Кондуктор, зорчигчтoй нийлж бусдын эрх чөлөөнд халдсан уу?
М:30 Вокзал-Япон цэргийн цогцолбор-Өвөр согоот чиглэлд явдаг 3761 УНХ улсын дугаартай автобусны кондуктор н.Х таны харж байгаа энэ охинтой хамтран бусдыг элдвээр доромжилж, гоо сайхан болон эрх чөлөөнд нь халдсан ажээ. Тодруулбал энэ сарын 7-ны өдрийн 12 цагийн орчим Долоон буудлаас М:30 Вокзал-Япон цэргийн цогцолбор-Өвөр согоотын чиглэлд явдаг автобусанд зорчигч эмэгтэй 15 настай охин, дөрвөн настай хүүгийн хамт суусан байна.
Улмаар үнэгүй зорчих группийн үнэмлэхээ үзүүлэхэд “Шал хөгшин чавганцын үнэмлэх үзүүллээ” гэх мэтээр элдвээр хэлсэн байна. Тухайн зорчигчтой хамт явж байсан 15 настай охин нь 200 төгрөг өгөхөд 500 төгрөг нэхсэн ажээ. Хэдийгээр зорчигч охиноо сурагч гэдгийг хэлээд ч тусыг эс олж, багагүй доромжлуулжээ. Энэхүү маргаанд тус автобусанд сууж явсан зорчигч бүсгүй өөрийгөө кондуктор хэмээн хэлж хөндлөнгөөс оролцож, “Наад авгай чинь буухгүй бол хүүг нь буулгачихая. Тэгэхээр буухгүй яадаг юм” гээд хүүхдийг нь буулгахыг завдсан байна. Үүнийг нь болиулсан зорчигч эмэгтэйг тухайн автобусны кондуктор, зорчигч бүсгүйн хамт ийнхүү нүүр нүдгүй зодож эрх чөлөөнд нь халдсан аж.
Тэгвэл энэ хэргийн хохирогч эмэгтэй нь 90 хувиар группт орсон хүний асаргаанд байдаг нэгэн юм. Тэрбээр зүүн бөөр болон нойр булчирхайн их бие, сүүл хэсгээ тайруулах хагалгаанд орсон, биеэ хамгаалах чадваргүй нэгэн ажээ.
Биеэ хамгаалах чадваргүй иргэнтэй ёс бус харьцсан хэмээн Нийслэлийн тээврийн газраас н.Х кондукторыг Автотээврийн тухай хуулийг үндэслэн 30 000 төгрөгөөр торгоод өнгөрсөн байна.
Харин бусдыг доромжилсон кондукторт ямар арга хэмжээ авсан талаар “Сайхан Ирээдүй” ХХК-тай холбогдоход “Яг манай кондуктор бусдад гар хүрээгүй. Тэр хажууд нь байсан охин зодсон юм билээ. Манай захирлаас тодруулаарай” гэсэн юм. Үүний дагуу тус компанийн захирал н.Болдбаатартай холбогдоход “Тухайн зорчигч надтай холбогдсон. Эрх чөлөөнд нь халдсан хэрэг байна.
Тиймээс хуулийн байгууллагад ханд гэдгийг зөвлөсөн байгаа. Улмаар тэр өдөр кондукторыг ажлаас нь буулгасан. Кондуктортай уулзаж тодруулахад би зодоогүй ээ. Зодоон хийхэд нь салгасан гэдгийг хэлсэн. Жолоочоос энэ хэргийн талаар тодруулсан. Улмаар бүх ажилчдын хурал хийж, анхааруулга зөвлөгөө өгсөн байгаа. Дараа нь тухайн зорчигчтой би уулзсан байгаа. Тухайн зорчигч цагдаагийн байгууллагад хандсан. Бид хуулийн байгууллагын шийдвэрийг харж байж ямар арга хэмжээ авахаа шийдэх болно гэдгийг учирласан байгаа.” гэдгийг тайлбарласан юм.
Уг хэргийг өнөөдөр хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хүний эрх чөлөөнд халдсан гэгдээд байгаа кондуктор ажлаа хийж байгаа ажээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: