“Ургах наран”-гаас “ундарсан” бохир хэрээс хэтэрлээ

4639_151Бид өмнөх нийтлэлдээ “Ургах наран хорооллын бохир хальж хөлдөн иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулж буй” талаар мэдээлсэн.

http://www.ugluu.mn/105413.html

2013 оны 03 сард ашиглалтанд орсон Баянзүрх дүүргийн XI дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ургах наран” хороолол бохирын асуудлаа бүрэн шийдэлгүй байрандаа оршин суугчдыг оруулснаар өдгөө 2 жил гаруйн хугацаанд эрүүл хөрсийг бүрэн бохирдуулан, нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсаар өнөөг хүрлээ.

Яг өнөөдрийн нөхцөл байдлыг дурдвал “Ургах наран” хорооллын бохир хальж, авто замыг дагаж урссан, хөлдсөн бохир болон хөрсний ус нь Баянзүрх дүүргийн Туулын гудамжинд байрлах албан газар, айл өрхийн хашаанд орсон байдалтай байна.

IMG_0740-600x330Монгол Улсын үндсэн хуулиар заагдсан  “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах” бүрэн эрхээ тус хорооны иргэд эдэлж чадахгүй, “паартай байшин, паалантай жорлонд суугаа” 400 гаруй өрхийн 1500 гаруй иргэдийн бохироор амьсгалж,  бохир усыг нь гишгэн их хот руу хөл тавигсад цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр, цаг агаар дулаарах тусам халдварт өвчин гарах эрсдэл ойртсоор.

Энэ асуудалд дүүргийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогттой уулзаж тодрууллаа.

DSCN5847-Танай дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран” хорооллын бохирын ус ил задгай газар, зам дагуу хальж урсан хөлдсөн байдалтай байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-2013 оны эхнээс л “Ургах наран” хорооллын бохирын асуудал анхаарлын төвд орж 01, 02 дугаар сараас бохир халиад тухайн ойр орчмын газарт яг өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн. Дүүргийн зүгээс холбогдох байгууллага болон “Ургах наран” хорооллын удирдлагуудад удаа дараа албан бичиг, шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Мөн онд нийслэлд энэ талаар санал хүсэлт тавьж, 300 сая төгрөгний төсөв батлуулаад тухайн бохирдсон газрыг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсны зэрэгцээ нэг бохир соруулдаг авто машин аваад бүтэн 6 сарын хугацаанд бохир соруулах ажлыг дүүргээс бүрэн хариуцаж ажилласан. Тэр хугацаанд ямар нэгэн бохир халиагүй, тухайн ойр орчмын газар нөхөн сэргээгдсэн ч дахин ийм нөхцөл байдал үүсээд нэг өвлийг давж байна.

-Баянзүрх дүүргээс бохир соруулах ажлыг хариуцдаг байхад өдөрт дунджаар хичнээн хэмжээний бохир зайлуулдаг байв?

-“Ургах наран” хороололд сүүлийн 2 жилийн хугацаанд  дахин 1 блок нэмэгдэж ашиглалтанд орсон. Тухайн хорооллоос өдөрт гарч байгаа бохир усны хэмжээ маш их байдаг. Биднийг ашиглалтыг хариуцаж ажиллаж байхад дунджаар 15 тонныг 2 машин, 10 тонныг нэг машин өдөрт 3 хувааж хийж байж зөвхөн халиахгүй хэмжээнд нь барьдаг байсан. Ойролцоогоор 130-160 куб2 ус тэндээс  гардаг ийм өндөр ачаалалтай газар. Мэдээж бохир соруулах ажиллагааг хийхдээ тодорхой байгууллагатай гэрээ хийж, хамгийн хямд нөхцлөөр бензиний зардлыг гаргах төдийд, төрөөс авч өгсөн нэг машинаар шатахуун, жолоочийн цалинг гаргаад 6 сарын хугацаанд хариуцаж ажилласан. Улсаас шийдвэрлэсэн мөнгө нь ч дууссан.

7ce4441c8ed6b6d7bigБидний зүгээс одоо энэ асуудлыг нийслэлийн удирдлагуудад уламжилсан. Налайхаас нааш тавьж буй Туул 1 2 гэдэг коллектор шугам ашиглалтанд орохгүй бол бохир дахин хальж урсах асуудал үүсэх учраас бид хийсэн ажлаа хамгаалахын тулд тодорхой хөрөнгө шийдэж өгөхийг хүсэж шугамд холбогдтол  бохир соруулах ажлыг үргэлжлүүлэх санал тавьсан. Тухайн үед нийслэлээс ажлын хэсэг байгуулагдаж газар дээр нь очиж танилцсан.

-Ажлын хэсэг ямар шийдэлд хүрсэн бэ?

-Нэг хорооллын оршин суугчдын бохирын зайлуулахын тулд нийслэлийн төсвөөс мөнгө өгч байгаа нь хэр оновчтой болох, хэний буруутай үйл ажиллагаанаас болж энэ байгууллагын асуудлыг улсаас шийдэх вэ гэж яригдсан.

Нийслэлийн орлогч дарга Батаагаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад тухайн барилгын компаниудад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн байдаг юм билээ. Улсаас богино хугацаанд энэ шугамыг яаралтай ашиглалтанд оруулах асуудлыг хөөцөлдөнө, харин шугам ашиглалтанд ортол бохироо халиулахгүй, өөрсдөө соруулаад ажилла гэдэг үүрэг даалгавар өгснийг компанийн удирдлагууд ч гэсэн хүлээж аваад хугацаагаа тохироод нэг хэсгийг өнгөрөөсөн. Харамсалтай нь шугам нь ч ашиглалтанд ороогүй, компани нь ч буцаагаад бохиороо халиулсан ийм байдалтай байна.

-Тэгэхээр 2 жил гаруй хугацаанд ийм байдалтай байгаагийн гол буруутан хэн болж таарах вэ? Эцсийн дүндээ танай дүүргийн иргэд хохирч байгаа учраас буруутанг та нар мэдээж хайсан байх. Энэ хорооллыг бариулсан хүмүүс үү, барилгын компаниуд уу, эсвэл өдий болтол хүлээгдээд буй Туул гэгдэх шугамын ажил хийж буй нөхдүүд үү?

Яг буруутай этгээд нь  хэн болох талаар судлаад үзэхэд бас их төвөгтэй, эзэн нь олдож өгөхгүй байгаа юм.

Анх “Ургах наран” хорооллыг Улаанбаатар хотыг утаагүй болгох гэдэг том төслийн хүрээнд тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, манай Баянзүрх дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр гэдэг хүмүүс санаачилж төсөл хэлбэрээр хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Барилга барихад заавал инженерийн, дэд бүтцийн техникийн нөхцлүүдийг мэргэжлийн байгууллагуудаас гаргах ёстой байдаг.

Цахилгаан, цэвэр ус, дулааны техникийн нөхцлүүд нь хангагдсан ч бохир усны асуудлыг Налайхаас төв чиглэлд холбогдож байгаа Туул гэдэг коллектор шугам ашиглалтанд орохоор холбоно гэдэг техникийн нөхцөлтэйгээр анх ашиглалтанд оруулсан юм билээ.

Гэвч тэрхүү шугам нь ашиглалтанд орж чадалгүй өнөөг хүрсэн. Тухайн үед хариуцаж гүйцэтгэсэн компаниуд ашиглалтанд оруулж чадалгүй, мөнгө нь дутсан, мөн намагтай газар байсан учраас шугам нь гэмтсэн, хагарсан ашиглах боломжгүйгээс болоод өнөөдрийг хүртэл Налайхаас нааш татсан шугам ашиглалтанд ороогүй байгаа юм.

Гэвч барилгын компаниуд байраа зараад айлуудаа оруулаад эхэлчихсэн. Тухайн бүс нутагт зам дагуу ёонкс булж, тэндээсээ сорох ажлыг зохион байгуулсан ч өдөрт гарч байгаа бохирын хэмжээ, иргэдээс авч байгаа бохирын буюу СӨХ-ийн мөнгө 2-ын хооронд маш том ялгаа гарч эхэлсэн байсан.

Untitled

/Ургах наран хорооллоос ургасан олон асуудлын нэг болох бохир усны эзлэх талбайн өнөөгийн байдал/

Тиймээс ашиггүй ажиллаж байгаа учраас шууд усаа халиулаад, ил задгай талбайд асгараад хөлдөөд байж байна.

“Ургах наран” хорооллын зүгээс ч манайд санал тавьсан. Бидний зүгээс шугамыг яаралтай ашиглалтанд оруулах тал дээр хариуцсан албан байгууллагуудад бичиг хүргүүлэх, мөн бохир ус хальсан ойр орчмын газрыг эрүүлжүүлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсны зэрэгцээ 6 сарын туршид халиад байгаа бохир усны асуудлыг үүрч явсан. Дүүрэг өөрийнхөө чадах хэмжээний ажлыг хийсэн.

-Сүүлийн корпус ашиглалтанд орсноор яг одоо “Ургах наран” хороололд хичнээн айл, өрх амьдарч байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 400 орчим өрх амьдарч байна гэсэн судалгаа ирсэн. Хүн амаар тооцоход нэг өрхөд дунджаар 3-5  ам бүл бий гээд бодоход 1700 орчим иргэн амьдарч байгаа гэсэн үг.

-Аль аль талдаа хариуцах эзэнгүй “бөмбөг хаясаар явтал” урин дулаан цаг болж халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн нь харагдаж байсан. Танай дүүргийн иргэд, оршин суугчдын үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж хохирч байна. Одоо яах вэ?

-Мэдээж манай дүүргийн нутаг дэвсгэрт, манай дүүргийн иргэд хохирч байгаад бид байнга санаа зовж, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд дүүргээс шалтгаалах ажлыг чадлаараа хийж байна. Гэвч биднээс шалтгаалахгүйгээр, эрх мэдэл давсан шийдвэр гаргах, хөрөнгө мөнгөний асуудал байгаа учраас дээд шатны байгууллагад энэ асуудлыг уламжилж тавьж байгаа юм.

-Түрүүнд та хэлсэн. Ургах наран хорооллын зүгээс манайд санал тавьсан гэсэн. Яг ямар санал тавьсан бэ?

-Ургах наран хорооллоос танайх төрийн байгууллага учраас Налайхаас явж байгаа Туул 1 2 гэдэг коллектор шугамыг яаралтай ашиглалтанд оруулах тал дээр зохих шатны байгууллагад уламжилж, шийдвэрлүүлж өгөөч гэдэг хүсэлтүүдийг тавьсан, 2-3 удаагийн уулзалтуудыг хийсэн. Тухайн үед буюу 2013 онд бид үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлээд явж ирсэн. Харин өнөөдрийн хувьд дүүрэг өөрийнх нь эрх мэдэл хүрэхгүй, цэвэр мөнгө санхүүтэй холбоотой асуудал учраас гацаанд ороод байж байна.

Инженерийн байгууламж, шугам сүлжээ гэдэг мэргэжлийн байгууллагуудын шийдэх ёстой ажил. Тухайлбал Налайхын шугамын ажил шууд Барилга, хот байгуулалтын яамтай холбоотой ажил юм. Бүхэл бүтэн яамны түвшинд хийж шийдвэрлэх ажлыг дүүрэг хийнэ гэдэг өөрөө эрх мэдлийн хувьд ч, мэргэжлийн байгууллагын хувьд ч ялгаатай.

Анх захиалсан байгууллага яам учраас хяналтаа тавиад шахаж шаардаад явах ёстой.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэд хохирч байгаа ч бидний зүгээс холбогдох байгууллагуудад тодорхой шаардлагуудыг тавиад л байж байна.

IMG_0750-600x427

Ийнхүү “Ургах наран” хорооллыг тойрсон асуудал өнөөдөр “аалзны тор” мэт сунжирсан олон асуудлыг араасаа дагуулж байна.

Хариуцах эзэнгүй болтлоо төөрөлдсөн эл асуудалд хувь, төр гэлтгүй хаа хаанаа “МУУ” дүнтэй ажиллаж байгааг харуулах мэт.

Энэ асуудлын гол буруутан:

Төсөл нэрийдлээр санаачилан бариулсан эрх дархтнууд, инженерийн асуудлаа бүрэн шийдээгүй байж худалдан авагчид, оршин суугчидаа  оруулсан барилгын компаниуд, өдий болтол Налайхаас нийслэл чиглэсэн Туул 1, 2 гэх коллектор шугамыг ашиглалтанд хүлээж авч чадаагүй Барилга хот байгуулалтын яам, 300 сая төгрөг өгөөд толгойг нь илээд сууж байсан нийслэлийн удирдлагууд, өнгөрсөн оноос хойш газар дээр нь нэг ч удаа очиж ажиллаагүй, нөхцөл байдлыг харж шийдвэр гаргаагүй нийслэлийн орлогч Батаа даргаар ахлуулсан ажлын хэсэг, нийслэлийн нэг дүүргийн иргэд баас, шээсэн дунд амьдарч байхад албан тасалгаанд сууж ажлаа явуулж буй “сохор нүдтэй” мэргэжлийн хяналтын байгууллага, “одоо яах вэ” гээд тэнгэр харж суугаа Баянзүрх дүүргийн удирдлагууд аль аль нь буруутай мэт санагдана.

Хавар боллоо.

Баянзүрх дүүргийн XI хорооны “өмхийрсөн” газраас улбаалан халдварт өвчин дэгдэж хүний эрүүл мэнд, амь насанд “заналхийлвэл” эдгээр буруутай эрхмүүд бүгд хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг “хатуухан” сануулчихья.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Г.Одонтуяа

ugluu.mn


URL:

Нэр: gogo Огноо: 12 March 2015

Ganbayar gdg hun ene horoolloor reklamdaj bj garaa bizde.Odoo martsan l yavaa bhdaa.Ter teneg

Сэтгэгдэл бичих