Г.Дэнзэн: Би оргон зайлаагүй
“Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн албан тушаалаа ашиглан эхнэрийнхээ компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь нүүрс” хэмээх компани 17 тэрбумын тендэр авч нүүрс гаргахаар болсон” гэх зэрэг мэдээлэл хэвлэлийн хуудаснаа цацагдсан цагаас эхлэн Г.Дэнзэн гэх залуу олны анхаарлын төвд орсон. Тэрбээр эл асуудалд хариу өгч “Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн үед намайг Тавантолгойн тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн хүн тендерийн шалгаруулалтад оролцох, шийдвэр гаргах боломж байдаггүй. Учир нь Компанийн тухай хууль, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрэм гэж бий. Эдгээр хууль болон дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг оролцох эрхийг нь хязгаарлачихсан шүү дээ” хэмээн тайлбар хийсэн. Гэсэн ч эл асуудал намжилгүй үе үе сөхөгдөх болсон нь цаанаа улс төрийн шалтгаантай хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэж ярьдаг нь ортой бололтой. Түүнийг АТГ-аас шалгах болсонтой холбоотойгоор оргон зайллаа хэмээх мэдээлэл цацагдсны дараа тэрбээр дээрх мэдээллийг ташаа гүтгэлэг болохыг мэдэгдсэн байна. Г.Дэнзэнгийн захидлыг бүрэн эхээр нь хүргэе : Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй, ээлжит гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зориудаар нийтэд түгээж буйг залруулахын тулд уг ил захидлыг бичиж байгааг минь ойлгон хүлээн авна уу. Намайг чиглэсэн олон удаагийн гүтгэлэг нь эхэндээ улс төрийн зорилготой байсан бол одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилж буй энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас зарлан дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүйг энд зориуд хэлэх нь зүйтэй байх. Хэн нэгний гэм буруутай эсэхийг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийддэг гэж бодож байна. Харин үнэн зүйлийг хэлж ярьсан нь хэлмэгддэг болсон энэ нийгэмд цаашид хэрхэхийг би мэдэхгүй. Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх орноосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтанд сууж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 02-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно. Эх орондоо байхгүй байгааг минь ашиглан гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг зориудаар тараахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Г.Дэнзэн
эх сурвалж:Tsag.mn
|
URL: