Баянзүрх дүүрэгт 600 гаруй хүн гадаа хоноглов
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 55 дугаар дунд сургуулийн гаднах талбайд өглөөний 06.10 цагийн үед БНСУ- руу гэрээгээр ажиллах бүртгэлд хамрагдах хүсэлтэй 600 гаруй иргэн дугаарлажээ. Бүртгүүлэгчдээс цөөн асуултад хариулт авлаа.
Г.Энхтулга: Гадаа хонолоо
- Хэзээнээс эхлээд дугаарлав?
- Би өчигдөр үдийн 15.00 цагийн үед энд ирсэн. Өчигдрөөс хойш бүртгэл явагдах байрны хашаан дотор бараг 600 гаруй хүн хоносон. Манай дүүрэг харьцангүй хүн ам ихтэй болохоор олон хүн Өмнөд солонгос руу гэрээгээр ажиллах хүсэлтэй байгаа юм шиг байна. Энд хоносон хүмүүс хөнжил, хоол хүнсээ бэлтгээд ирсэн байгааг та харж байгаа биз дээ.
- Хөдөлмөр халамж үйчилгээний хэлтсээс өнөөдөр хэдэн хүнийг бүртгэлд хамруулах юм бол?
- Энд дугаарласан бүх хүн бүртгүүлэхгүй. Өнөөдөр эхний 250, маргааш, нөгөөдөр тус бүр 250 нийтдээ Баянзүрх дүүргээс 750 хүн бүртгэх юм байна лээ.
- Гэрээгээр ажиллахыг хүссэн иргэд ямар баримт материал бүрдүүлсэн бэ?
- Гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3.5*4.5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг бүртгэлийн хураамж 30 мянган төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн зэрэг баримтыг бүрдүүлсэн. Бас эрүүл мэндийн үзлэгт орсон байх шаардлагатай гэсэн.
Бүртгүүлэгчдийг хэв журам сахиулахаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч өчигдрөөс эхэлж үүрэг гүйцэгтэж байгаа юм байна. Тэдний хэлэхээр бүртгэл явагдах хашаан дотор хоноглосон 600 гаруй иргэн ямар нэгэн зөрчил гаргаагүй гэнэ.
Н.Түвшин
URL: http://www.fact.mn/21002.html