Засгийн газар “Хан ресурс”-т 100 сая ам.долларыг төлөхөөс өөр сонголт үлдээгүй юу
Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.долларын төлбөрт унаад байна. Канадад төвтэй “Хан ресурс” компани Дорнод аймаг дахь цацраг идэвхт ашигт малтмалын орд газарт уран олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан. Гэвч тусгай зөвшөөрлийг нь тухайн үеийн Засгийн газар цуцлах шийдвэрийг гаргасан нь зургаан жил үргэлжилсний эцэст шийдвэр нь гарч буй энэхүү маргааныг эхлүүлсэн юм. Анх 2009 оны долоодугаар сард үүссэн “Хан ресурс”, манай Засгийн газар хоорондын маргаан арбитрын шүүхээр шийдвэрлэгдэхдээ Монголын тал үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэн, 100 сая ам.долларыг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч тал анх 358 сая ам.долларыг нэхэмжилж байсан юм. Манай улсын Засгийн газрын зүгээс энэхүү нөхөн төлбөр нь хэтэрхий өндөр, нэхэмжлэлийн дүнг үндэслэлгүй гэж тайлбарлаж байв. Тухайн үед Арбитрын шүүх дээр очсон “Хан ресурс”-ын нэхэмжлэхтэй шүүх хуралд Засгийн газраас ажлын хэсэг гарган ажилласан. Тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд “Манай улс заргаа авч чадна. Тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй зүйл биш” гэх тайлбарыг хэвлэл мэдээллээр бишгүй олон удаа ярьж байсан юм. Гэвч өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татах, гадаад дахь нэр хүндээ өсгөхөөр ажиллаж буй энэ үед “Монгол Улсын Засгийн газар үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалдаг” гэх муу дохиог хөрөнгө оруулагчдад өгч мэдэх шийдвэр гарлаа.
Манай Засгийн газарт Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын нөхөн төлбөрийг өгөхөөс өөр сонголт үлдээгүй юу. Арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа “Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Грант Эди “Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх нэрнээс саллаа. Иймд нөхөн төлбөрийг шуурхай олгоно уу” гэж ярьсан байна билээ. Тус компанийн заргыг Арбитрын шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн учир заавал биелүүлэх ёстой. Учир нь Арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Хэрэв Засгийн газар нөхөн төлбөрөө өгөхгүй бол олон улсын Арбитрын шүүхийн албадан гүйцэтгэх хороонд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй аж.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэлэхдээ манай Засгийн газарт уг асуудлыг шийдвэрлэх сонголт бий гэв. Энэ сонголт нь “Хан ресурс” компанитай тохиролцох, аль эсвэл давж заалдах. Олон улсын Арбитрын шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг учир давж заалдана гэсэн ойлголт байхгүй. Иймд “Хан ресурс”-тай Монголын Засгийн газар тохиролцох уу гэсэн асуулт үлдэж байна. Хэрэв тохиролцлоо гэвэл яаж? “Хан ресурс”-ын тусгай зөвшөөрлийг сэргээх үү. Уг компанийн зүгээс нөхөн төлбөрөө яаралтай төлнө үү гэж хүссэн учир тэдэнд мөнгө хэрэгтэй. Магадгүй тохиролцохгүй нөхөн төлбөрөө л авахыг хүсэж байж ч болох. Тийм бол Монголын Засгийн газар 100 сая ам.долларыг төлөхөөс өөр сонголтгүй хоцрох юм.
“Хан ресурс” Дорнод ураны ордыг ашиглах тэр үед Монгол, Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай “Дорнод уран” компанийг байгуулах асуудал ч яригдаж байсан. Гэвч тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой маргаан эхэлсэн учир уг компанийн асуудал ч чимээгүй болсон удаатай.
Ц.Гэрэл
zaluu.com
URL: