Улсын хөрөнгөөр наадагсад Арабын баячуудтай эн тэнцэв
Уул уурхай, дахиад л уул уурхай. Ярихгүй байхын аргагүй, дуусахгүй байхын эрхгүй энэ сэдвийн хүрээнд олон асуулт урган гарч, Монголын ард түмэн мөлжүүлж, хөнөөгдөж байгаа гэх утга ч дүйцэх биз. Монголд хэмээн хаягласан гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт үнэхээр их гэнэ лээ.
Тэгвэл энэ мөнгө хаашаа ордог юм бол, зээл тусламжаар наадагчид юу хийдэг юм бэ. Энэ асуудлаар “Блүүмберг” сувгийн сэтгүүлч К.Эстни, Японы Юмита Озакава бичжээ.
Тэдний өгүүлснээр манай руу урсаж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хүрэх ёстой эзэндээ биш, хэдхэн хүний халаасанд орж байгаа нь үнэн болов. Ямар сайндаа ядуу улс байж тэмдэглэлт ойн баярт их хэмжээний мөнгө зориулж, уралдсан морьдынх нь түрүүч улстөрчдийн хүлэг байхав.
Гадаадынхны төсөөллөөр нэг улстөрчид 2-5 хурдан морь бий. Нэг хурдан морь нь угшил, амжилтаасаа хамаарч 30-150 мянган ам.долларын үнэтэй байх аж. Уяачид нь эздийнхээ морьдыг жилийн дөрвөн улиралд болдог уралдаануудад бэлтгэж, сойдог. Жилд нэг хурдны морийг арчлахад 5-10 мянган ам.доллар зарлагддаг гэнэ. Гэхдээ энэ бол Монголын улстөрчдийн зөвхөн хобби нь шүү гэж Юмита Озакава онцолжээ.
Бас болоогүй, Улаанбаатараар хэлхэлдэх 100-200 мянган ам.долларын үнэтэй, чамин жийп автомашинууд нэг сая гаруй оршин суугчтай хотод дэндүү гэмээр ахадсан олон аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн зам эвдэрч сүйдсэн жийптэнгүүдийн тоог нэмэгдэхэд нөлөөлсөн. Магадгүй замаа засах мөнгөөр туулах чадвар сайтай автомашин хөлөглөх нь тэдэнд хэвшил болсон мэт.
Мөн Улаанбаатар хотод дэлхийд хамгийн үнэтэй брэндийн дэлгүүрт нэг гутал доод тал нь 1000 ам.долларын үнэтэй байдаг. Мөн ирланд уушийн газар хэд хэд байгаа нь нэг талаар барууны соёлоос хоцроогүйг илтгэх аж.
Нэгэн монгол залуу ярихдаа Тэд энэ баарнаас гараад үнэтэй автомашинаа хөлөглөөд, хотоос холгүй орших морьдынхоо газарт очдог. Эсвэл үүнийг эсрэгээр нь хийдэг” гэжээ.
Улаанбаатарын төвөөс хоёр км зайтай газарт эдгээр баячуудын орон сууц бий. Тансаг хаус, өндөр зэрэглэлийн харуул хамгаалалт тэдний зэрэг зиндааг илтгэдэг байна. Эдгээр байшинд дийлэнхдээ улстөрчид, томоохон бизнес эрхлэгчид амьдардаг ажээ. Байшингуудын үнэ нь Лас Вегасын дундаж хаусын үнэд хүрнэ. Энэ нь ойролцоогоор 200-500 мянган ам.доллар гэсэн үг.
Монгол Улсын өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6.1 хувь байсан бол энэ онд 9.7 хувьд хүрсэн байна. Дэлхийн нэртэй эдийн засагчид манай улсын уул уурхайн хөгжлийг сайнаар төсөөлж байгаа ч иргэдийнх нь амьдралыг тэгж бодохгүй байгаа аж.
Олон улсын валютын сангийн төлөөлөгч Пармешвар Рамлоган “Монгол улс ирэх 50 жилд уул уурхайн төв болно. Энэ бол маш том боломж гэдгийг тэд ойлгож эхэлсэн. Иймээс ч эдийн засгийн тооцооллоор нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2470 ам.долларт хүрэх боломжтой” гэжээ.
Гэвч хэн ч Монголын иргэний хөрөнгөжих боломжийн тухай ярихгүй байна. Монголын баячууд Арабын шейхуудтай хөрөнгийнхөө хэмжээгээр ойртож очихгүй ч хоббиндоо зориулах хөрөнгөөр дүйцэх юм. Иргэд үүний ард төрөөс мөнгө ирэхийг хүлээж суугаа нь засаг иргэнээ биш гэж үзсэний жишээ болов уу.
Оюутолгой төсөл батлагдсаны дараа иргэн бүрт 21 мянган төгрөг олгож эхэлсэн. Тэд cap бүр энэ мөнгөнийхөө төлөө банкинд дараалал үүсгэн зогсдог нь уул уурхайн томоохон орон гэж хэлэхэд дэндүү эртэдсэн хэмээн бодмоор.
500 мянган ам.долларын үнэтэй хауст амьдарч, 150 мянган ам.долларын үнэтэй жийп хөлөглөж, 30-120 мянган ам.долларын үнэтэй хоббитой, 1000 ам.доллараар гутал авч өмсдөг Монголын баячуудын дийлэнх нь үнэт металлын ямар нэг уурхайтай байдаг. Ийм хөрөнгө бизнесийн гоц санаанаас төрсөн гэвэл бодит байдалд нийцэхгүй.
Хэсэг эрх мэдэлтэн олон нийтийн хөрөнгөөр баяжиж байгаа тод жишээ Монголд бий гэж гадны сэтгүүлчид бичжээ. Тийм ээ. Ийм үйл явдал Монголд болсоор байна. Парламент нэг бол баян хүн, үгүй бол баяжих гэж орсон эрх мэдэлтнүүдээр дүүрэн бий. Харин тэдний баяжих үйл явцад хяналт гэж алга.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL: