Замын-Үүдийн гаалийн удирдлага эрх мэдлээ хэтрүүлж байна гэв үү

zamiin uudГааль хэмээх “саалийн үнээ”-нд ажиллаж буй хүмүүсийг хүнд сурталтай, хээл хахууль авдаг гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл. Тэр дундаа эх орны өмнөд хилийн боомт Замын-Үүдийн гаалийнхан байнга олны анхаарал хэл аманд өртөж байдаг. Гаалийн удирдлагууд ч өөрийнхөө хүмүүсийг “шагналаар” тэнд ажиллуулдаг хэмээн ярих нь ч бий. Уг нь Гаалийн ерөнхий газрын удирдлагууд тус боомтынхныг сэлгэн Улаанбаатар болон өөр бусад боомтоос байцаагч томилон ажиллуулах болсон нь авлига хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлийг багасгах гэж хийсэн алхам байлтай. Гэвч Замын-Үүдийн Гаалийн газрын удирдах албанд томилогдсон зарим хүн эрх мэдлээ хэтрүүлж, буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх үүргээ уландаа гишгиж буй гэх мэдээлэл байна.

Ид ачааллын үед өдөртөө хэдэн зуун мянган хүн, ачаа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг тус боомтод гаалийн байцаагчаар тэр дундаа 103 гэж нэрлэдэг хилийн орох гарах хэсэгт ажиллана гэдэг бол бурхны хишиг хүртсэнтэй адил гэж гаалийнхан ярьдаг юм билээ. Замын-үүдийн гаалийн удирдлагууд тэнд өөрийн итгэлтэй хүмүүсийг ажиллуулж, улмаар тэднээсээ нэг сар хүртэлх төгрөг авч халаасалдаг сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд нэгдүгээр сарын 30-нд үүрэг гүйцэтгэсэн байцаагчдаас нэг сая хүртэлх төгрөг авсан гэх хардалт тус боомтынхон дунд байна. Түүгээр ч зогсохгүй Замын-Үүдийн гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан нь “Ардчиллын баярт оролцоно” хэмээн ажилтнуудаасаа 4-5 сая төгрөг авсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр Замын-Үүдийн гаальд, тэр дундаа хилийн орох газар хэсэгт ажиллах нь маш ашигтай, унацтай ажил гэх иргэдийн дунд тархсан яриа оргүй хоосон биш бололтой.

Замын-Үүдэд гаальтай машин гэх дархлагдсан машинууд саяхныг хүртэл хэл ам таталж байгаад чимээгүй болсон. Гаалийн ийм машин байхгүй гэж хэлж буй ч мэр сэр байдаг бололтой. Тэд дундаа Замын-Үүдийн гаалийн газрын албаны машин хилээр ямар ч хяналтгүй орж гардаг гэсэн мэдээлэл бий. Бүр тодруулбал, тэдгээр машинууд нь өдөрт хоёр ч удаа ямар ч хяналтгүйгээр орж гардаг юм байх. Тус боомтын гаалийн газрынхан үүнийгээ “Өөрийн орлогоо бүрдүүлэхийн тулд УАЗ-469 болон автобус үйлчилгээнд явуулж байгаа” гэж тайлбарладаг юм билээ.

Тус боомтын даргаар ажиллаж буй Б.Хишигбатын зарим шийдвэр амьдралд нийцэхгүй, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн явдал ч байгаа аж. Тухайлбал, үдийн цайны цагаар гаалийн байцаагчид ээлжлээд ажлаа хийж, хүмүүст чирэгдэлгүй үйлчилж болдог байсан. Харин Б.Хишигбат очоод цайны цагаар ажиллахгүй байх тушаал гаргасан нь иргэдийг бухимдуулж, хүнд суртал гаргаж байна гэж хэлүүлэх болсон талаар 2014 оны аравдугаар сард цахим мэдээллийн хэрэгслээр гарч байв.

Мөн “Дархан нэхий” компанид олон тооны буюу 500 малгай захиалж, нэг бүрийг нь 40 мянган төгрөгөөр байцаагчдаа авахыг шаардсан гэнэ. Энэ нь тус компанийн эрх бүхий албан тушаалтан найздаа орлого оруулахын тулд гаалийн байцаагчдадаа малгай хийлгэж шахсан гэх хардлага байгаа юм. Малгайнаас гадна ном, CD ч шахах явдал ч байдаг юм байх.

Хамгийн ноцтой баримт нь буяныг гаргахгүй байх тангарагтай гаалийнхан маань удирдлагынхаа өгсөн аман шийдвэрийн дагуу боловсруулаагүй арьс, шир хил дээр, гаалийн хяналтын бүсэд оччихоод байхад нь хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгүй хав дарсан байх юм. Тагнуул, цагдаагийн байгууллагад шударга иргэд хандсанаар Замын-Үүдийн гаалийн газрын дарга Б.Хишигбатын өгсөн үүргийн дагуу хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхгүй байсан нь тодорхой болж буй сурагтай. Бидэнд олдсон мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын 30-ын баасан гаригт “Э-Транс” компанийн гаалийн хяналтын талбайд боловсруулаагүй, их хэмжээний адууны арьс, үхрийн шир очсон байсныг гаалийнхан үзлэгээрээ илрүүлжээ. Зөрчлийн албанаас нь үүнийг шалгуулах гэсэн боловч эрх бүхий албан тушаалтнууд нь “байж бай” гэсэн аж. Иргэд болон гаалийн зарим шударга алба хаагчдын дунд “Арьс, шир гаргах гэж байсан хүмүүсээс “гар” харахын тулд хэд хоног саатуулсан байх” гэсэн хардлага байгаа гэсэн.

Энэ мэдээллийн дагуу цагдаагийнхан очиж шалгахад уг зөрчил гарснаас хойш бүтэн долоо хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх прокурорын байгууллагад шилжүүлэх тогтоол үйлдсэн нь тодорхой болжээ. Энэ мэтээр Замын-Үүдийн гаалийнхан эрх бүхий албан тушаалтныхаа хууль бус шийдвэрээс болж хүнд байдалд ажиллаж байгаа гэсэн.

Б.Анир /ULS.MN/


URL:

Сэтгэгдэл бичих