Монголбанкны ерөнхийлөгч Мөнгөн ембүүний ченж хийсэн үү?
Авлигатай тэмцэх газраас “Анад” банк, албан тушаалын хэргээр хавтаст хэрэг нээгээд байгаа одоогийн Л.Пүрэвдорж ерөнхийлөгчид, миний бичиж буй материал огт хамаагүй. Уншигч та, гарчигнаас нь хараад, хүн эндүүрэвзэй. Харин Монголбанкны ерөнхийлчөөр 2000-2006 онд ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай холбоотой асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ эрхэм гишүүн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа буруу сонсоод гурван төгрөгийн дэвсгэртийг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн дэвтэрлэн олноор үйлдвэрлүүлсэн тухай ч гол нь биш юм. Бас, Богдын хатны шүрэн хөөргийг албан ёсны үнэ ханшийн мэдээлэлд ойр байдгаа ашиглан зах зээлийнхээс хямд худалдан авч гэргийдээ бэлэглэсэн тухай ч бас биш юм. Энэ мэтийн шалдар булдарыг товчхон сонирхуулаад, хамгийн гол асуудлыг төгсгөл рүү нь хөндье.
О.Чулуунбатыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 1993-1996 онд ажил¬лаж байхад түүнээс хамаатай хамаагүй нь бүү мэд, ямарч байсан мөнгөний ханш унаж гурван төгрөгөөр худалдаж авах эд бараагүй болсон үе тохиов. Гүйлгээний хэрэгсэл байх чадвараа алдсан гурвын дэвсгэрт, малгүй болсон хөдөөгийнхөн хот руу шилжих мэт, томчуудын мөнгөний түрийвчнээс хүүхдийн “мөнгөний гахай”-руу шидэгдлээ. Улмаар худалдан авах чадвар, ханшаа илэрхийлүүлсэн “самарканд” гэдэг өхөөрдлийн нэртэй болов. Энэ үед Мон¬голбанкны зөвлөлөөс гуравтын дэвсгэртийг гүйлгээнээс татах, гурав дахин цөөлж (хуучнаас) цаашид хэвлэх бодлогын чанартай шийд гаргажээ. Тэгсэн одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат тоог нь багасга гэснийг ихэсгэ буруу сонсоод гуравтын “самарканд”-ыг гурав дахин олон тоогоор үйлдвэрлэх захиалга өгсөн байдаг юм. Тэр үед хуш мод ч яасан сайхан үрээ өгдөг байсан юм бэ, Монгол даяар самрын яс, “самарканд” хоёрт мөн ихээр дарагдаж билээ.
Дөрвөн жил болоод явуулдаг манай УИХ-ын сонгууль, дөрвөн жилийн мөчлөгтэй Европ тивийн хөлбөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээнтэй давхацдаг. Ирэх оны сонгууль, Зүүн Европын хуучин соц орон Польш, Укрианд болох тэмцээнтэй давхацна. Тиймээс 2012 оны тав, зургаа, долдугаар сард телевизээр уламжлал ёсоор зөвхөн нэр дэвшигч, хөлбөмбөг хоёр гарах нь тодорхой. Урьд нь бас л ийм байсан.
2008 онд Австри, Швейцарьт болсон тивийн аваргын тэм¬цээний өмнө телевизээр “Үү¬нийг л хөлбөмбөгийн гайхамшиг гэхгүй юм бол, өөр юуг гайхамшиг гэх юм бэ” гэж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хөлбөмбөгийн тайлбарлагч гарч байна. Тэрээр хөлбөмбөгт хэрхэн дурласан, хэрхэн “TV-9”-д тайлбарлагч хийснээ ярьж байгаад, сүүлдээ халаад Үндэсний төв номын сангийн “Советский спорт” сонины дугааруудаас прээтикээр зүсч хулгайлан авснаа ярилаа. Бүр “Тэр хайчилбарууд одоо хүртэл манайд хадгалаатай бий” гэж нэмж баталгаа гаргаж өглөө. Номын хулгай нь хулгай биш юм гэнэ лээ, гэхдээ арай ч дэндлээ, энэ тайлбарлагч ч балрах байх гэж олон хүн санаа зовж байв. Тэрээр прээтикний хэргээр балраагүй, харин хөлбөмбөг тайлбарлахдаа, “ш”-ээр эхэлж урт “аа” дагасан үгийг гурван удаагийн тоглолтын үеэр хэлснээсээ болоод телевизээр хөлбөмбөг тайлбарлахаа өнжихөд хүрсэн гэдэг. Лав л “Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тэмцээнд Орос Чили хоёрын хэн хожсон нь шалгарах байлаа. Оросууд Чилийн цэргийн дэглэмийг эсэргүүцэж нутагт нь хариу тоглолт хийгээгүй. Очиж тоглосон бол ш…гаад өгөх байлаа” гэж хэлсэн юмдаг.
2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө О.Чулуунбат “МN-25” телевизийн “Би” нэвтрүүлгээр гарч байна. Яруу найрагчийн хувьд аймагтаа л Явуухулан гэдэг шиг, банк санхүүгийн талаар Монголдоо номер нэг энэ эрхэм хөөрөг цуглуулах хоббитой гэдгээ ярьж байна. Хөөрөгний тухай онц сонир¬холтой лекц уншиж байснаа, сийлбэртэй шүрэн хөөргийг үзүүлж, манай эхнэрийнх гэлээ. Гарал үүслийн гэрчилгээгээр нь яривал, VIII Богд Жавзанзандамба хутагтын хатных гэнэ. Ардын засаг хутагтыг 1924 онд нас барсны дараа эд хөрөнгийг нь тоолж цэгцлэн төрд данслан хураахад тэр дотор нь байсан хөөрөг аж. Тэрээр “Шүрэн хөөрөгний паспорт дээр Богдын хатных гэдгээс эхлээд бүх зүйл нь бичээстэй буй” гэж нэмж баталгаа гаргаж өглөө.
О.Чулуунбатын ярианаас, уг хөөргийг өвөг дээдэс нь тэртээ 1920-иод онд худалдаж аваагүй, хожим өөрөө цаасан дээр байгаа үнийг нь төлөөд, хандиваар бус цалингаараа авсан гэж бид ойлгож мэдсэн. Харин шүрэн хөөргийг өөрөө удирдаж байсан Эрдэнийн сангаас авсан эсэх, авсан бол үнийг яаж тогтоосон, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 14-ийн нэгд заасан “үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн” зүйл гэдэгт шүрэн хөөрөг ордог эсэхийг нарийн сайн ойлгосонгүй өнгөрсөн юм. Магадгүй, тэрээр тун тодорхой ярьсныг би дуулаагүй, эсвэл буруу дуулсан байж мэднэ…
О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч байхдаа 2005 оны эхээр төв банкин дахь Монгол Улсын Эрдэнэсийн санг хоосолж, тэнд байсан мөнгөн ембүүнүүдийг Зуун айлын угшилтай хятадын эрлийзүүдээр зуучлуулан Бээжин рүү гаргаж зарсан билээ. Тэрээр өөрийнхөө нэр дээр, хувь хүний хөрөнгө гэж гаалийн бүртгэлд тэмдэглүүлж Замын-Үүдийн олон улсын боомтоор хил гаргасан юм. О.Чулуунбат нь Эрдэнэсийн сангаас мөнгөн ембүүнүүдийг хувьдаа худалдаж аваад өмнөд хөрш рүү ченжлэв үү, эхэлж зарчихаад олсон ашгаасаа хэр тааруу төлбөр хийв үү гэдэг нь сэтгүүлч надад одоо болтол тодорхойгүй байдаг.
Ямар ч байсан тухайн үед Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, иргэн О.Чулуунбатын ембүүнүүдийг гаалиар гаргахыг зөвшөөрсөн цохолт хийж өгсөн байсан. Хятадын талаас үнэт эд зүйлийн ченжүүд тусгай тоноглосон хамгаалалттай машинтай Эрээн хотод ирж тосч авсан. Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яамны байрнаас 100-гаад метр зайд холгүй байдаг, Зуун айлын Рашаантын гудамжнаас нүүж очсон эмэгтэйн хувийн зочид буудлын өрөөнд богц богцоор нь давхарлаж хураагаад хамгаалалтын цагдаагаар мануулж байсныг миний бие өөрийн нүдээр харсан юм. Тэр үед “Монголбанкны ерөнхийлөгч чинь мөнгөн ембүүний ченж хийж байна уу” гэсэн хардлага төрж билээ. Ноднин өдийд, ардчилсан холбооны албан бус төв хэвлэл ”Өдрийн сонин” дээр О.Чулуунбат хувиараа Юан гүрний үеийн мөнгөн ембүүг богц богцоор нь өмнөд хөрш рүү 2005 оны Цагаан сарын үеэр гаргаж зарсан тухай материал нийтлэгдсэн. УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдлээ. Сонгуульд нэр цэвэр өрсөлдвөл төрийн түшээд дахиад сонгогдох боломж дүүрэн бий. Үүнийг судалгааны дүнгээс гадна Ардын намын журамт нөхдийн үнэлэлт харуулж байгаа.
Иймээс, удахгүй сонгууль болох гэж байхад Ардын намын нөлөө бүхий төрийн түшээ Та хариулт өгөх ёстой.
УИХ-ын эрхэм гишүүн О.Чулуунбат Та, энэ бүгдэд ил тодоор, нээлттэйгээр, тоо баримттайгаар хариулж, хэдээр авсан, хэдийг төлснөө ил тодоор хэлээч. Яагаад гэвэл, энэ бол ганц таны асуудал биш. Маш их түүхтэй, гавьяатай Ардын намын гишүүний хувьд чимээгүй дуугүй суугаад байж болохгүй. Болсон бодит байдлыг намын хамт олонд, Монголын ард түмэнд хэлэх ёстой бус уу?
Тайлбар хариултаа манай Үндэсний шуудан” сониноор дамжуулан өгнө үү гэж таныг албадахгүй. Заавал сонин гэхгүй, телевиз байж болно, тухайлбал ”TV-9” ч юм уу? Б.Ерэнтэй
яанаа
URL: