“Чалко”-гийн өр Тавантолгойн хэлэлцээрт саад учруулж болзошгүй

7979Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулахаар шалгарсан “Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК- ийн хамтарсан консорциумтай манай улсын Засгийн газар хэлэлцээр хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хэлэлцээр хоёр дахь шатандаа яваа юм. Тавантолгойн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэлэхдээ “Энэ жилийн сар шинийн баяр гэхэд хэлэлцээр дуусна” гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэлэлцээр дуусаагүй бөгөөд хоёр дахь шат нь үргэлжилж буй. Гэхдээ хэлэлцээрийн явц сайн байгааг албаныхан хэлж байсан ч бага зэрэг саад гарч ирсэн гэнэ. Тодруулбал, энэ саад нь “Чалко”-гийн өр болоод байгаа аж. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг цагдан хорьсон нь хэлэлцээр удаашрах нэг үндэслэл болж магадгүй болоод байгаа аж.

 “ЧАЛКО”-Д САРД НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХҮҮ ТӨЛЖ БАЙНА

Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээний хоёр дахь шат үргэлжилж байгаа. Монгол, Япон, Хятадын хамтарсан консорциум уг ордод хөрөнгө оруулахаар болсон. Монголын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг дээрх консорциумтай хөрөнгө оруулалт, концессын гэрээг хэрхэн байгуулах, ямар байдлаар хамтран ажиллах талаар ярилцаж байгаа юм. Гэвч Тавантолгойн хэлэлцээнд “Чалко”-той байгуулсан гэрээ асуудал үүсгэж мэдэхээр болоод байгаа аж. Манай улс 2011 онд Хятадын “Чалко” компаниас нүүрсээрээ төлөх гэрээтэйгээр 350 сая ам.долларыг зээлсэн байдаг. Харин энэ өрийг өнгөрсөн онд төлж дуусахаар тооцоолж байсан ч нүүрс олборлолт саатсанаар хугацаа хойшлоод байгаа юм. Ингэснээр манай улс “Чалко”-д зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний торгууль төлж буй. Харин хугацаа хэтрүүлсний торгуульд сард нэг сая ам.доллар төлж байгааг албаныхан хэллээ.

Гэхдээ үүний 50 хувь нь зээлийн хүү, 50 хувь нь хугацаа хэтрүүлсний торгууль юм байна. Энэ талаар “Эрдэнэс Таван толгой” компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат хэлэхдээ “Чалко”- гоос авсан 350 сая ам.доллар өөрөө хүүтэй мөнгө. Энэ хүү нь өнгөрсөн хугацаанд нугалагдаад хоёр дахин өссөн. Түүнчлэн дээрээс нь торгууль бодогдоод яваа. Тэгэхээр одоо үлдэгдэл нь 133 сая ам.доллар. Бид энэ мөнгийг төлөхөөс гадна хүү торгууль, алданги тооцуулаад 100 сая ам.долларыг төлчихөөд байна. Үндсэндээ одоогийн байдлаар анх авсан 350 сая ам.долларыг нүүрсээрээ тооцож төлснөөс харахад үндсэн мөнгийг төлөөд дууссан тооцоо харагдаж байгаа юм” гэлээ. Хэдийгээр өрөө дарах хэмжээний нүүрсийг манай улс гаргасан ч хугацаа хойшлох тусам зээлийн хүү, алдангид ийнхүү их хэмжээний нүүрсээ “зүгээр” гаргаж байна гэж хэлж болохоор байна.
 ХЭЛЭЛЦЭЭР УДААШРАХ ТУСАМ “ЧАЛКО”-Д ТӨЛӨХ ӨР НЭМЭГДЭНЭ 
Өнөөдрийн байдлаар манай улс нүүрс тээвэрлэлтээ зогсоочихоод байгаа. Энэ нь “Чалко”-д төлөх өрөөсөө хугаслаагүй гэсэн үг. Гэхдээ Тавантолгойн хэлэлцээрээр эцэслэн шийд- сэнээр нүүрс тээвэрлэлт хэвийн явж эхэлнэ. Харин Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах гэрээ сунжрах тусам “Чалко”-д төлөх өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тавантолгойн хэлэлцээрийн шатанд “Чалко”-д төлөх өрийг хөрөнгө оруулагчид барагдуулахаар заасан ч өрийн хэмжээ нэмэгдэх тусам Засгийн газар алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын 268 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”-н өр төлбөрийг хөрөнгө оруулагчид барагдуулах нөхцөлтэй. Энэ дагуу “Чалко” компаниас нүүрсээрээ төлөхөөр урьдчилж авсан 350 сая ам.долларын үлдэгдэл 130 гаруй сая ам.долларыг хүү төлбөрийнх нь хамт хөрөнгө оруулагчид төлж барагдуулах үүрэгтэй.

Тиймээс хэлэлцээрийн явцыг яаравчлах шаардлагатай болж байна гэсэн үг. Учир нь, ганцхан сарын хугацаанд энгийнээр бодоход л хэд хэдэн цэцэрлэг юмуу сургууль барих хэмжээний хөрөнгө буюу хоёр тэрбум орчим төгрөгийг “Чалко”-д хүү болгож төлж байна. Хэрвээ хэлэлцээр удааширч, бид хүүгийн төлбөрөө төлсөөр байвал үндсэн зээлээ төлснөөс хэд дахин их алдагдал хүлээж магадгүй нөхцөл байдал үүсэх нь тодорхой болжээ. Одоогийн байдлаар Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх өмнөх хэлэлцээрүүдээр нийтдээ 350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцоод байгааг ажлын хэсгийнхэн мэдэгдэж буй. Цаашдаа хийх хэлэлцээрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” болон “Монголын төмөр зам” компанийг оролцуулан хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай болоод байгаа аж. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар нийтдээ 26 удаагийн уулзалтыг хийгээд байгаа юм байна.

“ЧАЛКО” БЭЛЭН МӨНГӨ БИШ НҮҮРС НЭХЭЖ БАЙГАА НЬ ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА 

Дөрвөн жилийн өмнө манай улсын Засгийн газраас “Чалко”- той байгуулсан гэрээ өнөөдөр Тавантолгойд шинэ хөрөнгө оруулагч шалгаруулж, ажил эхлүүлэхэд багагүй асуудал үүсгэж байгаа бололтой. Тодруулбал, манай улс өнгөрсөн хугацаанд “Чалко”- гоос авсан өрөө багагүй хагасласан. Одоо бид тус компанид 133 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг нийлүүлснээр өрөө дарж дуусах юм. Харин манай улсын Засгийн газар шинэ хөрөнгө оруулагч шалгаруулж, тэдэнтэй гэрээ хийхдээ “Чалко”-гийн өрийг тэдэнд даатгахаар буюу Тавантолгойд хөрөнгө оруулах консорциумаар төлүүлэхээр болсон юм. Харин хөрөнгө оруулагчид үлдэгдэл өрийг бэлэн мөнгөөр төлөх саналтай байгаа ч “Чалько” компанийнхан “луу унжиж” байгаа сураг дуулдав. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан манай улсаас авах ёстой үлдэгдэл 133 сая ам.долларынхаа өрөнд зөвхөн нүүрс авна гэж байгаа нь Тавантолгойн хэлэлцээрт багагүй саад болж байгаа юм байна. Энэ гэрээг анх байгуулахад манай улс нүүрснийхээ тонн тутмыг 70 ам.доллараар “Чалко”-д нийлүүлэхээр тохиролцоод байсан юм. Гэвч өмнөх Засгийн газрын үед уг гэрээнд өөрчлөлт оруулснаар бүр муутгасан байдаг.

Тодруулбал, 70 ам.доллараар бодож өгч байсан нүүрсний тонн тутмыг 35 ам.доллар болгон нэг дахин бууруулсан. Ингэснээр мэдээж манай улс “Чалко”-д төлөх нүүрснийхээ хэмжээг ихэсгэж, өрөө төлж дуусах хугацаа улам сунжирсан гэвэл хилс болохгүй. Өнөөдрийн байдлаар бид 220- иод сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрснийг “Чалко”-д нийлүүлчихээд байгаа. Харин үлдсэн 133 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг нийлүүлснээр гэрээ дуусгавар болох юм. Уг нь гэрээнд зааснаар нэг сая тонн нүүрс нийлүүлсний дараагаар заавал нүүрс гэлтгүй бэлэн мөнгөөр зээлээ төлөх заалт туссан байгаа аж. Гэтэл “Чалко” зөвхөн нүүрс авна, бэлэн мөнгө авахгүй гэж байгаа нь асуудал болоод байгаа аж. Үүнээс гадна бас нэг асуудал байгаа нь “Чалко”- той байгуулсан гэрээнд үндсэн зээл буюу 350 сая ам.долларыг манай улс төлж дууссанаас хойшхи арван жилд Зүүн цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг зөвхөн “Чалко”-д нийлүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, бид үндсэн зээлээ төлсөн ч олборлосон нүүрсээ хэрхэн зарж борлуулах нь “Чалко”-гоос хараат гэсэн үг. Гэтэл Тавантолгойд хөрөнгө оруулах консорциум шалгарчихаад байгаа. Гэрээ эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсноор Баруун, Зүүн цанхиас олборлох нүүрсийг консорциум хэрхэн гаргахаа шийдэх учиртай. Үндсэн өрөө төлж дууссан ч өнөөх “Чалко” Тавантолгойгоос тийм амар салахгүй бололтой.

Гэхдээ хэлэлцээр үргэлжилж буй. Мэдээж манай улсын тал энэ гэрээний асуудлыг аль болох нааштайгаар шийдэх талаар хэлэлцэж байгаа. “Чалко” гэх том саадыг арилгахын тулд хэлэлцээрийн багийнхан өмнөх гэрээнд өөрчлөлт оруулах эсвэл цуцлахаас өөр аргагүй болоод байгаа юм байна. Хэдийгээр Тавантолгойд хөрөнгө оруулах консорциум шалгарсан ч хүний мэдлийн талбайд тийм амар орохгүй нь ойлгомжтой. Ямартай ч, хэлэлцээр амжилттай дуусч, энэ бүх хүндрэлтэй асуудлыг нааштайгаар шийднэ гэж найдах хүн олон байна.

… “Чалко” компаниас нүүрсээрээ төлөхөөр урьдчилж авсан 350 сая ам.долларын үлдэгдэл 130 гаруй сая ам.долларыг хүү төлбөрийнх нь хамт хөрөнгө оруулагчид төлж барагдуулах үүрэгтэй. Тиймээс хэлэлцээрийн явцыг яаравчлах шаардлагатай болж байна гэсэн үг. Учир нь, ганцхан сарын хугацаанд энгийнээр бодоход л хэд хэдэн цэцэрлэг юмуу сургууль барих хэмжээний хөрөнгө буюу хоёр тэрбум орчим төгрөгийг “Чалко”-д хүү болгож төлж байна…
 

М.ӨНӨРЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих