Засуулууд гэдэг малгайны өлгүүр биш биз дээ…
АХ-ын түүхт 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын долоогийн давааг үзэгч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэр дундаа шинээр харцага цолны болзлыг биелүүлээд байсан Ц.Содномдорж, Ч.Санжаадамба нарын барилдааныг… Энэ барилдааныг барилдаан гэж хэлэхэд хэцүүхэн тийм л будлиантай, маргаантай, харамсалтай барилдаан болсон. Ч.Санжаадамбын хувьд ч харамсах юм юу байхав. Харин ч заан болж баяр хөөрөөр бялхсан. Гагцхүү Ц.Содномдоржид л үнэхээр харамсалтай. Шударга сайхан барилдчихсан бол хэн хэн л цолоо ахиулаад харамсах юмгүй сайхан л барилдаан болох байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан наадамчин олон ч сэтгэл хангалуу, ам сайтай байх байсан нь лавтай. Гэвч талбайд барилдаж байгаа хоёр бөхийн засуулууд болоод хөлийн цэцүүд хариуцлага алдаж энэ барилдааныг будлиантай болох гол үндэс суурийг нь тавьсан.
Ер нь л анхнаасаа дүрмийн бус барилдаан болсон ч байж мэднэ. Учир нь Содномдорж, Санжаадамба хоёр талбайд гарч ирээд хэсэг барилдахгүй зогссоны дараа шууд л шодсон. Үүнийг дүрмэнд заагаагүй болоод л тэгсэн байх. Хоёр бөх харилцан тохиролцоод шодох нь буруу биш л дээ. За энэ ч яахав чухал биш. Хоёр бөхийн шодолтны дүнд Санжаадамбын талаар барьц сонгох болж таарсан. Содномдорж аргагүй л унаа холтой бөх болохоо харуулж тогтсон хэдий ч барилдааны төгсгөлд хөлийн цэцийн ширээ таарсан нь дахин барилдуулахад хүргэсэн. Барилдааны явцад Санжаадамба барьцаа алдсан, гэвч барилдаан үргэлжилж байсан гэдгээрээ засуулууд зогсоогоогүй. Ингээд дахин барилдах тохиолдол эсрэг бөх нь буюу Содномдоржийн талаар барьц сонгох ёстой байсан. Наймын даваанд Баасандорж Баяржавхлангаас барьц сонгоод барилдаан маргаантай болж дахин барилдуулахад Баяржавхлан барьц сонгож давсан. Үүний адил дүрмээрээ бол Содномдорж барьц сонгох ёстой. Гэсэн хэдий ч дахин шодуулж улмаар Санжаадамбын талаар дахиад таарсан. Ингээд хоёр бөхийг дахин барилдуулахад мөн л барьц задарч хөлийн цэц, үзэгчидрүү орсон. Энэ мөчид Санжаадамбын засуул барилдааныг зогсоох гэж барьж авсан, бараг чирэгдсэн. Содномдорж ч гэсэн барьцаа бүр мөсөн задлах гээд зугтах мөчид Санжаадамба тэр чигээр дайрч давсан, дахиад л маргаан үүссэн.
Эцэст нь хөлийн цэцүүд Санжаадамбыг давсанд тооцсон. Ингээд хоёр бөхийн нэг нь зааны босго давж, нөгөө нь хэдийгээр цолоо ахиулсан ч гэсэн харууслын нулмистай зүлэг ногоон дэвжээн дээрээ дараагийн даваа эхэлтэл зогссон. Хатуухан хэлэхэд засуул нэртэй мануухайнууд чинь бөхчүүдийн малгайны өлгүүр биш биз дээ. Бөхөө голлуулж барилдуулж чаддаггүй засуулууд, маргаантай барилдаанаа шийдвэрлэж чаддаггүй хөлийн цэцүүдэд хатуу арга хэмжээ авч, цаашид анхаарахгүй бол энэ мэт сайхан сайхан залуучуудын урам зоригийг мохоогоод зогсохгүй Монгол бөх нэр хүндээ алдсаар л байна шүү холбогдох хүмүүсээ…!!!
Бөхчүүд нь ч гэсэн ялгаагүй, хэрвээ барилдааны цаг дуусаад шодсон бол барьц сонгуулж байгаа нь барьцаа сайхан өгөөд барилдчихсан нь дээр баймаар. Тэгтэл барьцаа өгөх гэж бөөн юм болно. Энэ жилийн 6-ийн даваанд Санжаадамба Сангисүрэн хоёрын барилдааныг эргээд саная. Санжаадамба барьцаа өгөхгүй бөөн юм болно, харин өөрөө сонгох болохоор дайрч давшлаад л… Содномдоржтой барилдахдаа ч тэр дайрч давшлаад л… Сонгохдоо дайрдаг шиг сонгуулахдаа зүгээр сайхан зогсч байгаад барьцаа өгчихвөл үзэгчид ч гэсэн тэр хэрээр нь хүндлэх бус уу Санжаадамба аа…!!!
HIIMORI.mn
URL: