МАН-ын удирдлагууд Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүллээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 89 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн нар түүний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Монгол улсын сайд нарын зөвлөлийн дарга өнөөгийнхтэй зүйрлэвэл Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ түүхэн хүмүүн XX зууны Монгол орныг бүтээн босголцсоны зэрэгцээ 1990 оны ардчилсан шинэчлэлтийн үйл явцыг дэмжин, төрийн бодлогыг зөв залснаар Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн” гэдгийг онцоллоо. Ж.Батмөнх нь эгзэгтэй үед тэрээр түүхэн шийдвэр гаргаж, Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг.
Энэ талаар түүний гэргий А.Даариймаа гуай “Тэр үед МАХН-ыи Төв хорооны VIII бүгд хурал болох гээд өвгөн маань гэртээ илтгэлээ бичээд сууж байсан юм. Гэтэл утас дуугараад хэсэг ярьж байснаа “Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас хэрхэвч цус гаргаж болохгүй” гээд утсаа шидчихсэн. Ер нь ингэдэггүй тайван хүн. Тэгээд хоолоо ч идээгүй, яаран гарахад нь гадаа жагсч байсан залуус нь хоорондоо сөргөлдөөд сүйд болсон юм болов уу гэж бодоод санаа зовоод л үлдсэн. Үнэндээ гадаах жагсаал, хөдөлгөөнийг дарах, тараах зорилготой тогтоолд гарын үсэг зуруулах гэсэн юм билээ. Манай хүн тэнд очоод “Би үүнд хэзээ ч гарын үсэг зурахгүй. Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас цус гаргахдаа тулаагүй” гээд ширээгээ цохиод гарсан гэдэг юм. Орой нь “ажлаа өгчихлөө, огцорчихлоо. Монгол орныг маань залуу хүмүүс, залуучууд удирдаж явалгүй яахав” гээд инээгээд ороод ирж байсан хүн дээ” хэмээн өгүүлж сууна.
А.Даариймаа гуай өдгөө 84 нас хүрч байгаа бөгөөд нөхрийнхөө тухай хэд хэдэн ном хэвлүүлэн гаргахын зэрэгцээ хэрэглэж байсан ховор ном, товхимлуудыг нь МУИС-ын номын санд хандивлан түүний нэрэмжит болгосон байна.
Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчлийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.
URL: