700 гаруй мал шүлхийгээр өвчилжээ
Ховд аймгийн Булган, Үенч сумдад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байна.
Өвчний улмаас хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 хүрээд байгаа аж. Энэ талаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц. Алтанхишигээс тодруулахад “Анх өнгөрсөн сарын 26- нд шүлхийгээр мал өвчиллөө гэх дуудлагыг хүлээн авч холбогдох албаныхан болон эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажилласан. Мөн аймгийн онцгой комисс яаралтай хуралдсан. Шинжилгээгээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон.
Тиймээс аймгийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хээрийн штаб байгуулж, ажлын хэсэг томилсон. Шүлхий гарсан хоёр сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Шүлхий гарсан газруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Иргэд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Зууны мэдээ
URL: