САЙН, ОНЦ САЙН, ГЭХДЭЭ Л…

e6e8cc64da2793a840afd666374bde55Саяхан “Залуу зохион бүтээгч” уралдаан дүнгээ гаргав. Миний ТВ-ээр бахархан үздэг бараг цорын ганц нэвтрүүлэг. Ийм буянтай ажил санаачилж, дэмжиж, зохион байгуулж, оролцож буй бүх хүмүүст таларханам. Чухам эндээс л бүтээлч ажил үйлс, оюун сэтгэлгээ эхэлж, үүнээс Монголын ирээдүй хамаарах юм. Сайн юм хийж байгааг мэдэж байна. Гэхдээ л хэлэх үг байна аа. Харин энэ үг оргүй хоосноос бараг цоо шинээр хийж бүтээж буй залуу хүмүүст биш өмнөхөө нураадаг, ахиад оргүй хоосноос эхнээс нь эхэлдэг төр засагт зориулж байгаа нь мэдээж хэрэг.
Саяхны зүйлийг сануулах нь
Социализмын үед хүүхэд залуусын техникийн боловсрол, тэдний сэтгэн бодох, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлэх талаар бүх талын, бүх нийтийг хамарсан, алсыг харсан, төлөвлөгөөтэй ажил зохиодог байсан юм. Үүнийг социализмаа магтсан гэж болохгүй л дээ, үнэн нь тэр юм.
Тухайлбал, 1975 онд ЗХУ-ын хүч хөрөнгө, техник болон мэргэжилтний тусламжтайгаар Залуу техникчдийн Ордонг ашиглалтад оруулсан нь манай хүүхэд залуучуудын техникийн сэтгэлгээнд эрс эргэлт болсон юм.
Монголын хамгийн гэгээн саруул, ирээдүйг тодорхойлсон энэ газар автомашин, нисэх онгоц, пуужин зэрэг техникийн загвар, бага оврын машин (картинг), радио зохион бүтээх, хөдөө аж ахуйн машин механизм, физик техник, хими-технологи, одон орон, радио электроник, автоматик, тооцоолон бодох электрон машин (одоогоор бол компьютер), авто мото, кино болон гэрэл зургийн зэрэг 26 лаборатори ажиллаж, тус бүр нь бие даасан дугуйлантай байсан. Түүнлэн энд мод, метал боловсруулах, дүрслэх урлаг, будаг, гагнуур, шалган турших, хэвлэлийн цехүүд, техникийн номын сан, авто мото, картингийн жолоодлогын ба нисэх онгоц, пуужингийн загварын дасгал-сургууль-туршилтын талбай, соёл-хүмүүжлийн ажлын танхим, үзэсгэлэнгийн танхим, арга зүйн кабинетүүд ажиллаж байв.
Залуу техникчдийн Ордны бүх дугуйлангуудад 1000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байв. Тэднээс мөн ч олон хүн ирээдүйн мэргэжлээ эндээс олж авсан, их ч сайн мэргэжилтнүүд болсон доо. Залуу техникчдийн Ордон жил болгон “Манай маргаашийн мастерууд” болон “МММ” гэсэн тайлан үзэсгэлэн гаргадаг байв. Мөн олон улсын үзэсгэлэн уралдаанд тогтмол оролцдог байв.
1990 онд ардчилал ялаад хамгийн түрүүнд Залуу техникчдийн Ордонг устгав. Хамгийн их ардчилал ярьсан тэр хүмүүс устгасан. Монгол Улсын энэ дайснуудыг би нэр нэрээр нь хэлсэн ч чадна.
Үүнээс гадна Монголын Пионерын Ордонд 5 танхим, 30 гаруй дугуйлан ажиллаж байсны тэн хагас нь үйлдвэрлэл, техникийн чиглэлийн дугуйлан байсан юм. Тэнд 3000 гаруй сурагч тогтмол хичээллэдэг байлаа.
Орон нутагт боломжийнхоо хэрээр сурагчдын техникийн сэтгэлгээг дунд сургуулийн математик, физик, хими зэрэг хичээл хийгээд орон нутгийн үйлдвэрлэлийн баазад тулгуурлан хөгжүүлж байв. Өөрөөрөө жишээ авахад л манай Налайхад физикийн багш Мажигжамбаа маань бид хэдийг дагуулаад Нүүрсний уурхай, Шилний үйлдвэр, Автобааз зэргийг үзүүлэх жишээний. Бид хэддээ л под гэсэн үйлдвэрлэл.
Тэр үед оросын “Юный техник”, “Техника и молодежь” зэрэг техникийн сэтгүүлүүд бидэнд их үзүүлнэ. Бичгийг нь ойлгохгүй ч гэсэн зургийг нь харж байгаад ойлгож болдог л юм. Багштайгаа нийлж байгаад сургуульдаа нэлээд хэдэн “юм” хийж өгсөн юмдаг.
Залуу техникчдийн ордон 18 аймагт салбар нэгжтэй байсан. Харин орон нутгийн салбарыг юу гэж нэрлэж байсныг би сайн санахгүй байна. Ямар ч гэсэн улс орныг бүхэлд нь хамарсан сүлжээ байсан юмдаг. Энэ мэтчилэн социализмын үед хүүхэд залуучуудынхаа техникийн боловсрол, сэтгэлгээг дээд зэргээр анхаарч байсан гэж би баттай хэлж чадна.
Мэдээж хэрэг хөгжлийн хүрсэн түвшин, боломж энэ тэрийг одоо бол голж болох л байх. Харин сэтгэл зүтгэл, системийг бол голж ёстой болохгүй. Тэр үед залуу үеийн техникийн боловсрол, сэтгэлгээг хөгжүүлэх явдал бүх нийтийн үйлс байсан нь одоо хэнд ч ойлгомжтой гэж бодож байна.
Харамсмаар он жилүүд
Ардчилал ялж бүх юмыг зоосны нүхээр харах болов. Хүүхдэд зориулсан бараг бүх юмыг устгав. Ийм усан тэнэг улс гэж дэлхийд байхгүй л дээ. Хүүхдийн ясль, цэцэрлэгийг устгаж, дээд сургууль (жи, “Хөдөлмөр” дээд сургууль), дэлгүүр болгодог хүн жигшмээр зэрлэг явдлыг ардчилал, өмч хувьчлал гэж ойлгов. Энэ балай шуурганаар монголчууд бүгдээрээ хүүхэдгүй мэт аашлав. Энэ бол монголчуудад ирээдүй огт хамаагүй гэсэн хэрэг байлаа. Ингээд бараг 20 шахам жил болов.
Гэтэл сэтгэл нь зовсон ухаантай хүмүүс гараад ирэв. Тэд “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг санаачлав. Нэвтрүүлэг хийгээд төсөл асар богино хугацаанд амжилт олов. Яагаад гэвэл ямар ч ард түмэн бүтээгч ард түмэн байдаг. Манай ард түмний, ялангуяа залуусын далд ухамсарт туурвин бүтээх хүсэл, эрмэлзэл хэвээрээ байгаа аж.
Харин авъяас чадварыг нь тэтгэхгүй, боловсрол олгохгүй хэт удааж, хоцроосноос болж гарч буй зарим нэг явдлыг эс тооцвол монгол толгой дэлхийг эргүүлэх цаг ойрхон буй нь мэдээж хэрэг. Бидний ирээдүйн найдвар чухам энд л буй.
Ахиад л систем ярих нь
Бид “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ ? Үүнийг зүгээр нэг нэвтрүүлэг гэж би огт ойлгохгүй байна. Энэ бол монголын бүх нийтэд, ялангуяа залуу үед техник, технологийн боловсрол, мэдлэг олгох, тэднийг хүмүүжүүлэх, сурталчлах үүрэг бүхий соён гэгээрүүлэх их ажлын эхлэл мөн. Энэ бол Их Санаачлага, Их Эхлэл мөн.
Тиймээс энэ ажил нэг нэвтрүүлгээр хязгаарлагдах ёсгүй. Мэдээж хэрэг нэвтрүүлэг явдгаараа явна байх. Түүнийг цааш нь бүр төрөлжүүлж, олон чиглэл хэлбэртэй болгон баяжуулж болно. Асуудал нэвтрүүлэгтээ биш, харин бүх нийтийн техникийн мэдлэг боловсрол эзэмших идэвхийг сэргээж, өдөөж, өрнүүлсэнд оршино. Энэ бол хамгийн олзуурхууштай зүйл юм.
Тэгвэл залуусын зохион бүтээх авъяас чадвар хэзээ илэрдэг вэ ? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ. Туурвин бүтээх нөхцөл, байнгын систем байгаа нөхцөлд л бий болно. Туурвин бүтээх нөхцөл гэдэг нь өмнө ярьсан залуу техникчдийн ордон мэтийн байнгын төв, багшлах боловсон хүчин, материал-техникийн бааз, сурах бичиг, хэвлэл, байнгын сургалт, туршилтын бааз, мөн хамгийн гол нь үйлдвэрлэл хийгээд мэдээллийн бааз болно. Нэг нартай сайхан өдөр энэ бүхнийг хийж амжихгүй ч энэ бүхнийг хийж бүтээхийг одооноос зорилт болговол зохино.
Үүний эхлэл болгож одоо хэнд байгаа нь үл мэдэгдэх Залуу Техникчдийн Ордны барилгыг зориулалтаар нь ажиллуулах ёстой. Миний бодлоор бол хураан авч чаддаг мэддэг жинхэнэ эздэд нь өгөх ёстой. Хэрэв “хувийн өмч мөмч” гээд болохгүй бол хүчээр худалдан авч эзэн нь болсон хүүхэд залуучууд болон “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэг болон түүнтэй холбоотой хүмүүст үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх нь зүйтэй. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших нь зүйд нийцнэ.
Энэ асуудлыг нэг хэсэг хөндөж, Боловсролын сайд А.Гантөмөр “Залуу зохион бүтээгч ахлах сургууль” болгож өөрчилнө гэж амлалт өгсөн боловч таг чиг болов. Энэ бол мэдээж хагас дутуу зүйл, тэгээд ердөө л амлалт юм.
Ямар нэг бааз суурь байхгүй, байнгын сургалт байхгүй, сурган боловсруулах систем байхгүй тохиолдолд манай залуусын авъяас аажимдаа унтрана. Яагаад гэвэл аль нэг авъяастай залуу хүүхэд санамсаргүй “нэг юм” хараад тохиолдол маягаар шинэ юм хийж болох боловч энэ нь тийм ч сайн зүйл биш. Хэрэв тэр хүүхэд ном эрдмийг нь системтэй байнга үзээд, бүр зорилготой бэлтгэгдээд, сайн багшийн хяналт дор удаан хугацаанд оролдвол илүү их амжилт үзүүлэх нь мэдээж хэрэг. Энэ нь байнгын систем болбол сая бүх нийтийн үйлс болно.
Нийгмийн нөхцлийг ярих нь
Ахиад л социализмаа ярих ёстой болж байна. Социализмын үед ШБОС жил тутмын үзэсгэлэн гарч улсын хэмжээний их том арга хэмжээ болдог байлаа. Одооны залуус энэ товчлолыг мэдэхгүй биз. ШБОС гэдэг нь “шинэ бүтээл, оновчтой санал” гэсэн үг. Ийм бүтээл гаргасан хүнд өгдөг тусгай энгэрийн тэмдэг хүртэл байлаа.
Тэр үзэсгэлэнд тухайн жилд хийж бүтээн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүхий л шинэ бүтээл, оновчтой санаачлагаар хийсэн техник, технологийн бүтээгдэхүүнийг үзүүлдэг байлаа. Нэг их сүрхий биш ч гэсэн манай улс хөгжиж байгаа нь илт мэдэгддэг байлаа. Монгол хүн чинь хачин сонин юм хийнэ. Нэг удаа ялаа барих автомат хүртэл хийсэн байж билээ. Би “шалгаж” үзэх гэсэн чинь үзэсгэлэн намар гарсан болоод “турших” ялаа байдаггүй. Ямар ч гэсэн хөвөнгийн өөдөс өмнө нь барихад ховх сороод “алга болгосон” юмдаг.
Багцаалбал одооны ширээн дээр тавьдаг сальфетканы савны дайтай эд байж билээ. Санаанаас ер гардаггүй юм. Бүр “том юм” бас бий бас дээ. Ухаандаа манай тээврийн жолооч Данхарын Зил-130 машинд суурилуулсан шороон замын донсолгоо арилгах төхөөрөмж Зил үйлдвэрийн сонирхлыг татаж, үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг. Данхар гуай хожим нь Хөдөлмөрийн баатар болж билээ. Манай автобус баазын жолооч нарын хийсэн “дотор” хаалга энэ загварын автобусанд нэвтэрсэн гэх мэт олон жишээ бий л дээ. Ер нь бол монгол толгой муугүй ажилладаг юм ш дээ. Залхуу нь хүрэхгүй бол тэр шүү дээ. Тухайн үеийн үйлдвэр аж ахуйн газрууд шинэ бүтээл, оновчтой санаачлагыг ихэд анхаарч, хүний ажлын үндсэн үзүүлэлт болгодог байв.
Ингэхлээр шинэ бүтээл, оновчтой санал буюу одоогийн хэллэгээр зохион бүтээлт хийгээд инновацийг бүх нийтийн үйл хэрэг болгох хэрэгтэй. Мэдээж хэрэг залуусаасаа эхлэх нь зүйтэй. Харин улс орны үйлдвэрлэлийн бааз хөгжиж баймаажин бүх нийтийн техникийн боловсрол, сэтгэлгээний суурь үндэс бий болдог.
Үйлдвэрлэлийн бааз байхгүй бол энэ талаар санасны ч хэрэггүй. Мэдээж хэрэг эдийн засаггүй, үйлдвэрлэлгүй улс орон гэж байхгүй л дээ. Тиймээс үйлдвэрлэлийнхээ баазыг бүх нийтийн, нэн ялангуяа залуучуудын техникийн боловсролтой холбох нь амин чухал чиглэл гэж би хэлэх гээд байгаа юм.
Манай үйлдвэрийнхэн залуу үеийн техникийн сэтгэлгээг дэмжиж эхэлж байгаа нь сайн хэрэг. Энэ салбарт бидэнд бодох юм их бий. Технологийн үлэмж хоцрогдлоос болоод бид хөгжлийн хэд хэдэн шатыг алгасах шаардлагатай болж байна. Энэ нь түргэвчилсэн үсрэлт хийхэд зайлшгүй хүргэнэ. Харин энэ бол бидний хувь заяатай холбоотой стратегийн их том асуудал болно. Үүнийг бол жичид нь ярилцаж болно байх…
Харин эхний удаад Залуу зохион бүтээгчиддээ Ордонг нь буцаан авч Ч.Лодойравсал нарын ирээдүйтэй залуусын багт өгөх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байна. Тэд надаас үүнийг гуйгаагүй, би тэднийг зүгээр л телевизээр хараад ингэх нь зүйтэй гэж бодож байна. Чухам ийм болоод л би сайн, онц сайн, гэхдээ л.. гэж хэлээд байгаа юм…
“Залуу зохион бүтээгч” уралдаан Н.Алтанхуягийн ивээл дор байсан, одоо хэний мэдэлд орох нь “чөтгөр бүү мэд” тохиолдолд “төрийн дэмжлэг” гэдэг бол “нохойн зам” л болдог байхгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 05.


URL:

Сэтгэгдэл бичих