Эрчим хүчний сайд Д.Зоригт Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд Д.Зоригт Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа.

7256087d5e164b9dd95f9b1efb5c2b11

Манай хоёр улс нь 1969 оны 6 дугаар 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2014 онд 45 жилийн ойгоо хамтран тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. БНТУ нь 1996 онд Улаанбаатарт, Монгол Улс 1997 онд Анкарад тус тус Элчин сайдын яамаа нээсэн.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Турктэй улстай найрсаг харилцаа хөгжүүлж эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг нь Монгол Улсад бий болгон зохистой түвшинд хүргэх бодлого баримтална гэж заасан байдаг. Одоо хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Эдийн, засаг худалдааны засгийн газар хоорондын комисс 1994 онд байгуулагдсан бөгөөд хоёр тал хөдөө аж ахуй, барилга, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, тээврийн салбарт хамтран ажиллах боломж өндөр байгаа юм.

Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “БНТУ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд асар их туршлагатай бөгөөд ялангуяа усан цахилгаан станцын чиглэлээр дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог. Иймд энэ техник технологийг Монголд нутагшуулах болон эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтныг Туркэд сургах хүсэлтэй байна. Одоогийн байдлаар монголын эрчим хүчний салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн хоёр компани байна. Нэг нь, Айдинер Глобал ХХК, нөгөө нь “ZTM” ХХК..   Айдинер Глобал ХХК-ийн хувьд 2009 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт Салхин цахилгаан станц босгох төслийн талбайд салхины хэмжилтийн 2 станцыг суурилуулан салхины нөөцийн судалгааг хийж ирсэн. Одоогийн байдлаар холбогдох зөвшөөрлүүдийг авч “Цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ”-г 2012 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулж 2014 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шинэчлэн баталсан загварын дагуу дахин байгуулсан. Одоогоор төсөлд хөрөнгө оруулах банк, санхүүгийн олон улсын байгууллагууд, салхин турбин үйлдвэрлэгч, нийлүүлэгч, барилга угсралт цахилгааны ажил гүйцэтгэх, тээвэр, даатгалын дотоодын компаниудтай яриа хэлэлцээрүүдийг хийж байна. Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр БНТУ-ын “ZTM” компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркийн тал дэвшилтэд технологи ашиглан 88,7 МВт хүчин чадалтай УЦС-ыг байгуулах боломжтой гэж үзсэн. “ZTM” компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтойгоо илэрхийлсэн байгаа. Энэ 2 компанийн хийж хэрэгжүүлэх төсөлд ЭХЯ ихээхэн итгэл найдвар тавьж байна” гэв.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Мурат Карагөз хэлэхдээ “Элчин сайдын хувьд энэ 2 төсөлд өдөр би анхаарал тавьж ажиллана. Харин ЭХЯ-ны зүгээс дээрх 2 компанийн тусгай зөвшөөрлийг сунгах гэх мэт тодорхой асуудлууд дээр туслалцаа үзүүлэхийг хүсч байна. Нэмж хэлэхэд  ZTMкомпани нь“Монгол Улсын усны эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулж дуусаад саяхан ЭХЯ-д  хүлээлгэж өгсөн. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын 29 голын сав газарт судалгаа хийсэн байгаа. Үүнийг эрхэм сайд та анхааралтай судалж үзээрэй” гэв.

 

Уулзалтад ЭХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Туркийн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Тунжер Кыяк нар оролцов.


URL:

Сэтгэгдэл бичих