”Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүнээр Н.Удвал ажиллана
Эвийн хэрэм үндэсний хөдөлгөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын дугуй танхимд 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагт боллоо.
Эвийн хэрэм үндэсний хөдөлгөөний зорилго нь хувь хүн, өрх бүл, найз нөхөд, хамт олон, орон нутаг, үндэсний хэмжээний нийтлэг үнэт зүйлсийг сэргээн хөгжүүлэх, үнэт зүйлс дээрээ бүх нийтээрээ эв санааны нэгдэлтэй болох, бүх түвшин дэхь үл ойлголцол, зөрчил зөрөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэхэд гишүүд иргэдийн чадавхийг бэхжүүлэх, үнэт зүйлээ хайрлан хамгаалах ур чадвартай болгох, эвийн хүчээр хувь хүн гэр бүл, улс орны зүй зохистой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх чадавхи бүрэлдүүлэх юм байна. Хөдөлгөөнийг санаачлагч нар улс орон, төр нийгмийн тогтвортой хүчирхэг оршин тогтнохуйг, монгол хүний амар амгалан оршин амьдрахуйг тодорхойлгогч, нөхцөлдүүлэгч үндсэн хүчин зүйл нь ард түмний үндэсний эе эв гэж үзэж байгаа юм.
Монгол Улсаа хөгжүүлье, төрөө хүчирхэг шударга байлгая, газар нутаг, байгалаь орчиндоо хайр гамтай хандья, бүрэн улсаа бүтнээр нь байлгае, хүн бүр сайн сайхан амьдрья гэвэл энэ цагт монголчууд эе эвийг сахиж, талцал хуваагдлыг урьдал болголгүй, төр ард түмний итгэлцлийг сэргээх түүхэн шаардлагатай тулгарч байгаа. Энэхүү нийгмийн захиалгыг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар хэсэг эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, салбар салбарын төлөөлөл санаа сэтгэл нийлэн уг хөдөлгөөнийг байгуулж, өнөөдөр албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Тус хөдөлгөөний тэргүүнээр анагаах ухааны доктор Н.Удвал ажиллах юм. /Дэлгэрэнгүй мэдээллийг 88001720,94004166 утаснаас лавлана уу/
Эх сурвалж:Өглөө.мн
URL: