”Та азтан боллоо” гэсэн мессежинд битгий итгээрэй

Сүүлийн жилүүдэд иргэдийн гар утсанд “Та азтан боллоо” гэсэн мессеж ирэх нь элбэгшээд байна. Тэр тусмаа сүүлийн үед энэ байдал газар аваад байгааг биеэр үзсэн хүмүүс нь хэлэх боллоо. Яг үнэндээ үнэхээр аз таараад азтан болоод байгаа ч юм биш. Харин сүлжээний бизнес гэгч нөгөө айхтар гурвалжин, дөрвөлжин дүрсийг толгой эргэтэл зурдаг улсын бас нэгэн арга юм. Ажил хайсан хүмүүс зарын дагуу өндөр цалинтай ажилд орох нь гээд очтол өнөөх нь нөгөө л сүлжээ байдаг болсон. Тэгвэл одоо бүр гар утас руу мессеж явуулаад хүний хорхойг нь хүргээд, хуурч орхиод нөгөө ажлаа ярьж гарна даа. Ийм нэгэн жишээ мэдэх юм байна. Саяхан юм даа их дэлгүүрийн үүдэнд танил маань явж байгаад судалгаа авч байгаа хүмүүстэй таарч, нөгөөдүүл нь утасных дугаарыг нь авч гэнэ. Эргээд холбоо барина аа, та азтан болж магадгүй шүү гээд салцгаасан юм байх. Хэд хоногийн дараа ч ийм утгатай мессеж ирж, заасан хаягаар нь яваад очтол “Та тал нүүрэндээ маск тавиулж будуулах эрхтэй боллоо. Үлдсэн талыг нь будахад . . .  төгрөг” гэжээ. Хүн тал нүүрээ будуулаад хаа ч хүрэх юм билээ. Үгүй мөн арга аа олсон хүмүүс юм аа. Энэ мэтээр хулхидуулаад толгойгоо эргэтэл лекц уншуулаад, бас болоогүй ээ 3000 төгрөгийн хураамж төлж, иргэний үнэмлэхний хуулбараа өгсөн хүн ч цөөнгүй. За тэгээд нэг ирсэн хүнийг ч зүгээр явуулна гэж байхгүй шүү, хаалгаа түгжих шахам болж байгаад ярих юм аа заавал ярьж байж л явуулна. Сүүлийн үеийн тоо баримтаар болж энэ төрлийн залиланд 3000 гаруй хүн өртсөн байгаа юм. Үнэндээ тэдгээр сүлжээний байгууллагууд нь “Төрийн бус байгууллага” гэсэн нэрийн дор татвар төлөлгүй, эвтэйхэн бизнес хийгээд явж байгаа нь ойлгомжтой байна. Харин ажил хайгаад сүлжээний газар очих уу, азтан боллоо гэж хулхидуулаад очих уу таны л хэрэг. Юутай ч ийм нэгэн төрлийн сүлжээнүүд газар авч байгааг дуулгалаа. Анхаарах эсэх нь таны л асуудал.
Н.Пүрэвсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих