”Хоёр сая төгрөгөөр ШУТИС, СЭЗДС, СУИС-д баталгаатай оруулна” гэв

Социализмын үед хэн мэдлэгтэй нь улсынхаа томоохон их, дээд сургуулиудад сурч, улсаас тэтгэлэг авдаг байлаа. Харин одоо хэн мөнгө, эрх мэдэлтэй байна, тэр хүн төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудад ямар ч шалгуургүйгээр ордог гэхэд хилсдэхгүй болж. үүний нэг баталгаа нь “Таныг хүссэн аль нэг улсын их, дээд сургуульд найдвартай зуучилж оруулж өгнө”, ШУТИС-ийн хуваарь худалдаж авна зэрэг зар юм.

Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэгчээр энэ мэш “наймаа” байдаг болоод л ийм төрлийн зар оршсоор байгаа биз ээ. Интернэтэд www.unegui.mn, zar.mn гэсэн захын хоёр сайтад ороход дуртай их, дээд сургуульд саадгүй оруулж өгнө гэсэн зар пиг байна.

-СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуульд нэг хүүхэд оруулна. үнэ хоёр сая төгрөг гэсэн зарын дагуу ярьлаа.
-Сайн байна уу? Зарын дагуу ярьж байна. СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуульд оруулж өгнө гэсэн үү?
-Тийм ээ.

-Яаж оруулах вэ. Сүүлд нь ямар нэгэн асуудал гарахгүй байгаа?
-Хоёр сая төгрөг өгөх юм бол яриад шууд оруулаад өгнө.

-Жаахан ярьж болохгүй юу?
-Нэг сая 300 мянган төгрөгөөр баталгаатай оруулж чадна. Энэ хамгийн хямд үнэ. Үүнээс доош боломжгүй.

-Шалгалтын дүн хамаагүй юу?
-Тэр хамаагүй ээ.

-Та өөрөө тэр сургуульд ажилладаг юм уу?
-үгүй ээ. Би өөрөө төмөр замд ажилладаг.

-Яг баталгаатай юу?
- Баталгаатай. Манай эгч тэнд ажилладаг болохоор оруулж чадна.

-Тэр хүн тань яг ямар ажил хийдэг хүн юм бэ?
Тэрийг хэлэх боломжгүй ээ.

Дараа нь “ШУТИС-ийн МИС-д гурван хүүхэд оруулж өгнв” гэсэн зарын дагуу залгасан юм.
-Зарын дагуу ярьж байна. ШУТИС-ийн МИС-д оруулж өгнө гэсэн үү?
- Тийм ээ. Өөрөө энэ жил төгссөн юм уу
-Тийм ээ.
- Шалгалтын оноо чинь хэд билээ. Ямар хичээлүүдээр шалгалт өгсөн юм бэ.

-Математик, физик, газарзүйн шалгалт өгсөн. Авсан оноо жаахан тааруу 500 тай л байна?
-500 оноотой гэхээр болж л байна.

-Хуваариа хэдээр зарах юм бэ?
-Хоёр сая төгрөгөөр зарна.

-Яг баталгаатай юу?
- Тэр сургуульд манай найз сурдаг. Манай найз захирлыг нь таньдаг юм. Баталгаатай байлгүй яахав.

“Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хуваарь зарна” гэсэн бас нэгэн зарын дагуу утас цохилоо.
-Зарын дагуу ярьж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хуваарь зарна гэсэн үү.

-Тиймээ.

-Ямар ангийн хуваарь юм бэ?
-Банкны менежментийн ангийн хуваарь зарна.

-Хэдээр зарах вэ?
Хоёр сая төгрөгөөр зарна.

-Хуваарийнхаа үнийг доошоо ярихгүй биз?
-Сая 800 мянган төгрөгт бол өгч болж байна. Тэрнээс доош бол зарахгүй ээ.

-Хуваарь дээр чинь өөр хүний нэр зураг байгаа шүү дээ Тэрнийг яаж зохицуулах вэ?
-Хуваарь дээр миний нэр бий. Тэрийг харин наймдугаар cap гаргаад зохицуулна. Хүн хайж байгаа.Одоо багш, ажилчид нь амарчихсан болохоор зохицуулж чадахгүй байна.

-Тэгвэл хуваариа авахдаа мөнгөнийхөө 50 хувийг нь өгөөд нэр, зургаа зохицуулсаны дараа 50 хувиа өгч болох уу?
-Яг баталгаатай авна гэвэл тэгж болно оо. Шийдвэрээ гаргаад залгаарай.

Энэ мэтчилэн нэлээд хэдэн дугаар руу залгахад ихэвчлэн оюутан залуус холбогдлоо. Тухайн зар өгсөн хүн бол би биш. Манай найз, эгч, ах оруулаад өгнө. Би дахиад лавлаад асуугаад өгье гэсэн хариултыг өгч байлаа. Тэрхүү сургуульд оруулж өгөх хүн нь нууцлагдмал байдалтайгаар энэхүү үйл ажиллагаагаа явуулдаг байна. Манай улсад нийт 102 их, дээд сургууль байдаг ажээ.

Эдгээр сургуулийн хэд нь ийм маягаар оюутан элсүүлдэг нь тодорхойгүй. Нэг хэсэг нь шалгалтаа сайн өгч өндәр оноо авсан ч мөнгөгүйн улмаас дээд боловсрол эзэмшиж чадахгүй байхад нөгөө хэсэг нь эх орны уураг тархи болсон боловсролыг мөнгөөр худалдаж авсаар байна.

А.Цээсүрэн

Эх сурвлаж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих