Шамбарам буюу цагаан мах гарах, геморрой
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан өргөсөх өвчин юм. Энэ өвчний тархалтын талаар баттай статистик мэдээ байдаггүй ч зарим эх сурвалж нь насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Манайхан хар яриандаа цагаан мах, цагаан мах гарах гэж яриад сурчихсан байдаг.
Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм.
“Шамбарам” гэдэг ерөнхий нэрийн дор зөвхөн шамбарамын зангилаа төдийгүй, хошногоны амсар орчмын цууралт, шулуун гэдэсний цоорхой ч хамруулан үзэх нь бий. Шамбарамын зангилаа нь гадна ба дотор байрлалтай байж болно. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.
Шалтгаан
Шамбарам нь бага аарцаг болон шулуун гэдэсний хураагуур судасны сүлжээний цусны даралт нь ихсэн эргэлт удааширснаас болж үүсдэг. Хураагуур судас -ны өргөссөн хэсэг нь салаалах, шархлах, хавчигдах, бөглөрөх, өтгөн чөлөөтэй гадагшлахад саад болох, эсвэл хошногыг бүрэн таглах хүртэл янз бүрээр хүндрэх аюултай. Энэ бүх таагүй байдал үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө, үүнд:
1. Бургуй тавих, туулгын бэлдмэл зэрэг хэсэгчилсэн эмчилгээг хэт их хийх
2. Сарын тэмдэг.
3. Жирэмснээс сэргийлэх бэлдмэл ууж хэрэглэх
4. Хошногоны ариун цэврийг сахихгүй байх, салст бүрхэвчийг цочроох.
5. Зохисгүй хооллолт. Эслэг багатай хоол, цай, кофе зэрэг шулуун бүдүүн гэдсийг цочроох үйлчилгээтэй зүйлийг ихээр хэрэглэх.
6. Уламжлалт бус бэлгийн харьцаа.
7. Мото спорт, дугуйн зэрэг спортын зарим төрөл
8. Жолооч, нисгэгч, оффисийн ажилтан зэрэг суугаа ажил эрхэлдэг зарим мэргэжил.
9. Жирэмслэлт.
Мөн удамшлын болон хураагуурын бүтцийн төрөлхийн дутагдал өвчнийг үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Явц
Өвчин үүсэхэд хошного орчмоор загатнах, хорсох өвдөхийн зэрэгцээ эвгүй оргино. Өтгөнөөр бие засах, биеийн хүчний өндөр ачаалал авах үед шулуун гэдсэнд мэдрэмтгий шархлаа үүсэн судасны зангилаа нь гадагш унжиж гардаг бөгөөд яваандаа явах үед ч унжидаг болно. Унжсан зангилаа нь битүүрч үрэвсэх, хавчигдан үхжих аюултай. Шамбарамын хамгийн түгээмэл илэрдэг нэг шинж нь зангилаанаас цус гарах явдал юм. Зарим тохиолдолд ингэж цус алдаснаар цус багадалт ч үүсэх нь бий.
Цагаан мах гарсан байдал
Ихэвчлэн хурц, эсвэл архаг хэлбэрийн өвдөлт л хүний эмчид хандахад хүргэдэг. Шамбарамтай үед хошногоос цус гарах нь насанд хүрэгчдийн 10% тохиолддог. Шамбарамын дотоод зангилаа нь гадагш унжиж эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хавагнах нь цөөнгүй. Улмаар шулуун гэдэс, хошного дүүрсэн мэт санагдан хүндээр бие засах шаардлага бий болдог. Заримдаа загатнаа үүсэн маажиснаар цус гардаг нь яваандаа экзем үүсэхэд хүргэж болзошгүй. Шамбарамын үед усархаг болон салсархаг ялгадас гарч, хувцсыг бохирлон, загатнаа үүсгэдэг. Өтгөн гадагшлуулалт алдагдан, хүчтэй хатна. Цөөнгүй тохиолдолд өтгөнөө барихгүй болох явдал тохиолддог.
Оношлогоо
Шамбарамын оношлогоог бүдүүн, шулуун гэдэсний эмч хийнэ. Хуруугаар дотуур үзлэг хийхийн зэрэгцээ анаскопи ба ректоманоскопи хийнэ. Бүдүүн, шулуун гэдэсний эмч үзэхийн өмнө цэвэрлэх бургуй тавьж гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.
Өвчний шинж тэмдэг илэрмэгц цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь шамбарамын шинж тэмдгүүд хошногоны фиброзон ургацгууд, хошногоны үү, хоёрдогч тэмбүү, шулуун гэдэсний өмөн ба бусад олон өвчнийхтэй төстэй байдаг тул цаг алдах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Хэрэв эмнэл зүйн шинжилгээнүүдийг сайтар хийлгэвэл оношын алдааны магадлал бага байна.
Эмчилгээ
Дээхэн үед шамбарамын улмаас хагалгаа хийлгэх нь гэдэг нь эмнэлэгт 7-10 мацаг барих, ерөнхий мэдээ алдуулалт хийлгэх, эдгэрэх үеийн өвдөлт зэрэг олон таагүй зүйл дагуулдаг байсан. Харин орчин үед шамбарамын эхний шатанд нь, эхний
шатанд нь гэдгийг онцолмоор байна, хагалгааны бус аргаар эмчлэх инвази багатай эмчилгээг өргөнөөр ашиглах болсон.
Харин өвчин сүүлийн шатандаа орсон бол гемморроидэктоми гэдэг мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг.
Шамбарам бол хатуу дэглэм баримталбал бүрэн эмчлэгддэг өвчин юм, эдгээрт:
· Өтгөн хаталт ба гүйлгэлтийг цаг тухайд нь эмчлэн, хоол боловсруулах замыг хэвийн болгон, зохистойгоор зөв хоолох,
· Спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хүчтэй хурц ба давстай хоолыг хязгаарлах, татгалзах
· Өтгөнөөр бие засах болгоны дараа хошногоны орчмыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шаардлагатай үед өтгөнөөр бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэхээс татгалзаж, савантай бүлээн усаар угаадаг болж сурах.
· Шамбарамын анхны шинж тэмдэг илэрмэгц биеийн хүчний ачааллыг хөнгөн хэлбэрийн ажилаар солих,
· Жирэмсэн эмэгтэйчүүд аарцгийн эрхтэний хураагуур судасны эргэлтийг сайжруулахын тулд өдөр бүр гимнастик хийж, явган зугаалах, өтгөнийг шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэх. хэт чанга бүс бүслэхийг хориглоно,
· Суугаа ажилтай хүмүүс гимнастик хийх, усанд сэлэх, спортоор хичээллэх, явган зугаалах зэрэг шамбарамаас сэргийлэх арга хэмжээг өдөр болгон авч байх хэрэгтэй. Эцэст нь дахин сануулахад шамбарам гэсэн нэрнээс нь болоод эмчид үзүүлэхээс нэрлэхэх нь эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулж байгаа хэрэг гэдгийг мартаж болохгүй.
хүннү.мн
URL: