэр байгаа нь энэ.

УИХ-ын гишүүн Д.Дондогийн гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор хоёр удаа тавиад байгаа. Энэ асуудал одоо гурав дахь удаагаа яригдаж, Улсын прокурор Их Хурлын Тамгын газар хоорондын хэрүүлийн алим болох янзтай. Гэвч мөнөөх хуулийн бамбай, Тусгай хяналтын дэд хорооны шийдвэрэээр түрүү барьж “Би буруугүй ээ. Шалгуулах шалтгаан байхгүй ээ гээд” сууж байна.

Тэр буруугүй байж болно. Тэгэх тусмаа шалгуулах ёстой юм биш үү. Ядахнаа тэртэй тэргүй олны дунд хардлага сэрдлэгэд өртөөд байгаа нэр төрөө сэргээлгэж авчихаад төрийн түшээ хүн шиг тэвхэлзэж явахыг хэн байг гэсэн юм. Нэр цэвэр мөр цагаан хүнд бол хуулиас дөлж цэрвээд байх шалтгаан юу ч байхгүй.

Ер нь бол ганц Дондог ч биш. Гурван жилийн өмнө УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын прокуророоос тавьж байсан. Гэвч УИХ-ын Тусгай хяналтын хороо дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж байсан юм даг. Тэгэхээр эрхэм гишүүд Тусгай хяналтын дэд хороо гэсэн сум үл нэвтрэх хантааз өмсчихөөд хориглолтонд сууж байдаг гэсэн үг.

Хэвлэл мэдээллийнхний онцлох дуртай нэг ишлэл байдаг. Тэр нь хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт Их Хурлын гишүүд халдашгүй байдал гэдгээр эцэг хуулийн энэ заалтыг гажуудуулж байна. Өөрөр хэлбэл, халдашгүй байдал гэдэг нь өөрөө хууль зөрчих шалтгаан болох ёсгүй.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1-ийн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт их эргэлзээтэй, хоёрдмол санаатай ойлгогдоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл, яг үйлдэл дээрээ л чихдүүлчихээгүй бол түүнийг гэм буруутайд тооцохгүй гээд ч байгаа юм шиг. Чухам өөрсдөдөө зориулсан хуулийнх нь холбирч хөрвөж болох иймэрхүү агуулга нь тэднийг хуулийн тойргийн гадна ташаа тулан ханхалзахад хүргээд байгаа юм биш биз.

П.Булган
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих