М.Зоригт: “Б.Бат-Эрдэнэ ээ, өчигдөр таны өдөр байлаа”
УИХ-ын 76 эрхэм дотор “гэрэл зураг”-т нугасгүй дуртай хэдэн зурагчин бий. Тэдгээрийн толгойлогч нь М.Зоригт гишүүн.
Мөн тэрбээр олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхитэй нэгэн. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, бодлого гэхээсээ илүүтэй байсхийгээд л твиттер, фэйсбүүк хуудсандаа зураг нийтэлдэг эрхэм гишүүн өчигдөр орой “Хоролмаа” хийж “ангийн анд” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “чимхээд” авлаа.
Учир нь дуучин С.Жавхлан тэргүүтэй хэсэг иргэд төрийн 3 өндөрлөг, УИХ-ын гишүүдэд мэтгэлцээнд оролцох бичиг илгээсэн ч саналыг нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нар хүлээж авч МҮОНТВ-ийн студид очжээ.
Гэтэл М.Зоригт гишүүн өөрийн цахим орон зайгаар дамжуулан Б.Бат-Эрдэнэ гишүүний зураг нийтлээд “Өнөөдөр таны өдөр байлаа” гэсэн тайлбар хийсэн нь “ажлаа, цагаа барж яах гэж тийшээ очсон юм бэ? гэж тохуурхаж байгаатай агаар нэгэн юм.
Тэртээх 25 жилийн өмнө одоогийн төрийн түшээдийг гудамжнаас жагсаж “ардчилсан хувьсгал” хийнэ гэж явахад тэр үеийн төрийн түшээд “гудамжны жагсагчид”-ын саналыг хүлээн авч телевизийн ярилцлаганд оролцож, “оготнын хамраас цус ч гаргалгүй” асуудлыг шийдэж байсан.
Гэтэл өнөөдөр дуулдаг нь ч бай, цэвэрлэдэг нь ч бай Монгол Улсын иргэн хүний хувиар өнөөгийн гаргаж байгаа шийдвэрүүдийн чинь талаар, уул уурхайн талаар мэтгэлцье гэхэд ирсэн 2-ыг нь элэглээд суугаа М.Зоригт гишүүн хэр ёс зүйтэй нэгэн бэ?
Ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ бол яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө мэтгэлцэж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж.
С.Жавхлан тэргүүтэй нөхдийг “гудамжны” хэмээн цоллож “дуулдаг”-аар нь тохуурхаж суугаа энэ мэтийн нөхөд 25 жилийн өмнө ялгаагүй “гудамжны жагсагчид” залуус байснаа эргэн санаж “тэнгэрээс газарт буугаасай билээ”.
өглөө.мн
URL: