БНСУ-д ажиллах залуусыг гурав хоног бүртгэнэ
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд дараалалд дарагдаж, Цагдаагийн ерөнхий газар ачаалал ихтэй байгааг сурагласаар ЦЕГ-ыг зорилоо.
Солонгос гэлтгүй гадны орныг зорих гэж буй иргэд эндээс тодорхойлолт авдаг. Биднийг очиход Цагдаагийн ерөнхий газрын хашааг дагаад урт дараалал үүссэн байв. Тодорхойлолт авах хүсэлтэй иргэд өглөө 06 цагт ирсэн гэж байв.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны сангаас иргэд тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхийн хамт хураамж болох 500 төгрөг төлөх юм байна. Иргэдэд тодорхойлолт өгөх ажлыг хурдан шуурхай явуулах үүднээс гурван ажилтан зэрэг ажиллаж байгаа учир иргэд бухимдах нь бага байлаа. Өглөөгүүр урт дараалал үүсээд өдөртөө багасдаг гэж тодорхойлолт өгч байсан ажилтан ярьж байна.
Хүмүүс ч бас “Дараалал үүсэх нь гайгүй байна” гэж байсан. Иргэд цагдаагийн газрын тодорхойлолтоо аваад харъяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлэх аж.
Бид Cүxбaaтар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст очиход иргэдийн бүртгэлийг дөрөвдүгээр сургууль дээр бүртгэж байгаа гэсэн юм. Сургуулийн гадаа 12:30 цагт очиход хүмүүс бөөгнөрчээ. Хорь гаруй настай болов уу гэмээр нэг залуу шатны хажуугийн хашлага дээр гарч хүмүүсийн нэрсийг чангаар дуудаж, бусад нь түүнийг тойрох аж. Тэнд байсан нэг эмэгтэйгээс учрыг асуувал “Өчигдөр шөнө энд хоносон иргэд энэ залууд нэрээ бичүүлээд, нөгөө залуу нэрсийг тав таваар нь таслан оруулж байгаа юм. Өнөөдөр ирсэн хүмүүс нь энэ хүмүүсийн дараа л орох байх” гэв.
Учрыг тодруулахаар дотогшоо орох гэхэд хүмүүс хашгирч “Хүн орох гээд байна, холдооч” гээд бөөн шуугиан болов. Учраа хэлж ороод Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр бүртгэлийн албаны дарга Д.Сүхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гадаа нэг залуу иргэдийн нэрийг бичээд тав, таваар нь тасалж оруулна гээд нэр дуудаж байна. Өөрөө сайн дураараа, энд хоносон хүмүүсийн нэрийг бичээд оруулж байна гэх юм. Энэ талаар?
-Дүүрэг бүрт тодорхой квот өгсөн. Манай дүүрэгт эрэгтэй 300, эмэгтэй 100 иргэн бүртгэх квот өгсөн. Зарим газарт иргэд өөрсдөө сайн дураар бүртгэж байгаа. Бид дугаар дараалал, урдуур хойгуур хүн оруулах гэсэн зүйлгүй. Зохион байгуулалттай байлгахын тулд цагдаагийн байгууллагатай хамтарч, таван цагдаа ажиллуулж байна.
-Квот нь бүрдчихвэл дахиад хүн нэмж бүртгэхгүй гэсэн үг үү?
-Яг тодорхой хариу ирээгүй байна. 400 хүнээ бүртгээд дахин хүн нэмж бүртгэх үгүйг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв биржээс шийдвэр гаргана.
-Энд анкетийг англи хэлээр бөглүүлж байгаа гэсэн үү?
-Үгүй. Латин үсгээр бөглүүлж байна. Хөдөлмөр халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд ирж хэрхэн бөглөх талаар арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Гадаа байгаа хүмүүс асуудал болгоод байгаа болохоос энд тийм хэцүү зүйл байхгүй.
-Бүртгэж байгаа иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-18-39 нас хүртэлх хүмүүсийг бүртгэнэ. Ихэнх нь ажилгүй мөн Солонгост ажиллах сонирхолтой иргэд байдаг.
-Бүртгэл хэдэн өдөр үргэлжлэх вэ?
-Гурав хоног бүртгэнэ. Өнөөдөр /өчигдөр/ эхний өдрийн бүртгэл явж байна. Ажлын цагаар өдөрт дунджаар 150 хүн бүртгэх тооцоотой байна. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг өдөрт хоёр удаа 13 болон 18 цагаас өгч байгаа.
Дараа нь Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явлаа. Иргэд бүртгүүлсэний дараа элэгний болон бусад шинжилгээг заавал өгөх ёстой байдаг. Гэтэл Солонгос руу явах иргэдийн шинжилгээг авах газар одоогоор тодорхой болоогүй байна. Шинжилгээ хийх эмнэлгүүд хүсэлтээ явуулаад байгаа аж.
Б.Амгалан
URL: