Ойт хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа тэргүүтэй Хяналт шалгалтын ажлын хэсэг, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын хуваарийг баталлаа.
Ойн тухай хуулийн хэрэгжилт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, учрах хор уршгийн талаар телевиз, радиогоор сэрэмжлүүлэг явуулах, зурагт хуудас, санамж бичиг бэлтгэж иргэд, олон нийтэд тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт тус тус даалгалаа.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 34 сая 150 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: