“Гоо хатан” салон гоо сайхныг гутаана

goo hatan     Даяаршлын эрин зуун, мэдээллийн давалгаа ч нөлөөлдөг үү охид бүсгүйчүүд маань баруунжсан соёл, бие галбирын төрхийг сохроор дуурайх явдал газар авсан. Энэ л нийгмийн сэтгэл зүйн давалгааг дөрөөлсөн чанартай чанаргүй гоо сайхны газрууд тоогоо алдсан. Тэдний тэргүүн эгнээнд “Гоо хатан” хэмээх салон толгой цохиж байгааг тал талын эх сурвалжууд хэллээ. Тиймээс ганц хоёрхон баримт дэлгэе. Учир нь “Гоо хатан” хэмээх салонаар үйлчлүүлсэн хоёр ч иргэн манай мэдээллийн сайтад хандсан юм. Тэгэхээр сэтгүүлчийн зүгээс ямар нэгэн хачиргүйгээр “Гоо хатан салон”-аар үйлчлүүлж хохирсон хоёр иргэний яриаг тэр чигт нь буулгаж хүргье.

Архангай аймгаас Улаанбаатарт эмчлүүлэхээр ирсэн иргэн С тус салонд очиж нүдэндээ давхраа оёулжээ. Тус салоныхон долоо хоногийн дараа ирээд үзүүлээрэй хэмээсний дагуу иргэн С очиж, “Миний энэ давхраа хавдар нь буухгүй байна. Тэгээд ч нэг нь хэт нүд рүүгээ орчихжээ. Маргааш нутаг буцах болчихлоо. Би одоо яахав ээ” гэжээ. Харин тэд “Наадхи чинь хавдар нь буугаад зүгээр болчихно. Ямар ч асуудалгүй. Одоо хавдар нь сайн буугаагүй болохоор хоёр өөр харагдаж байгаа юм” гээд явуулсан аж. Харин сайх бүсгүй нутагтаа очиж, аажмаар ч нүднийх нь хавдар буужээ. Гэтэл баруун нүднийх нь оёо нүд рүүгээ хэт шигдэж орсон учраас нүд нь сөлийн, аймгийнхаа эмнэлэгт очиж оёог нь авхуулсан тухай бидэнд утсаар мэдээлсэн. Ингэхийн сацуу “Би яагаад үүнийг та бүхэнд дуулгаж байна вэ гэвэл энэ мэт мөнгө олох гэсэн худал дүр эсгэсэн газрууд байна шүү гэдгийг бусад охид бүсгүйчүүддээ хэлэх гэсэн хэрэг. Тэгэхгүй бол тэд ахиад л өөр бусдыг ийнхүү хохирооно. “Гоо хатан” гэсэн салоныг л битгий зориорой. Ёстой сохоръё гэвэл салоныг зориорой” гэсэн юм.

Түүнчлэн тус салонаар оюутан охин А нүдэндээ давхраа оёулжээ. Аанай л долоо хоногийн дараа ирээрэй гэсний дагуу очиход оюутан А-гийн зүүн нүдний оёо хэт дээшээ, баруун нүднийх нь хэт доошоо оёогдсон төдийгүй зүүн нүднийх нь оёоны хагас нь задарч арилсан байна. Тиймээс оюутан охин А “би одоо яахав ээ” гэхэд тэд “Одоо зүслэг хийлгэхээс өөр аргагүй. Оёо найдвар муутай байдаг юм. 200 мянган төгрөг нэмээд өгчих” гэжээ. Оюутан охин “Надад мөнгө алга. Та анхнаасаа ижил түвшинд найдвартай юм хийхгүй яасан юм. Хүний нүдийг ийм болгочихоод одоо болохоор мөнгөө ав гэж болохгүй биз дээ” гэхэд “Давхраа оёхоор задраад байдаг юм аа. Хэрвээ зүслэг хийлгэнэ гэвэл түүнийг чинь мэсийн аргаар хийнэ. Тэгэхээр Төмөр замын эмнэлэгт манай зүсдэг эмч байгаа. Тэнд ажилладаг юм. Одоогийн байдлаар хоёр ч давхараа зүсэх гэж байна. Цагаа авбал ав” хэмээн дайраад байжээ.

Уг нь уншигч та “Гоо хатан”-гийн реклам сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө л харсан байх. Бараг залхатлаа харсан байх. Гэтэл байдал ийм л байна. Нүд гэдэг эмзэг эрхтэн. Гэтэл хүний нүдийг янз бүр болгочихоод болохгүй болохоор нь мөнгөө ав хэмээн дайраад байдаг үйлчилгээний газар гэж байх уу. Сүржин рекламны цаана ийм л зүйл нуугдаж байна. Энэ мэт сүржин рекламнаас үүдэж хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн иргэд мөнгөөрөө ч эд эрхтнээрээ ч хохирч үлдэж байгааг Архангай аймгийн Цахир сумын иргэн С дээр хэлсэн дээ.

Гэтэл бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос биш өөр олон зүйл байгааг ч иргэд гомдоллож л байсан. Энэ тухай иргэдийн гомдлыг цувралаар хүргэх болно.

 

 

Н.Дөл

 


URL:

Сэтгэгдэл бичих