Үүрэн телефоны операторууд ажилчдынхаа эрхийг зөрчдөг
Хүний эрхийн үндэсний комиссоос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн манай улс дахь үүрэн холбооны оператор компаниудад шалгалт хийж, эцсийн дүнг компаниудын удирдлагуудад танилцуулж, зохих шаардлагыг хүргүүлжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.?-д заасны дагуу Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх зэрэг эрхийн хэрэгжилтийг шалгасан байна.
Шалгалтад “Ньютел” буюу Мобиком, “Скайтел”, “Жи-Мобайл”, “Юнител” ХХК-уудыг нэгэн зэрэг хамруулж, тухайн компаниудад мөрдөгдөж буй хөдөлмөрийн дотоод журам, тушаал, шийдвэр, дүрэм журамтай танилцан, хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангаж байгаа талаар ажилтнуудаас санал асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн аж.
Дээрх компаниудын заримынх нь ажлын байрны агаарын температур, гэрэлтүүлэг, нэг ажилтанд оногдох талбайн хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байсан бөгөөд байнгын ажлын байранд хугацаагүй гэрээгээр ажиллуулах тухай хуулийн заалтыг зөрчиж, 200 орчим хүнийг хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулсан байгууллага ч илэрсэн байна. Зарим компани дотоод журамдаа “Хүүхэд асрах чөлөөтэй ажилтан буцаж, ажилдаа ороход хүүхэд нь заавал нэг нас хүрсэн байна” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар” зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй…” гэсэн заалтыг зөрчиж байгаа компаниудын удирдлагад Комиссоос сануулга өгсөн аж.
Түүнчлэн ажилтнуудынхаа цагийг бүртгэхдээ хоцорсон минут тутмаас 500 төгрөгийг цалингаас суутгах журам гаргасан нь хууль зөрчиж буй учир хүчингүй болгохыг Комиссын шаардлагад тусгасан юм. Дээр дурьдсан үүрэн холбооны компаниудын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг огт ажилд авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа нь хуулиар тогтоосон хувь хэмжээнд хүрдэггүй зөрчлийг илрүүлсэн байна. Мөн байгууллага дотроо ажилтнуудаа албан тушаал, цалин хөлс, нас, хүйсээр алагчлах явдал байгааг таслан зогсоох, орон тооны эмчтэй болох, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зөрчилтэй байгааг арилгах зэрэг цөөнгүй асуудлыг Xүний эрхийн Үндэсний Комиссоос дээрх компаниудад хаягласан шаардлагадтусгаад байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос өгсөн үүрэг даалгавар бүхий шаардлагын хариуг ирэх наймдугаар сард Үүрэн телефоны компаниуд ирүүлэх үүрэгтэй аж. Тэр үед шаардлагын дагуу авсан арга хэмжээг нь мөн үнэлж дүгнэх юм байна.
URL: