Хоёр банкийг талцуулсан 21 мянга
Хөгшин хүнд 21 мянган төгрөг өгснөөр “хүний хөгжил” болох уу? Оюутолгойн ордын урьдчилгаа татвараас иргэн бүрт 21 мянган төгрөгийн хувь хишиг түгээх тухай асуудал УИХ дээр яригдаж эхлэх үед тавьж байсан энэ асуултын хариу ч одооноос гарч эхэлж байна даа.
Хаан банк “Ядуу зүдүү, бохир хувцастай хүмүүст хүний хөгжлийн мөнгө тараахаа бид болилоо, ажилтнууд үүнээс чинь болж бөөс хуурсанд баригдахдаа тулаад байна. Захын хорооллынхоо хүмүүст өөр банкаар дамжуул, эсвэл халамжийн байгууллагууд нь өөрсдөө тараана биз” гэх маягийн зүйл ярьсан бололтой. Жаахан хэтрүүлэгтэй болохоос биш үнэн л үг. Гэтэл төр гуай уурлаад “Тэгвэл хотын төвийнхнийгөө ч гэсэн өг” гэж хэлээд хүний хөгжлийн сангийн мөнгө авдаг иргэдийн бүх мэдээллийг Хадгаламж банкинд шилжүүлсэн байна.
Тэгээд одоо Хаан, Хадгаламж хоёрын хооронд хэн нь илүү эх оронч вэ, хэн нь харин “баба” вэ гэдэг тэмцэл явж байна. Хаан банкинд байсан иргэдийн мэдээллийн санг бүгдийг нь Хадгаламж руу шилжүүлж, Хаанаас виза картыг хугалж хаяад, Хадгаламж бакны визаг дахин өгөхөөр болж байгаа юм байх. Түүгээр ч зогсохгүй Хадгаламжийнхан “хүний хөгжлийн” мөнгийг иргэдэд түгээхийн тулд 1,4 тэрбум төгрөг заран байж 72 салбар нэгжийг шинээр байгуулсан гэнэ. Ингээд “Хүний хөгжлийн” 21 мянга иргэдэд ашиг тусаа өгөхөөсөө илүү түүнийг тараах ажилд хамаг хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр урсч байна гэсэн үг.
Харин үр дүнд нь сар бүрийн 15-нд “хүний хөгжлийн” мөнгө өгөхтэй зэрэгцэн дэлгүүрүүд хүнснийхээ үнийг нэмж, архины борлуулалт, согтуучуудын тоо хэвийн хэмжээнээс өсч байгааг статистикийн мэдээ харуулж байна. Гэвч төрийн байгууллагууд үүнийг үл хараач болон нүдээ аниад “Хаан банк нийгмийн хариуцлагагүй байна, Хадгаламж банк гого” гэсэн юм яриад, хоёр банкийг хооронд нь талцуулж байх жишээтэй. Уг нь бол аль аль нь ашгийн төлөө бизнесийн байгууллага. Ашигтай байсан бол хэн хэн нь уралдаад үүнийг хийх байсан.
Ашиггүй л байсан учраас, ядахдаа л 21 мянгыг түгээхийн төлөөнөө хүн бүрт зарж байгаа цаг хугацаа, хүч хөдөлмөр хайран учраас өдийг хүртэл банкуудын хооронд өрсөлдөөн яваагүй хэрэг. Гутлаа чирсэн хэдэн нөхөрт ганц өдрийн хоолны мөнгө өгөхийн төлөөнөө 100 төгрөгийн мэдүүлэг бичээд сууж байхын оронд 200 мянгын зээл ганц хүнд өгөөд хүүгээ авах нь банкныхны ажил, бизнесийн утга учир. Тийм учраас иргэн бүрийн 21 мянгын төлөө өрсөлдөх эрүүл ухамсартай банкир лав дэлхийд байхгүй. Харин Монголд бол “төр” гэдэг хадны мангаа хамгаас хүчтэй учраас айсандаа дуртай ч дургүй ч оролцож байгаа хэрэг.
Анх 21 мянгыг тараахаар улсын төсөвт 805 тэрбум төгрөг суулгаж байхад иргэд, олон нийт, хэвлэлийнхний зүгээс эцэс төгсгөлгүй шүүмж өрнүүлж, “Энэ мөнгө чинь 20 мянган айлыг орон сууцаар хангачих мөнгө байна шүү, нөгөө “Утаагүй Улаанбаатар”-аа ядаж санхүүжүүлээч ээ” хэмээн бухимдацгааж байсныг эрхмүүд санаж л байгаа байх. Хүүхдийн эмнэлэг, олон улсын стандартад хүрсэн оношлогооны төв, ажлын байр гээд юу бол юу хийж болох мөнгө байлаа л. Хүн амынх нь тал шахам хувь хавдрын анхан шатны шинж тэмдэгтэй, хүүхдийн ганц эмнэлэг ч байхгүй, ажилгүйчүүд, ядуучууд нь нийт өрхийнхөө гуравны нэгээс давчихаад байхад энэ тал дээр гар тэнийж болох л байсан.
Харин Монголын төрд тийм бодлого, чадавх байгаагүй учраас хамгийн хялбар замыг нь сонгож, хавтгайруулан тарааж өгсөн хэрэг. Одоо тэгээд хэмжээ хязгаартай саванд хэмжээгүй их зүйл багтаах гэж зүтгэсний гор гарч, амсраар нь чихсэн зүйл ёроолоороо зад тавьж байгаа нь энэ. Банкныхны энэ маргаан.
Өгвөл өгсөн шиг өгөөд, хаявал хаясан шиг хаях гэж бас нэг шалгуур байдаг. Харин манай төрийнхны “өглөг” болсон “хүний хөгжлийн” мөнгө өөр олон зүйлийг залгисныг сануулах юун. Хүүхдийн мөнгө гэж өмнө өгдөг байлаа, “Хүний хөгжлийн” сургаар алга болсон. Төрийн албан хаагчдын нэг хүүхдийн дээд боловсрлын зардлыг улсаас даадаг байлаа, оюутан бүрийн 500 мянгын золионд оргүй болсон. Угаасаа анхнаасаа иргэдээ ингэж ялгаварлаж, төрийн албан хаагчийн хүүхэд үнэгүй сурна, хувийн хэвшлийнхнийг үнэтэй сургана гэдэг нь буруу байсан л даа. Гэхдээ тэр нь нэг гараараа өгөөд, нөгөө гараараа авч байгаа энэ төрийн хоёр нүүрийг зөвтгөх шалтгаан болохгүй.
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жил болсны дараа арай гэж баталсан Хүний хөгжлийн сангийн хууль гэж бий. Сангийн эх үүсвэрийг Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэх мэт уул уурхайн баялгаас орж ирэх дөрвөн төрлийн татвараар санхүүжлүүлэхээр болсон. Уул уурхайгаас орж ирж байгаа ихэнх мөнгө энэ ёроолгүй шуудай руу урсч байна гэсэн үг.
Энэ оны эхний хагаст Оюутолгойн ордын урьдчилгаа төлбөрийг иймэрхүү маягаар “идээд” дууссан хууль тогтоогчид хаврын чуулганы дундуур Сангийн сайдыг нэгдсэн хуралдаан дээр дуудаад “Одоо Тавантолгойгоос урьдчилгаа төлбөр олж ир. Тэгэхгүй бол “хүний хөгжлийн” мөнгийг өгөх аргагүй боллоо. Сонгууль хаяанд ирчихээд байхад хаашаа харж үхэх юм, халаг хувхай” хэмээн харааж загнаж байсан удаатай. Гэрээгээ байгуулаагүй Засгийн газарт урьдчилгаа төлбөр өгдөг тийм “хамуурсан” толгойтой нөхөд дэлхийн зах зээл дээр мөнгө босгодоггүй л байлгүй. Тэгээд аргаа барсан “Эрдэнэс Тавантолгой”-нхон юугаа ч юм барьцаанд тавиад 35 сая ам.доллар банкнаас зээлж өглөө ч гэлүү. Хөгийн л юм дуулдаад байсан. Одоо тэгээд нөгөө мөнгө нь дахиад тасалдахаар хаанаас, хэнээс гуйх гэж байгаа юм, бүү мэд. Ирэх жилээс оюутан бүрт өгөх сар бүрийн 70 мянга бас энэ төсөв дээр нэмэгдэнэ.
Уг нь бол хоол идэхийн тулд эхлээд гараа хөдөлгөх хэрэгтэйг жирийн хүн бүр мэднэ. Харин манай дарга нарт тийм наад захын зарчим үйлчилдэггүй юм билээ. Аргагүй, ажил хийж, хөлсөө дуслуулж үзээгүй олонхи нь төрийн толгойд гараад төсвийн нэртэй, эзэнгүй хөрөнгөн дээр суучихаар тэгдэг ч байх. Харин хөөрхий ядарсан олонхи нь нөгөө мөнгийг нь авахын тулд сар бүрийн 15-нд банкны гадаа хар үүрээр, хэдэн өдрөөр дугаарлаж, хүйтэнд нь хөлдөөд, халуунд нь харваад дуусах янзтай.
Хэрвээ үнэхээр л хүнээ хөгжүүлье гэсэн бол энэ мөнгөөр ядахдаа өөрсдөө чаддаггүй юм бол зардлыг нь даагаад гадаад дотоодын их дээд сургуульд залуусаа явуулж, дэлхийн төвшинд хүрсэн хэдэн топ менежерийг, инженер, технологичтой нь бэлтгээд аваад ирсэн бол… Тэгээд энэ урагшаа алхаж өгдөггүй уул уурхайн төслүүд дээрээ суулгаад, цалинг нь өгсөн шиг өгөөд, шаардлагаа тавьсан шиг тавьсан бол илүү үр ашгаа өгөх байсан биз.
Эзэнтэй онигоо нэгийг ярьж өгье. Өнгөрсөн жил Засгийн газар өөрийнхөө хөрөнгөөр уртаашаа яс 77 ажлын байрыг шинээр бий болгосон юм. Худлаа гэвэл Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс хараарай. Тэд нь “хүний хөгжил”-ийн 21 мянгыг иргэдэд хүргэхийн тулд орон нутагт шинээр бий болгосон халамжийн ажилчдын орон тоо. Харамсалтай нь тэдний цалинг ч бас төсвөөс төлдөг юм даа.
Б.СЭМҮҮН
URL: