Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийг гурван үндэслэлээр цэцэд өгнө

4c3800be11307961bigОнц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр манай улсын анхан шатны шүүхээс 5­10 жилийн ял сонсоод байсан Жастин Капла нарын гурван иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Төрийн тэргүүний энэхүү үйлдлийг буруутгах хүн олон байгаа юм. Тухайлбал, академич, хуульч С.Нарангэрэл “Ерөнхийлөгч тангаргаа зөрчсөнөөс ялгаагүй зүйл боллоо” гэж дүгнэсэн бол УИХ­ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнчлэн “Саусгоби сэндс” компани улсад учруулсан 35 тэрбум төгрөгийнхөө татварын өрийг төлөхгүй хэмээн давж заалдаад буй. Харин хуульч Б.Энхбаяр энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахад бэлэн болоод байгаа аж. Тиймээс Төрийн тэргүүнийг ямар үндэслэлээр Цэцэд өгөхөөр болсон талаар түүнтэй ярилцлаа.

-Жастин Капла нарт уучлал үзүүлсэн явдлыг алдаатай шийдвэр болсон гэж үзээд иргэнийхээ хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг та Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр болсон. Өргөдөл бэлэн болсон уу, хэзээ Цэцэд хандах вэ? ­

-Энэ долоо хоногт Цэцэд албан ёсоор хандана. Ингэхдээ гурван үндэслэлээр Ерөнхийлөгчийг Цэцэд өгч шалгуулах хүсэлт гаргаж байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч жил тутмынхаа ажлын үр дүнг УИХ­д тайлагнадаг. Түүнийг нь УИХ албан ёсоор хэлэлцэх ёстой. Гэтэл энэ үүргээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд нэг ч удаа биелүүлсэнгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, чөлөөлдөг. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар гагцхүү хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг. Хэрвээ ингэхгүй бол дур зоргын хэрэг болж хувирна шүү дээ. Өөрөөр хэлбэл, надад таалагдсан, үгүй гэх мэтээр үзэмжийн шийдвэр болж хувирах учраас шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг Ерөнхийлөгчийн институтээс хамгаалахын тулд тодорхой үндэслэлээр чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн, тэр нь шүүхээр нотлогдсон гэх мэт. Гэтэл Ерөнхийлөгч өнгөрсөн онд л гэхэд 19 шүүгчийг тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн байгаа. Нэг ёсондоо, шүүхийн хараат бус, бие даасан байдалд Ерөнхийлөгч халджээ гэсэн үг.

-Гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн явдал гурав дахь үндэслэл нь болж таарч байна уу?

-Одоо яриад байгаа АНУ-ын иргэн Ж.Капла нарын гурван иргэнд уучлал үзүүлсэн гэх асуудал гурав дахь үндэслэл болно. Энэ уучлалын тухайд Үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчжээ гэж би хувьдаа үзэж байгаа. Нэгдүгээрт, төрийн байгууллага, албан тушаалтан хэнбугай ч байсан хуулиа дээдлэх зарчмыг хэлбэртгүй мөрдөх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хувьд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад уучлал үзүүлсэн асуудал үүсч байгаа. Нөгөө талаас Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэг үндсэн зарчмыг зөрчлөө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн хувьд нэгэнт эцсийн шийдвэр гарч, гэм буруутай эсэх нь тогтоогдсоны дараа ялаа эдэлж байх хугацаанд нь эсвэл ялынхаа 50 хувийг биеэр эдэлсний дараа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор хохирлоо барагдуулсны дараа уучлал хүсэх эрх нээгдэж, уучлалыг эдэлдэг бол гадаадын иргэд хохирлоо барагдуулаагүй байхдаа, бас болоогүй шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэгдээгүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялгамжтай хандсан. Товчхондоо, хэн бүхэн хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан буюу Үндсэн хууль зөрчлөө гэдэг үндэслэлээр Цэцэд өгөхөөр болсон.

-Энд бас нэг ноцтой асуудал байгаа нь иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн татвараа барагдуулахаас татгалзсан байгаа. Тэгэхээр иргэдийг нь уучлаад явуулчихсан юм чинь татварын өрийг нь ч гэсэн авч чадахгүй гэсэн үг үү?

-“Саусгоби сэндс” компани тухайн татварын өр болох 35 тэрбум төгрөгийг хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн. Цаад утгаараа тухайн компани өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж л үзэж байгаа учраас давж заалдаж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл нөгөө талдаа Ерөнхийлөгчид хандахдаа “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухаарч байна, гэмшиж байна” гээд уучлал хүсч байх жишээтэй. Нэг зоосны хоёр тал гэдэг шиг Ерөнхийлөгчид хандахаараа “Намайг уучлаарай, би буруутай, гэмээ ухаарч байна” гэж хэлчихээд шүүх дээр очихоороо “Бид буруугүй, бид хэнд ч гэм буруу учруулаагүй байхад төлбөр, акт тавьж, ялтайд тооцчихлоо” гэдэг хоёрдмол эрх зүйн байдлыг үзүүлчихээд байна шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн уучлал яагаад буруушаагдах үндэслэл болоод байна вэ гэхээр хамгийн гол асуудал энэ байгаа юм. Асуудал шүүхээр эцэслэгдээгүй, нөгөө тал гомдолтой гээд шүүхийн шатанд явж байхад наана нь уучилчихаар хэргийг иж бүрэн цогцоор нь шийдэх шүүхийн хараат бус байдал, шүүхийн хэрэг маргаан таслан шийдвэрлэх ажиллагаанд хэнбугай ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн тодорхой зарчим, заалтыг л Төрийн тэргүүн зөрчөөд байна.

-Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга болон нэр бүхий зарим гишүүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар ярьж байгаа. Ерөнхийлөгч хэрвээ энэ уучлалаа буцаахгүй бол асуудлыг УИХ дээр тавина гэсэн. Гэтэл Ерөнхийлөгч нэгэнт гаргасан шийдвэрээ цуцлах эсвэл УИХ дээр Ерөнхийлөгчийг огцруулах хэмжээний асуудал босох уу. Тийм хууль эрх зүйн үндэслэл бий юү?

-Ийм боломж үндсэн хуульд бий. Ер нь манай иргэд энэ удаагийн үйлдлээс үүдээд нэг зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй. Ерөнхийлөгч гэдэг хүн Үндсэн хуульд зааснаар ямар эрх үүрэгтэй юм бэ гэдгийг. Тэгэхээр Ерөнхийлөгчийг УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлдэг. Ард түмнээс сонгогдсоных нь дараа УИХ хүлээн зөвшөөрч, хууль гаргадаг. Тангаргаасаа няцаад, хууль зөрчсөн шийдвэр гаргавал УИХ тухайн шийдвэрийг нь хүчингүй болгох эрхтэй. Тэр байтугай Үндсэн хуулийн Цэцээс Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж дүгнэлт гаргавал Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогдсон эсэхээс үл хамаараад огцруулах заалт Үндсэн хуульд бий. Нэг ёсондоо, энд хяналтын эрх хаана илүү байгаа нь тодорхой харагдаж байгаа байх. УИХ ард түмний төлөөлөгчийн байгууллагынхаа хувьд Ерөнхийлөгчид хяналт тавих, түүний гаргасан шийдвэрүүдийг хянаж байх, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Тэр бүү хэл, огцруулах хүртэл арга хэмжээ авах эрх нь байгаа. Энэ утгаараа нэр бүхий гишүүдийн тавьж байгаа асуудал бол хууль зүйн, тэр дундаа Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа.

-Уг нь Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн зөв, бурууг хэлэлцэж болдог юм байна. Гэтэл “Бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг буруутгалаа” хэмээн бухимдах, цочирдож хүлээн авах хүн олон байгаагийн учир юу вэ?

-1992 онд баталсан Үндсэн хуулийн харилцааны заалтуудыг ерөөсөө хэрэгжүүлээгүй, мартчихсан. Жишээлбэл, УИХ Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг гаргаж ирнэ гэхээр цочиж байна шүү дээ. Үнэхээр ийм заалт байдаг ч юмуу үгүй ч юмуу, УИХ-д ийм эрх үнэхээр байгаа юмуу гээд гайхаад байна л даа. Гэтэл өнгөрсөн хугацаанд ийм процесс явж байгаагүй учраас олон нийт ингэж гайхаад байна. 20 гаруй жилийн хугацаанд хэн ч ийм зүйл яриагүй учраас мартчихаад байна л даа. Тэгэхээр УИХ нь УИХ шиг. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд ажилладаггүй байснаас болоод хуулиас давсан ийм гажуудлууд гарч ирээд байна гэсэн үг. Жишээлбэл, миний дээр хэлсэнчлэн УИХ өөрөө Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүдийг хянаж байх, хууль зөрчиж шийдвэр гаргасан бол түүнийг нь хүчингүй болгож байх эрхтэй байтал 23 жилийн хугацаанд УИХ нэг удаа Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүдийг хянаж, хүчингүй болгож байсан тохиолдол байхгүй байна шүү дээ.

-Үе үеийн Ерөнхийлөгч нарт гадны иргэнийг тэр дундаа шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад уучилж байгаагүй гэх юм билээ. Цаашлаад олон улсад ийм тохиолдол гарч байсан юм болов уу?

-Энэ бол манай улсын хувьд анхных нь. Уучлал гэдэг бол цэвэр улс төрийн шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Миний хувьд Ерөнхийлөгчийг уучлал үзүүлснээр нь буруутгаж байгаа юм биш. Буруутгах ч боломж байхгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх эсэх нь цэвэр өөрийнх нь онцгой бүхэн эрхийн асуудал байдаг. Харин дэлхийн улс орнуудад уучлал өөрөө улс төрийн учир шалтгаантай байдаг. Түүнчлэн уучлал үзүүлсэн Төрийн тэргүүн уучлалынхаа учир шалтгааныг заавал тайлбарлах үүрэг хүлээдэггүй, алба ч үгүй. Гэхдээ саяны тохиолдолд ямар асуудал гарчихав гэхээр тухайн этгээдийн гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад уучлал үзүүлчихэж байгаагаараа л буруудаад байгаа юм шүү дээ. Тэрнээс биш Төрийн тэргүүний уучлал зөв, буруу эсэхийг шүүх боломжгүй.

-Уучлал үзүүлэх хүн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа уучлал үзүүлбэл асуудал ийм замаар үргэлжилнэ гэсэн хуулийн зохицуулалт бий юү?

-Үндсэн хуульд болон бусад хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй асуудал л даа. Хуучин бол шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа уучлалын асуудлыг тусгаарлан зохицуулсан байсан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ялтанд л уучлал үзүүлнэ гэсэн заалттай. Гэхдээ үүнийгээ нарийвчлан зохицуулсан зүйл байхгүй. Харин Жастин Капла нарын хувьд ялтан мөн байсан эсэхийг бид ямар хүчин зүйлээр авч үзэх вэ гэхээр хугацаагаар нь авч үзэх ёстой. Тухайлбал, шүүх хурал хэзээ болсон юм, шүүхийн шийдвэр нь албажиж гарсан байсан уу үгүй юү. Жишээлбэл, “Саусгоби сэндс” иргэний хариуцагчийнхаа хувьд өнгөрсөн сарын 28-нд давж заалдсан байхад Ерөнхийлөгч 26-нд нь уучлал үзүүлсэн байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч “Саусгоби сэндс” компанийнхан давж заалдах эсэхийг авч үзэх хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, ямар ч хэрэг дээр шүүхийн шийдвэр гарлаа гэхэд тухайн иргэн 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг. Энэ хугацаанд тухайн хүний гэм буруутай эсэх эцэслэж тогтоогдоогүй. Шүүхийн эцсийн шийдвэрээр буруутай эсэх нь нотлогдоогүй гэж үздэг. Шүүхийн шатнаас авсан ял нь нэмэгдэж, эсвэл хасагдаж болдог. Магадгүй давж заалдах шатны шүүх хурлаар Жастин Капла нар огт гэм буруугүй байсан бол яах вэ. Ингэж шүүх эцсийн шатаар шийдвэрээ гаргаагүй байхад уучилчихаж байгаа нь Ерөнхийлөгч наана нь өөрөө тэднийг гэм буруутайд тооцчихож байгаа асуудал болчихож байгаа юм. Энэ үйлдэл нь өөрөө шүүн таслах ажиллагаанд оролцохоос гадна дараагийн шатны шийдвэрт нөлөөлж байгаа хэрэг. Нэг ёсондоо давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахад хэцүү болчихлоо шүү дээ. Гэм буруутай гэж үзэхээр нөгөө этгээдүүд уучлал эдлээд гараад явчихсан байдаг. Харин компани зөвхөн иргэний хариуцагчийн хувьд оролцоод байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн эрх зүйн субьект нь гагцхүү хувь хүн байдаг. Гэтэл хувь хүн нь байдаггүй. Манай хуулиар иргэний хариуцагч харицлага хүлээдэггүй юм шүү дээ.

-Одоо тэгэхээр энэ асуудал ямар дарааллаар үргэлжлэх вэ. УИХ дээр шууд асуудлыг босгож ирээд шийдвэрлэх боломжгүй биз дээ?

-УИХ шууд шийдэх боломжгүй. Цэцээс Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэх. Цаашлаад энэ нь түүнийг огцруулах үндэслэл болж байна гэж шийдвэр гаргавал УИХ-д Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг өргөн барьж, УИХ эцсийн шийдвэрийг авч хэлэлцэнэ гэсэн үг.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих