УИХ-ын гишүүн П.Алтангэрэл: Туулыг бохирдуулдаг үйлдвэрүүдийг хаах, хотоос гаргах албан бичгийг холбогдох байгууллагуудад өгсөн
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрсөн чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Бэлчээрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуулийн төсөл болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь тус байнгын хорооны гол ажил байлаа.
Мөн байнгын хорооны ажлын хэсгийнхэн Туул голын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдал болон түүний урсацын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй байдалтай танилцаж дүгнэлт гаргасан юм. Байнгын хорооны дарга П.Алтангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Туул голын бохирдлын талаар байнгын хорооноос хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж эхлээд хойшлуулсан. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар ямар ажил хийж байна вэ?
-Ажлын хэсэг тайлангийн хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, газар дээр нь очиж танилцсан. Дүнг байнгын хорооны хурлаар сонссон ч холбогдох яам, газрын сайд, дарга болон хотын удирдлагыг байлцуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хуралдааныг хойшлуулсан. Нэлээд хэрүүл маргаан болсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Чухал асуудал хэлэлцэж байхад салбарын сайд нар нь байгаагүй. Дараа нь хэлэлцэх гэсэн ч чуулганаас завсарлага авсан энэ тэр гэсээр хаврын чуулган завсарлачихлаа.
Дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргаж амжихгүй чуулган завсарлах гээд байсан учраас байнгын хороо хуралдаж шийдвэр гаргах хүртэл холбогдох газруудад дүгнэлтийн дагуу албан бичиг явуулсан. Хайрга, дайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь хаах, өмнөх шийдвэрийг хэрэгжүүлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах албан бичиг хүргүүлсэн. Ямар боловч эхний ээлжинд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, голоос хайрга олборлохыг зогсоох чиглэл өгсөн байгаа.
-Туул голын бохирдол хүн, малын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлсэн тухай ноцтой дүгнэлт гаргасан шүү дээ?
-Дүгнэлтэд нэг чухал зүйл орхигдсоныг байнгын хороогоор ярилцсан. Хүн, малын эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байгаа талаар дахин шалгаж дүгнэлт гаргах шаардлагатай юм билээ.
-Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах талаар албаны хүмүүсийн ноорог протоколын талаар дэлхийн болон манай хэвлэлийнхэн мэдээлсээр байгаа. Энэ тухайд байнгын хорооны гишүүд албан ёсоор ярьсан болов уу?
-Энэ талаар би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай асуудал байхгүй. Монголчууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх гэж бодож байгаа. Энэ тухай албан ёсоор яриагүй.
-Нефть боловсруулах үйлдвэр барих тухай тогтоолын төслийг нэр бүхий хэдэн гишүүн санаачилж байгаа гэсэн. Тогтоолын төсөл хэзээ бэлэн болох вэ?
-Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Бидний 18 гишүүний санаачилсан тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Тогтоолын төсөл бэлэн болсон. УИХ-ын Тамгын газарт төсөл өргөн барих тов авахаар албан бичиг хүргүүлсэн байгаа. Тамгын газар яаралтай шийдээд, УИХ-ын дарга байвал өнөө, маргаашгүй өргөн барина. Нэгэнт өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Түүнээс өмнө Засгийн газар энэ талаар арга хэмжээ авч байгаа байх.
М.Ган
URL: