Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ эхэллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ барих бидний бэлэг” Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой 6663 ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр Монголын хүүхдийн ордонд эхэллээ.
Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын орлогч Х.Болормаа, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Цолмон, ЗДТГ-ын удирдлагууд болон хороодын ажлын алба хүндэтгэл үзүүлж, МХО-ны авъяаслаг сурагчид одонт ээжүүдэд “Ээж тандаа хайртай” урлагийн тоглолтоор бэлэг барьж, баярын мэндчилгээ хүргэсэн юм.
Энэ үеэр 13 дугаар хорооны одонтой ээж Л.Цэрэндулам гуай “ Дүүргийн удирдлагууд жил бүр биднийгээ хүндэтгэн хүлээн авдагт гүнээ талархаж байна аа. Жилээс жилд өнгө нэмж буй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө үүнээс ч илүүг хийж бүтээгээрэй хүүхдүүд минь. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Дүүргийнхээ мянга мянган ээжүүдийнхээ өмнөөс ээж нь сүүн мялаалга өргье” гэлээ. Тус арга хэмжээ энэ сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.
онцлох.мн
URL: