Ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү
Монгол Улсын Ерөнхийлөгч татвараас зайлсхийлсэн гэх “Саусгоби сэндс” ХХК-ний гүйцэтгэх захирал Жастин капла нарт уучлал үзүүлж, Монгол Улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхээр болсон. Анхан шатны шүүх тэднийг татвараас зайлсхийсэн гэдгийг тогтоож, Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг нотолсон. Гэтэл тус компанийн зүгээс анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэн, үнэн зөвөө тогтоолгохоор дараагийн шатны шүүхэд хандахаар болсон. Өөрөөр хэлбэл тэд учруулсан хохирлоо төлж магадгүй, үгүй ч байж магадгүй юм. Үүнтэй холбоотойгоор дахин хэл ам гарч эхэллээ. Учир нь “Саусгоби сэндс” компани асуудлыг хүндрүүлж 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахгүй гэвэл яах вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Нөгөө талаар асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь шүүмжлэлийн гол бай болов. Түүнчлэн энэ талаар зарим хуульчид байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч буруу шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэж байна.
Тухайлбал, хуульч С.Нарангэрэл “Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь өргөсөн тангаргаасаа няцхан хэрэг” хэмээн ярилцлагө өгчээ. Тэрбээр “Анхан шатны шүүхээс гадаадын гурван иргэнд хорих ял ногдуулчихсан. Тэр шийдвэр нь давж заалдах шатанд байгаа. Харин энэ шийдвэр хэзээ хуулийн хүчин төгөлдөр болох вэ гэвэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсны дараа хуулийн хүчин төгөлдөр болно. Харин үүний дараа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс хяналтын шат буюу Улсын дээд шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гомдол гаргах учиртай. Харин энэ шатууд дууссаны дараа сая Монгол Улсын Ерөнхийлөгчид асуудал тавих хатуу тогтсон хуулийн журам байгаа. Гэтэл энэ дараалал журам бүгд зөрчигдөж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн гэж ойлгож болно. Хэрвээ цаашдаа энэ жишиг тогтвол ерөөсөө Ерөнхийлөгч мөрдөгдөж байгаа хүн, хэрэг нь мөрдөгдөөд ганц худагт сууж байгаа юм уу урьдчилан хорих байранд сууж байгаа хүмүүсийг урьдчилаад л гаргаад байх нь байна шүү дээ. Тэгвэл энэ улсад мөрдөн байцаах, шүүн таслах байгууллага байх хэрэггүй биз дээ. Ганц Ерөнхийлөгч л бүгдийг нь эрх чөлөөтэй болгоод гаргаад байх нь байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийт иргэдийн өмнө тангараг өргөсөн. Энэ тангарагт Үндсэн хууль болон бусад хуулийг шударгаар биелүүлэх тухай ам өчгөө ард түмний өгсөн хүн. Гэтэл үүнээсээ хазайж байгаа явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцсан явдал боллоо. Харин энэ асуудлыг УИХ болон Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх бүрэн боломжтой” гэжээ.
Харин өнөөдөр хуульч Б.Энхбаяр энэ талаар байр сууриа илэрхийлж, ярилцлага өгсөн байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө мэдэгджээ. Тэрбээр “Гурван үндэслэлээр Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн цэцэд өгөх гэж байгаа. Хамгийн сүүлийн асуудал нь одоо энэ яриад байгаа АНУ-ын иргэн Ж.Каплад уучлал үзүүлсэн гэх асуудал. Гол үндэслэл нь Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн хэнбугай ч бай заавал дагаж мөрддөг дээд хэмжүүр, хана хэрэм бол Монгол Улсын Үндсэн хууль. Үндсэн хууль бол чухамхүү Монголын ард түмний дээд эрх ашиг. Үүнээс давсан, гажсан хэний ч эрх ашиг хууль бус. Үндсэн хууль ёсоор “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байдаг. Энэ зарчим аль нэг орны иргэнд давуу, эсхүл алагчилж үйлчлэх зарчимыг хэнбугай ч гаргах эрхгүй. Нөгөө талдаа шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд төрийн ямар ч албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцож нөлөөлөхийг хатуу хориглосон байдаг. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарч, гэм буруутай нь тогтоогдсон ЯЛТАН-д л хамаарч үйлчилдэг. Ерөнхийлөгчийн ялтанд уучлал үзүүлэх асуудлыг 2002 оны “Ялтанд уучлал үзүүлэх журам”-аар зохицуулдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ж.Капла нартай холбоотой эрүүгийн хэрэг шүүхийн шатанд бүхэлдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед буюу иргэний хариуцагч давж заалдаад маргаан нь явж байх үед гол буруутай этгээдүүдийг уучилсан нь дээрх зарчмыг зөрчсөн үйлдэл боллоо” хэмээн ярьжээ.
Тэгэхээр хамгийн гол нь шүүхийн шийдвэр давж заалдах шатандаа явж байхад Ерөнхийлөгч ийн уучлал үзүүлсэн нь буруу гэдгийг хуульчид хэлж байна. Хэрвээ “Саусгоби сэндс” компани хохирлоо барагдуулахгүй гэвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байна. Харин олон нийт уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэцгээж байна.
Д.Анар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
яалааа гэж хариуцлага хүлээдийн хүсэлтийг л хүлээн авсан ш дээ уучлал үзүүлэх