Эмийн үнэ 200-500 төгрөгийн зөрүүтэй байна

emiin sanХүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ. Учир нь, манай улс эмийн хэрэглээнийхээ75-80 орчим хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдаалах үнэ хэт өндөр байдаг аж. Манай улсад эм бэлдмэлийн үнийг зохицуулах хууль тогтоомж, журам байдаггүйгээс сүүлийн үед эмийн үнэ нэмэгдэх болсон. Нэг ёсондоо эмийг оруулж ирж буй аж ахуйн нэгж, байгууллага хүссэн үнээ тогтоодог гэсэн үг. Дэлхий нийтэд хоёр тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Монголчуудын хувьд ч ийм байдал тулгарч байгааг үгүйсгэхгүй. Эмийн үнэ өндөр байгаа нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлдэг. Ялангуяа хүйтний улиралд ханиад томуу ихэссэнээс эмийн эрэлт нэмэгдэж, үнэ нь өсдгийг хэлэх иргэд цөөнгүй. Эмийн үнийг хэн нэмж байна. Эмийн санчид, эм үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ шулж байгаа юм биш биз. Ямартай ч эмийн сангаар орж, иргэдийн хамгийн түрүүнд авч хэрэглэдэг өвчин намдаах эмийн үнийг сонирхов. “Чинван” эмийн санд диклоденк -100 буюу өвчин намдаах эм 10 ширхэгтэй нь 3500, диклоденк-50 2000, ношпа 1500 төгрөгийн үнэтэй байв. Харин жаахан яваад “Ард” кино театрын автобусны буудал дахь“Чигатуссин” ХХК-ийн эмийн санд диклоденк -100 буюу өвчин намдаах эм 10 ширхэгтэй нь 4000, диклоденк-50 2000, ношпа1700 төгрөгийн үнэтэй байлаа. Бусад эмийн сан ч харилцан адилгүй үнэтэй байв.

Ингэхээр ганц, хоёр эмийн жишээнээс харахад үнийн хувьд дор хаяж 200-500 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Хамгийн гол нь нэг үнээр импортлож, ижил унаагаар тээвэрлэж, адил татвар төлсөн эмийг зэргэлдээ хоёр эмийн сан өөр үнээр зарж байна. Үүнээс гадна хотын төвийн, хотын захын эмийн сангын эм бэлдмэлийн үнэ тэс өөр. Тухайлбал, гэр хорооллын эмийн сангаас дээрх өвчин намдаах эмийг 300-1000 төгрөгийн хямдаар авч болох юм.

Эмийн зохисгүй хэрэглээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Монголчууд нүдэнд харагдах шарх, биед илт зовиур мэдэгдэхгүй л бол эмнэлгийг мартдаг улс. Зарим нь өвдсөн ч эмнэлэгт үзүүлэхээс тээршаан юуны түрүүнд эмийн санг зорьдог. Эмийн санчаас энэ өвдлөө ямар эм сайн бэ, тэр өвдлөө ямар эм уух вэ гэж асууж, лавлаж байгаад авч хэрэглээд сурчихсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл хэрэглэж буй эмийнхээ хугацаа болон тун, зааврыг асуулгүй дур мэдэн уудаг. Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг, мэдээлэл муу. Эмийг өөрийн дураар хэрэглэж, үүний улмаас эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох нь элбэгшиж байна. Үүнээс гадна эмийн санд ажиллаж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус байдаг болсноос жороо уншиж гаргадаггүй. Буруу тунгаар эмийг өгдөг гэх шүүмжлэл их гарах болсон. Үүнээс болж эмийн хордлогод орсон тохиолдол цөөнгүй байдаг. Жишээ нь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дөрвөн хоногтойгоос гурван сар хүртэлх 16 нярай“Люминал” хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлсэн. Тус төвд үзүүлсэн хүүхдүүдэд эмчийн зүгээс сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг хүүхдийн тунгаар бичиж өгснийг “Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгснөөс учраас нярай хүүхдүүд ийнхүү хордсон хэрэг гарсан.

Ш.Энхтуяа: Эм бэлдмэлийг ил задгай худалдаалах нь багассан Эмийн сангуудад ямар хяналт, шалгалт хийдэг талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Ш.Энхтуяагаас тодрууллаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс эмийн сангуудад хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай байгуулагын зүгээс эмийн сангуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн гэсэн хяналт шалгалтыг хийдэг. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг эрсдэлийн үнэлгээгээр дүгнэн дунд эрсдэлтэй гэж үнэлсэн байгууллагуудаа өмнөх оны арванхоёрдугаар сарын 1-нээс зарлаж хяналтын хуудсаараа үнэлгээ өгөх зарчмаар хяналт тавьдаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэд, байгууллагаас ирсэн гомдол, мэдээллийн дагуу хийнэ. Харин гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг улсын байцаагчийн өгсөн албан шаардлагын биелэлт ямар байгааг шалгадаг.

-Эмийн санд ямар мэргэжлийн, хэчнээн хүн ажиллах ёстой байдаг вэ?

-Эмийн сангийн ажиллах стандарт гэж бий. Тухайлбал, эмийн санд I, II зэрэглэл тогтоодог. II зэрэглэлийн эмийн санд эрхлэгч буюу эм зүйч, эм найруулагч, жор баригч ажиллах ёстой. I зэрэглэлийн эмийн санд эрхлэгч буюу эм зүйч, эм найруулагч, эм шинжлэгч, жор баригч зэрэг орон тооны хүнтэй байхыг шаарддаг. Хяналт шалгалтын явцад мэргэжилгүй хүн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авдаг.

-Хөдөө орон нутагт ажиллаж буй эмийн сангуудад хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Аймаг бүрт Мэргэжлийн хяналтын газар байдаг. Түүнд эм, био бэлдмэлийн чиглэлээр байцаагч нар ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн аймгийн байцаагчид орон нутгаар явж хяналт, шалгалт хийдэг.

-Сүүлийн үед эм, бэлдмэлээс болж хүн хордсон хэрэг гарах болсон. Энэ нь эмийн санч болоод хувь хүний болгоомжгүйгээс үүдэлтэй. Энэ байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?

-Үүнийг эмийн санчтай холбохоос илүү иргэдийн эмийн зохисгүй хэрэглээ их байна. Эмийг зөв зохистой хэрэглэж төлөвшөөгүй, эм, эрүүл мэндийн талаарх мэдлэг хомсоос бас үүдэж байна. Тухайлбал, эцэг эх нь нярай хүүхдэдээ эмийг зааврынх нь дагуу өгдөггүй, өгөх ёстой тунг нь хэтрүүлсэн байдаг. Тиймээс хувь хүн өөрөө анхаарах хэрэгтэй.

-Зарим захад ил задгай, гар дээрээс эм, бэлдмэл худалдаалж харагддаг. Үүнд ямар хяналт тавьдаг вэ

-Гадуур ил, задгай эм, бэлдмэлийг гар дээрээс худалдаалах явдал харьцангүй багассан. Ялангуяа“Нарантуул” захад зарж буй эм бэлдмэлийг сүүлийн хоёр, гурван жил дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран давтамжтай шалгалтуудыг хийж байгаа. Үүний үр дүнд гар дээрээс хууль бусаар эмийн худалдаа хийж байсан нэлээд зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа.

-Саяхан анельгин дээр өөр шошго наасан байна гэх мэдээлэл гарсан. Үүнд хяналт, шалгалт хийсэн үү?

-МХЕГ-ын зүгээс тус мэдээллийн дагуу шалгалт хийж, эмийг буцаан татаж, холбогдох арга хэмжээг авсан. Шалгалтын үеэр“Цомбо” эмийн үйлдвэр үлдэгдэл хуучин хаягтай ампулаа ашиглаад гадна нь шинэ хаяг наасан зөрчил илэрсэн. Үүнд хаяг, шошгын зөрчилтэй гэсэн заалтаар арга хэмжээ авсан. Манай зүгээс үйлдвэрлэсэн байгууллагад торгууль, шийтгэврийн арга хэмжээ авч, тухайн зах зээлд нийлүүлсэн эмийг буцааж татсан.

-Он гарсаар эмийн сангуудад ямар нэг зөрчил илэрсэн үү?

-Эмийн сангуудад хийх төлөвлөгөөт шалгалтыг гуравдугаар сарын 16-наас хийж эхэлнэ. Одоогоор төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна. Он гарсаар орон нутагт цөөн тооны зөрчил гарсан. Тухайлбал, эмийн сан зөвшөөрөлгүй ажиллуулсан, хаяг шошгын зөрчилтэй эмээр үйлчилж байсан тохиолдол илэрч, холбогдох арга хэмжээг авсан.

 

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих