Оросууд нэг банкийг хоёр дахиа авах гэж байна

Төрийн банк дампуурах нь гэсэн чимээ ойрын үед нэлээд хүчтэй дуулдах болов. Гэвч дампуурах ямар ч үндэслэлгүй. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа гэдгийг Монголбанк болон Төрийн банкныхан албан ёсоор мэдэгдсэн билээ.

Өдгөө энэ банкны нийт актив 180 тэрбум, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн “Зоос” банкнаас шилжүүлсэн 70 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт ч боломжийн хэмжээнд байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм. Тэгэхээр Төрийн банк одоохондоо юу юугүй дампуурчихгүй гэсэн үг. Харин тус банкийг хувьчлах нь нэгэнт тодорхой болоод буй юм.

Яагаад гэвэл энэ банкийг хувьчлах хүсэл эрмэлзэл олон талд бий. Монголбанкныхан л гэхэд тус банкийг төрийн мэдэлд удаан байлгахыг хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Мөн Төрийн банкны борлуулалт хариуцсан захирал Ж.Отгонбилэг ч үүнийг үгүйсгээгүй билээ. Төв банк ч яах вэ. Элдэв хэл амнаас залхсандаа л хувьчлахыг нь дэмжиж байгаа. Ер нь төрийн мэдлийн статустай банк арилжааны зорилгоор ажиллах нь зохимжтой биш. Яагаад гэвэл төр хариуцлагыг нь даана гэдэг утгаар иргэд харилцагчид бусад банкнаас илүү Төрийн банкинд итгэл хүлээлгэх талтай.

Тиймээс шударга өрсөлдөөний зарчим алдагдаж байна гэж үзэн арилжааны банкныхан Төрийн банкийг хувьчлахыг хамгийн түрүүнд дэмждэг. Гэтэл ашгүй тэднийг баярлуулсан шийдвэр гарч Төрийн банкийг хувьчлах нь уу гэтэл бас үгүй бололтой. Хэдийгээр хувьчлах гэж буй нь үнэн боловч үүний цаана өнөөх “урт гартай” оросуудын ашиг сонирхол нуугдаж байгаа нь өнгөрсөн болон өнөөдрийн зарим үйл явдлаас маш тодорхой харагдаж байна.

“Зоос” банкийг нүд аниагүй байхад 25+1 хувийг нь Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/ эзэмшдэг байв. Тус банкныхан өөрсдийн эзэмшил, эрх мэдлээ гүнзгийрүүлэхийн тулд өнгөрсөн жилийн яг өдийд “Зоос”-ын монгол захирлуудыг халж, өөрсдийн хүнээ томилж байлаа. Ингээд “Зоос”-ын шинэ удирдлагаар ЕСБХБ-наас Бэн Турнбул тэргүүтэй баг ажилласан юм. Удсан ч үгүй “Зоос” бүрмөсөн дам­пуурч Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Дараа нь “Зоос” төрийн мэдэлд 100 хувь шилжиж, Төрийн банк байгуулагдахад ЕСБХБ-ны Бэн Турнбул тэргүүтэй баг мөн л удирдав. Хэдийгээр Төрийн банкны ТУЗ-ийг Сангийн яамныхан голдуу хүмүүсээр бүрдүүлсэн ч урьдын 25+1 хувийн эзэмшлээс шалтгаалж гүйцэтгэх удирдлага ЕСБХБ-ны мэдэлд байсаар байлаа. Харин Төрийн банкийг хувьчлах тохироог бүрдүүлж эхлэнгүүт ноён Бэн нэр цэвэр сэм холдож амжлаа. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард гэнэт л ажлаа өгөөд явсан нь ЕСБХБ-ны далд санааг илчлэх шиг болсон. Төрийн банкныхан түүнийг хувийн шалтгаанаар ажлаа өгсөн, гэрээний хугацаа дууссан гэх мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учраас ийн хардах үндэслэлтэй юм.

“Зоос” банкийг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нарын томоохон зээлдэгчид л дампууруулсан мэтээр ярьж, бичиж байгаа. Мөн дээр нь Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан төрийн хүмүүс ч уг хэрэгт шалгагдаж буй. Гэвч хэргийн жинхэнэ эзэд нь ЕСБХБ буюу оросууд гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж байна. Оросууд гэхийн учир нь ЕСБХБ-ны гол эзэмшигчид нь тэд. Тус банкны Захирлуудын зөвлөлийн ээлжит чуулган 2007 онд ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотноо болоход оросуудын нөлөө эрс нэмэгдсэн нь илт мэдэгдэж байв.

Мөн тэрхүү чуулганаас хойш өнөөдрийг хүртэл оросуудын нөлөө улам нэмэгдсэнийг тус банкны хувь эзэмшлийн мэдээллээс бэлхнээ харж болно. ЕСБХБ-нд оросуудын нөлөө нэмэгдэх тусам Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эзэмших, хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа юм. Дэлхийн 60 гаруй орныг хамран үйл ажиллагаа явуулдаг энэ том банк сүүлийн жилүүдэд Европт бус, Төв Азийн орнуудын санхүүгийн салбар руу түлхүү орж байгаа. Манай улс 2006 онд тус банкнаас зээлжих эрхтэй гишүүн улс болж, 2007 оны чуулганд нь тухайн үед Сангийн сайд байсан Н.Баяртсайхан тэргүүтэй Монголын төлөөлөгчид анх удаа оролцож байсан юм. Энэ цаг мөчөөс эхлэн ЕСБХБ манай улсад хөрөнгө оруулах нэрээр зарим нэг арилжааны банкийг онилж эхэлсэн билээ. Тэдний далд зорилго “Зоос”-ыг залгиснаар ил болсон. Харин өдгөө Төрийн банкийг хувьчилж авахын төлөө их л нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тэд хөрөнгө мөнгөөр гачигдаж дутагдахын зовлонгүй учраас хүслээ гүйцэлдүүлэхэд хүндрэл гарахгүй нь тодорхой. Яагаад гэвэл тэдний ашиг орлого жил ирэх бүр нэмэгдэж байгаа. 1991 онд таван тэрбум еврогийн хөрөнгөтэй байгуулагдаж байсан бол одоо ганцхан жилд 4-5 тэрбум еврогийн төсөл хөтөлбөр санхүүжүүлж, 2-3 тэрбум еврогийн ашигтай ажиллаж байна. Тэд буурай орнуудын ашигтай болон ашиггүй ажиллаж буй банкуудыг анаж байдаг. “Зоос”-ыг л гэхэд зовлон дээр нь дөрөөлж буюу удирдлагыг нь уургалах замаар унагаасан. Харин Төрийн банкийг хувьчилж авахын тулд бусдын гараар будилуулах арга хэрэглэж байна.

Арилжааны бусад банк болон төв банкныхан “Төрийн банкийг бушуухан хувьчил” хэмээн нэгэн дуугаар хашгирах нь тэдний хувьд нэн таатай боломж. Мэдээж эцсийн шийдвэр гаргах мөчид хэн туршлагатай, чадалтай нь энэ банкийг авна. ЕСБХБ-нд бүх давуу тал бий. Тэгээд ч “Зоос”-ыг золигт гаргаж, Төрийн банкийг төрүүлэхийн тулд ЕСБХБ их зүйл хийсэн учраас “Одоо л цаг нь ирлээ” хэмээн баярлаж байгаа. Тэд Төрийн банкийг ашигтай ажиллахыг хүлээж байсан нь ч тодорхой. Төрийн банк одоо ид гоё дээрээ байгаа. Малаар бол ёстой л идэш хийхэд тохиромжтой үедээ байгаа гэсэн үг. Энэ банк он гарсаар 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол оны эцэс гэхэд ашгийн хэмжээ нь хоёр тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарчээ. Мөн тус банкны чанаргүй зээлийн хэмжээ гурван хувьтай байгаа нь Монголд урьд нь байгаагүй үзүүлэлт. Банкны салбарын оргил үе буюу 2003-2004 онд ч чанаргүй зээлийн хэмжээ гурван хувь хүртлээ буурч байгаагүй юм. Төрийн эрх мэдэл бүхий байгууллагынхан энэ тал дээр сонор сэрэмжтэй байхгүй бол ЕСБХБ Монголын арилжааны нэг банкийг хоёр дахь удаагаа залгиж магадгүй байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих