Азийн залуус Монголд чуулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулганыг тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулна.  “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор явагдах чуулганд дотоод, гадaадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм.

Snapshot_2015-03-10_124727

Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд болно. Мөн  “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд Азийн залуучуудын уулзалт” гэсэн хоёр салбар хуралдаантай байх аж.

 

Энэ чуулганаар 4 жилд нэг удаа сонгогддог Удирдлагын бүрэлдэхүүний сонгууль болох юм байна. Энэ жилийн чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох,  гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”–д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх аж.

 

Энэхүү чуулганд Монгол Улсад сурч ажиллаж байгаа Азийн орнуудын оюутан залуучууд, Олон Улсын Байгууллагуудын төлөөлөл, Монголын талаас төрийн болон ТББ-дын төлөөлөл, хувийн хэвшлийнхнийг урьж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг ч бүртгэж эхэлжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих