Арын сайхан хангайн цэнхэр сувд “Тэр их цагаан нуур”

Он цагийн уртад мартагдахгүй онгон цагаан нуураа би эжий шигээ л санагалзах юм. Тэнгэр тольдон үүлс хөврүүлсэн ижил мянган долгиотой, баян сайхан хангайн үзэсгэлэн, сүр жавхааг хослуулсан Тэрхийн цагаан нуурын алтан шаргал элс, амьд мөнгөн усны урсгал чихэнд үүрд сонсогдсоор л…

Арын хангайн цэнхэр сувд, асар тэнгэрийн мөнгөн толь болсон цагаан нуурын талаар өвгөд хөгшдийн өгүүлдэг түүхийг олонтаа сонсож байлаа. Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэгэн овоо бүхий дөрвөлж байдаг. Тэр дөрвөлжийг Овоотой гэж нэрлэдэг бөгөөд дээгүүр нь гарч явсан аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуу алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” хэмээдэг болжээ.

Эргэн тойрондоо өндөр хадтай, хүрмэн чулуулгаас бүрдсэн том хонгил “Овоотой дөрвөлж”-ийн зүүн урдхан талд бий. Домогт өгүүлснээр хэрцгий Равжир ноёных хүн хавьтуулдаггүй шар нохойтой байсан гэдэг. Тэдний охинд сэтгэлтэй болсон хархүү нохойноос нь айгаад уулзаж чадахгүйгээс болоод охин маш их сэтгэлээр унан, өвдөж гэнэ. Ийнхүү ноён мэргэн хүнд үзүүлтэл, шар нохойгоо төөрүүл хэмээсэнд нохойгоо нэгэн дугуй хавцал агуйд хийж, тэр нохой нь ихэд зовж үхжээ. Хожим тэр хавцалд чонын 13 бэлтрэг хийснээс ердөө хоёр нь л амь голтой үлдсэн гэдэг.

Мянга түмэн жилийн тэртээ Хоргын тогоо хэмээх галт уул дэлбэрч, хайлмал хүрмэн чулуу байн байн бялхан урссаар Тэрхийн голыг боосон тул нуур тогтсон ажээ. Энэ нуурын өмнө зургаан километр зайтай газар шохойн чулуу, хувирмал занар, элсэн чулуу зэргээс тогтсон Мөстийн нуруунд “Уран мандал” хэмээх суваргалан шаталсан туйлын гоёмсог 2800 метрийн өндөртэй уул байдаг.

Мөн 500 орчим дөрвөлжин метр талбайтай, нуурын түвшнээс 30 орчим метр өндөртэй бяцхан арал нь тун ч үзэсгэлэнтэй. Эл бүгд нийлээд ирэхээрээ Тэрхийн байгаль болж, үүнийг үзсэн хүн бүхэн гайхан дуу алдмаар үзэмж жигдэрнэ.

Тэрхийн цагаан нуур далай тэнгисийн тунамал хурдас чулуулгаас тогтсон учир арын хэсэг дэх “Шувуун чулуут” хэмээх газар эмгэн хумс, шанаган хорхой зэрэг амьтны хэв дүрсийн чулуужсан үлдэц олон байх бөгөөд үүнийг нутгийн ард түмэн “чулуужсан богшрого” хэмээдэг байна. Тэрхийн цагаан нуурыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон жуулчин зуны дэлгэр цагаар зорьдог нь түүний үлэмж сайхан бүхэн цогцлон бүрдсэнтэй холбоотой биз ээ.

Нуурын толгой хэмээх арал дээр нь зундаа Гогой гэдэг шувуу үүрээ засан өндөглөдөг ажээ. Энэ нуур 61 квадрат метр талбайтай, 16 километр өргөн, эргийн шугам нь 66 километр, 20 метр орчим
гүнзгий аж. Нуурт хойд, урд Тэрх, Тарвагатайн нуруунаас эх авсан “Нарийн” гол цутгадаг бөгөөд нуураас Суман гол урсан гарч, Чулуут голтой нийлнэ. Тэрхийн цагаан нууранд тул, зэвэг, хадран, цурхай, гутар, алгана, улаан нүдэн, гутаарь зэрэг төрөл зүйлийн агнуурын загас байдаг ба энэ нуур олон жилийн турш нутгийн ард түмэндээ үр өгөөжөө хайрласаар иржээ. Тиймээс ч нутгийн ард түмэн Тэрхийн цагаан нуураа шүтэн, хүндэтгэсээр ирсэн байна.

Саяхан энэхүү нуур ”Ганцаараа аялахад хамгийн тохиромжтой дэлхийн шилдэг есөн газар”-ын нэгээр шалгарсан юм. “Монголын тэрхийн цагаан нууранд очоод та энэ нутгийнхан яагаад хотод амьдрахыг хүсдэггүйг ойлгох болно. Тэрхийн цагаан нуур нь сөнөсөн галт уулаар хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй сайхан газар. Энд загасчилж, Монгол гэрт амьдарч, байгалийн сайхныг ганцаараа харж суухад л хамаг алжаал тань тайлагдана” гэж CNN-ээс танилцуулсан байна.

Дэлхийд таашаагдсан Тэрх нуурандаа хун, галуу, цахлай, ангир шувуу сүрэг сүргээрээ хөвж, эргэн тойрных нь уулс ой мод, цэцэг жимсээр баян тул Тэрх нутаг өдгөө аялал жуулчлалын орон болжээ. Тэнд бас олон сонирхолтой зүйл ажиглагдана. Үүний нэг нь Суман гол олон мянган жилийн турш голдирлоо элэгдүүлэн идэж ухсаар нуурын түвшинг ихэд доошлуулснаар Хөдөө нуур нь Тэрхээсээ тасарсан байдаг. Хэрвээ Тэрхийн цагаан нуурын түвшинг 1.1 метр дээшлүүлэх аваас хоёр нуур нийлэх аж. Өндөрт байдаг уулын нуур тул 11 дүгээр сард хөлдөөд нэг метр зузаан мөсөн баринтаг доор нойрссоор хавар аажуу тавдугаар сарын дундуур гэсэж дуусдаг билээ.

Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн энд ирээд буцахдаа ариун дагшин нуурынхаа тухай ихийг эргэцүүлэн бодох буй заа.

Торгон элснээ эрхэлсэн
Хурган цагаан хаялгатай
Зандан гавар мэт анхилсан
Санхамын үнэрт салхитай
Тэрхийн цагаан нуур
Эргээ үнсэн мяралзана гэсэн сайхан шүлгээр энэхүү тэмдэглэлээ жаргаая.

Н.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих