Төлөвлөснөөрөө явбал уул уурхайн орон болох ойрхон
Монгол улсад ирэх оны эхний хагас гэхэд хийж амжуулсан байх ёстой ажил олон байна. 2012 оны сүүлийн хагас гэхэд Оюутолгойн зэс-алтны цогцолбор ашиглалтад орж, Тавантолгой Сайншандын төмөр замын ажил жигдрэнэ гэж төлөвлөсөн. Тийм болохоор үндсэн ба туслах ажилтны тоо тэдгээр салбарт эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Нүүрс, кокс, химийн цогцолборууд баригдаж ашиглалтад орсноор олон хүн ажилтай болно. Харин мэргэжилтэй ажилчид чухал тул одооноос сайтар бэлтгэх хэрэгтэй байна. Ажилгүй иргэдээ ажилтай болгоно гээд ямар ч мэргэжилгүй хүнийг ажиллуулаад байхгүй.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг 2012 онд 50 хувь, 2013 онд 25 хувь, 2014 онд 24 хувиар өсөхөөр үндсэн чиглэлд тусгажээ. Боловсруулаагүй газрын тосны экспорт 2012-2014 онд 2,7-4,8 сая баррельд хүрэх юм байна.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг босгон, Өмнөговь, Чойр, Дархан, Сэлэнгийн бүсэд цогцолбор байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ гэсэн. Ухаахудагийн нүүрс угаах үйлдвэр, орон нутгийн чанартай цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулж 2012 оноос бүрэн хүчин чадлаар ашиглана гэж байгаа.
Мөн Ураны Хараат, Хайрханы ордуудаас хүдэр олборлох, боловсруулах ажлыг 2014 оноос эхлүүлж Гурванбулаг, Дорнод ордын олборлолтын ажлыг эхлүүлэн боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах асуудлыг шийдвэрлэхээр болсон. Цөмийн эрчим хүчний станц барих чиглэлийн судалгааны ажлыг гүйцэтгэхээр мөн төлөвлөсөн байгаа. Хэлсэн ярьсан, төлөвлөснөөрөө явбал Монгол улс уул уурхайн орон болох цаг ойрхон иржээ.
URL: