Стросс Каны хохирогч эмэгтэй хэвлэлд ярилцлага өгчээ

Доминик Стросс Каныг хүчингийн хэрэгт буруутгаад байсан Нью Йоркийн зочид буудлын үйлчлэгч эмэгтэй ОУВС-ийн тэргүүнийг шоронд суулгахыг хүсэж буй тухайгаа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. /Зурагт зүүн талд- хохирогч Нафисату Диалло/

Тус ярилцлага болохоос өмнө үйлчлэгч эмэгтэйн нэр хэвлэл мэдээллээр гарч байгаагүй билээ.  Учир нь АНУ-ын хуулиар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын нэрийг олон нийтэд зарладаггүй юм байна.

Newsweek сэтгүүлд 32 настай Гвинейгээс цагаачилж ирсэн Нафисату Диалло гэх энэ эмэгтэй тавдугаар сарын 14-нд Нью Йоркийн “Софитель” зочид буудлын өрөөнд чухам юу болсон тухай дэлгэрэнгүй ярьж хэргийн дараа ажлаа алдах ч аюулд хүрч магадгүй байсныг тэмдэглэсэн байна.

Тухайн өдөр Доминик Стросс Каныг Нью Йоркийн нисэх буудлаас баривчилсан ба удалгүй тэрээр ОУВС-ийн тэргүүний суудлаас өөрийн хүсэлтээр огцорсон юм. Долоодугаар сарын 1-ний өдөр Стросс Кан гэрийн хорионоос суллагдсан билээ.  Харин хохирогчийн мэдүүлэгт эргэлзэж эхэлсэн прокурорууд уг хэргийг хаахаар төлөвлөж байгаа юм.

Стросс Кан түүний эсрэг үүсгэсэн хэргийг бүгдийг нь няцааж байгаа бөгөөд өмгөөлөгчид нь үйлчлэгч бүсгүйн ярилцлагыг “зүгээр нэг шоу” гээд “зочид буудалд тэр хоёрын дунд болсон явдал бол харилцан тохиролцол байсан юм” гэжээ.

Харин Нафисату Диалло  өөрийгөө нууцлахаа больж болсон явдлын талаар олон нийтийн өмнө өөрийн биеэр  ярихаар шийдсэн байна. “Би түүнийг шоронд суугаасай гэж хүсэж байна. Түүний мөнгө эрх мэдэл хүчирхдэггүй тийм газар бас байдгийг ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.

Уг хэргийн хүрээнд Доминик Стросс Каныг долоон зүйл ангиар буруутгаад байгаа  юм.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих