МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.БИЛЭГТ НАРТ

13712_318

2015.03.12.                                                                                                   Улаанбаатар хот

Шаардлага хүргүүлэх тухай

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуулиар Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон  нэр бүхий дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эгүүлэн татсан.

Тэдний оронд намын жагсаалтаар сонгогдсон Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын  бүрэн эрхийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор  хүчингүйд тооцон, дээрх сонгуулийн дөрвөн  хэсэг дээр нөхөн сонгууль явуулахыг аймгийн ИТХ-д даалгасныг Та бүхэн сайн мэднэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “… нөхөн сонгууль явуулах бол тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид уг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж зохион байгуулна гэж хуульчилсны дагуу  шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж нөхөн сонгууль явагдсанаар аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах нөхцөл   бүрдсэн  байх учиртай.

 

Гэтэл Улсын дээд шүүхийн нөхөн сонгууль явуулахыг даалгасан шийдвэр бүтэн нэг жил гаруй хугацаанд хэрэгжихгүй байгаагийн дээр шүүхийн шийдвэрээр төлөөлөгчийн бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон АН-ын төлөөлөл болох Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нар өнөөдрийг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль зөрчин оролцож Үндсэн хуулийн байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаар байна.

Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн иргэд, сонгогчдоос Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан боловч харамсалтай нь хууль, шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдсэнгүй, энэ хэрээр аймгийн нийт сонгогчдын 65.7 хувь нь  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  төлөөлөлгүйгээс эрх ашиг нь хохирсоор байгаа хариуцлагыг Та бүхэн бүрэн хүлээх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д  төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,  Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыгхариуцна,  Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бусад этгээд заавал биелүүлнэ гэсэн нэн тодорхой үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэсэн байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 зааснаар  “ Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина” гэсэн үүргийг  хүлээлгэсэн.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2-т зааснаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа–г , Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ хуулийн  20 дугаар зүйлийн 20.5.6-д зааснаар  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-г шууд хариуцан ажиллах үүрэгтэй ба харин Ерөнхий сайд ажил хариуцсан сайдуудын ажил үүргийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих, хариуцлага тооцож ажиллаж  чадахгүй байгаа нь хууль, шүүхийн шийдвэр он дамнан биелэгдэхгүй байгаагийн үндсэн шалтгаан мөн гэж дүгнэж байна.

Иймд Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг энэ сард багтаан товлон зарлуулах, иргэн Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг аймгийн иргэдийн Хуралд оролцохыг таслан зогсоох ажлыг зохион байгуулж ажиллахыг шаардаж байна.

Тус аймгийн иргэд, сонгогчдын тэвчээр барагдаж, аргагүйн эрхэнд Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах, Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг  аймгийн иргэдийн Хуралд оролцохыг таслан зогсоохыг Хурлын дарга Д.Баянжаргал болон Тэргүүлэгчдээс шаардсан шаардлага бүхий тайван Цуглааныг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д тунхагласан “тайван цуглаан хийх …” эрхийнхээ дагуу Монгол Улсын Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хүрээнд  2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан.

Гэтэл аймгийн Засаг дарга Л.Одсэр, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ч.Баярсайхан нарын “Цуглаан зохион байгуулсан болон оролцсон иргэдийг мөрдөн мөшгөх, Цагдаагийн байгууллагын нэрээр айлган сүрдүүлэх, дарамтлах” зэрэг үйлдэл нь ардчилсан Үндсэн хууль, эрх зүйт төртэй, хүний эрхийг дээдэлсэн  ардчилсан Монгол Улсад огт тэвчиж боломгүй хэрээс хэтэрсэн үйлдлийг яаралтай таслан зогсоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож эргэн мэдэгдэхийг шаардаж байна.

Та бүхний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь ийнхүү иргэдийн сонгох, сонгогдох эрх, тайван цуглаан хийх эрх ноцтойгоор зөрчигдөх шалтгаан болж байгааг сануулж байна.

Хэрэв энэхүү Шаардлагыг эс биелүүлбэл дээр дурдсан  Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн  энэ талаар Дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахыг үүгээр мэдэгдэж байна.

 

МОНГОЛ АРДЫН НАМ


URL:

Сэтгэгдэл бичих