Хөрөнгийн бирж тойрсон улс төр

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар ажлаа хүлээлгэн өгчээ хэмээн хэвлэл мэдээллээр цацагдав. Түүний оронд “Бишрэлт” группийн захирал Б.Ундармааг томилсон тухай ч мэдээллэсэн.

3-12-6a2_700x700

Энэхүү мэдээлэл хөрөнгийн зах зээлд тоглогчдод таатай сонсогдсонгүй. Учир нь хөрөнгийн биржийн удирдлага хэн байхаас үл хамааран сэргэж буй арилжаа эргээд унахвий гэх болгоомжлол байна. Үнэт цаас арилжаалах нь аливаа улсын эдийн засгийн гол тулгуур гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг болсон цаг.

Гэтэл мэргэжлийн бус удирдлага тус зах зээлийн хөгжлийг сааруулж болзошгүй талаар хүмүүс шүүмжилж байна. Монголын хөрөнгийн бирж хэдийд хэрхэн ажиллаж байсныг үнэт цаасны гүйлгээний дүнгээс харж болно. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний борлуулалт хийснийг дурдъя

. Тухайлбал, 2012 онд нийт 144 тэрбум төгрөгийн арилжаа хийснээс 125.9 тэрбум төгрөг нь багцын арилжаагаар борлуулсан дүн. Харин энгийн арилжаагаар 18.1 тэрбумын гүйлгээ хийжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн биржийн арилжааны нийт мөнгөн дүнгийн 87.4 хувь нь хоёр хүний дунд хийгдсэн арилжаа аж.

Дээрх дүнгээс харахад идэвхжиж байсан үнэт цаасны арилжаа буурсан мэт харагдана. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 12.4 хувь, 2013 онд 11.7 хувьтай байсан бол өнгөрсөн онд 7.7 хувьтай байсныг статистикчид мэдээлсэн.

Тэгэхээр улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт саарсан нь арилжаанд нөлөөлсөн гэж хэлж болох юм. Гэсэн хэдий ч энгийн арилжааны дүн эдийн засгийн өсөлттэй харьцуулбал төдийлөн буураагүй байгааг харж болно. Учир нь тус зах зээлд борлуулах бүтээгдэхүүн нэмэгдсэн нь энэхүү арилжаанд нөлөөлсөн хэрэг. 1990-ээд оны үед дэлгүүрийн лангуу хоосорч давснаас өөр зүйл байхгүй болж байсныг санаж буй биз.

Тэр үед борлуулах бараагүй дэлгүүрээс худалдаа хийх хүн байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Түүний нэгэн адил хүмүүст санал болгох бүтээгдэхүүнгүйгээр нэлээд хугацааг өнгөрүүлсэн нь энэ зах зээл унтаа байдалд орсон хэмээн мэргэжилтнүүд болон брокер, диллерүүд хэлж байна.

Аливаа бизнесийг хөл дээр нь босгохын тулд мэргэжлийн удирдлага сайн маркетингийн бодлогоор хөгжүүлнэ. Тиймээс ч өнгөрсөн жилийн сүүлчээс эхлэн хөрөнгийн бирж нойрноос сэрж буйг эдийн засагчид хэлж байв. Энэ нь удирдлагаас хамаарч буйг ч тэд онцолсон юм.

Учир нь компанийн зэрэглэл тогтоож арилжаанд оролцуулах болсон нь үнэт цаасны арилжаанд сайнаар нөлөөлсөн байна. Мөн Засгийн газрын үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах боломжийг нээсэн нь оновчтой зөв алхам байжээ.

Манай улсын хувьд энэ зах зээлийг хөгжүүлэлгүй 24 жил өнгөрсөн. Тиймээс ч хүмүүс хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь хэт төвлөрөлтэй хувьцаат компаниудад таатай боломж болж буй талаар нэлээдгүй шуугисан. Гэвч 1072 хувьцааг иргэн бүр эзэмшинэ гэснээр энэ зах зээлийг сонирхох хүмүүс олон байгааг өнгөрсөн нэгдүгээр сард болсон нээлттэй өдөрлөг харуулсан.

Тиймээс бусдад санал болгох бараатай, мэргэжлийн удирдлагатай бол манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил тийм ч хол биш гэдгийг “Ард капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр хэлж байлаа. Тогтворгүй, тодорхойгүй аливаа зүйл унахдаа амархан.

Харин унасан салбарыг сэргээхэд цаг хугацаа шаардана. Эдийн засаг хүнд байгаа энэ үед хөгжиж буйгаа татаж унагах биш дэмжих хэрэгтэй юм. Хөрөнгийн бирж энэ оны эхний хоёр сар дараалан ашигтай ажилласан. Эл салбарын ирээдүйг улстөрийн томилгоогоор унагах уу, босгох уу гэсэн хүлээлт үүссэнийг эрх мэдэлтнүүдэд сонордуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 12 March 2015

Манайх мөнгө хүүлэгч банкнууд санхүүгийн салбарийн 95%-ийг ноёрхдог. Түүний төлөөлөл нь МХБ-ийн захирал боллоо. Сонирхлын зөрчилтөй энэ хүнийг СЗХ яагаад хүлээн зөвшөөрөөд бн вэ. 1998 онд МХБ 1,2 тэрбум төгрөгийг дампуурч буй банкинд хадгалуулж, 1 сая шахуу хувьцаа эзэмшигчдийг хохироож арай гэж 2009 онд энэ өрөө барагдуулсан. 2008 оноос Анод, Зоос банкнуудын санаатай дампуурлууд 20 тэрбум төгрөгөөр хувьцаа эзэмшигчдийг дахин шатаасан шүү.

Сэтгэгдэл бичих