Н.Энхбаяр: Айлгадаг субъект нь ард түмэн болохоос АТГ биш
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас байцаалт авахаар дуудсан байна. Энэ талаар өөрөөс нь тодруулав.
-АТГ-аас танд юу гэж хэлсэн бэ?
-Яахав дээ, Монголын ард түмэн үүнийг гадарлаж байгаа байх. Би Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил болж байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа хийх бололцоог нь хаах гэж оролддог болжээ. Ийм л буруу соёл, буруу ёс тогтчихлоо. Надаар зогсохгүй УИХ-ын гишүүн, төрийн байгууллагын дарга нар гээд л.
Цаашдаа энэ ёс уламжлал болох нь. Би яагаа ч үгүй, юу ч болоогүй гээд явж болно. Гэхдээ энэ миний асуудал биш. Улс төрийн сонгуулийг шударгаар явуулж нэг, нэгийгээ айлгаж сүрдүүлдэггүй байх ёстой. Айлгадаг субъект нь ард түмэн байх ёстой болохоос биш АТГ, цагдаа байж болохгүй.Тийм учраас ард түмнээсээ айж амьдаръя, тэдэнтэйгээ амь нэгтэй байя.
-Та АТГ-т очиж мэдүүлэг өгөх үү?
-Би хуулийн дагуу л ажиллана. Өмгөөлөгчтэйгээ хамт байж байгаад ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсч хариу өгөх ёстой. Надад хийсэн ямар ч хэрэг байхгүй. Өмнө нь дуулиан шуугиан болгож намайг баривчилсан талаар бүгд мэдэж байгаа шүү дээ. Шүүх хурал дээр бүх зүйлийг тайлбарласан. Би хүнд хэцүү зүйлийг туулаад өнгөрсөн. Одоо цэвэрхэн, шударга улс төр хийе. Тэгэхгүй нэгийгээ улс төрийн зорилгоор намнадаг байж болохгүй.
-Өмнө нь таныг мэдүүлэг өгөөгүй учраас баривчилсан шүү дээ?
-Тэр үед надтай холбоотой мэдүүлэг авахад хангалттай өгсөн. Асуудал нь улстөржөөд явсан учраас Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. Миний эсрэг надаар яриулах гээд байсан. Би өөрийнхөө эсрэг ярихгүй байх эрхтэй, энэ бол ардчиллын нэг том ололт юм. Би хангалттай мэдүүлэг өгч, бүхнийг тайлбарлачихсан байсан учраас “Би хангалттай мэдүүлэг өгсөн. Одоо надад өөрийнхөө эсрэг ярих зүйл байхгүй” гээд албан ёсоор бичиг өгчихсөн байсан. Гэтэл хууль хяналтынхан огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шиг мушгиад чирч гудчаад 600 цагдаа ирж баривчилсан.
-Таны эмчилгээ дууссан уу. Хэзээ Солонгос руу явах вэ?
-Эмчилгээ дуусаагүй, үзүүлэх хуваарь байгаа. Тэрийгээ дөхүүлээд буцна.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ?
-Хурц хоол идэж чадахгүй байгаа. Ходоодны үйл ажиллагаа хэвийн болоогүй. Эд эсийн алдагдал сайн нөхөгдөөгүй байгаа учраас их хэмжээгээр идэж болохгүй. Заримдаа ходоод өвдөөд босох юм. Бие, сэтгэлээ эмчлүүлэх хоёр зүйл бий. Биеэ эмчлүүлэхийн хувьд гайгүй байгаа. Харин сэтгэлийн эмчилгээ үнэхээр дутагдаж байна. Монгол орон, агаар нь хүртэл сэтгэлийн эмчилгээ шүү дээ. Тийм болохоор аль болохоор Монголдоо ирмээр байх юм.
-Та хэзээ Монголдоо эргэн ирэх вэ. Эсвэл Монголд байх бололцоо алга уу?
-Аль болох ирмээр байна, нутагтаа амьдармаар байна. Нутгаа санаад байна. Эх орныхоо юм болгоныг санаж байна. Агаар нь, айраг нь, бууз нь хүртэл сайхан. Сая зүтгэсээр байгаад ирлээ. “Та ирж болохгүй шүү. Ирвэл баривчилна шүү” гэж хүртэл мессэж ирсэн.
-Хэнээс?
-Яах вэ дээ. Бичдэг хүмүүс нь л бичихгүй юү. Тэр мессежээс айхгүй би ирлээ. Яагаад гэвэл монголчуудаа, 80 хүрсэн аав, ээжийгээ санаад ирсэн. Монголд өнөөдөр нууц гэж юм байхгүй. Бүгд нэгийгээ мэдэж байгаа. Сайнаар яривал монголчууд бүгдээрээ л садан төрөл, нэг голын хүүхдүүд. Энэ бүхний цаана улс төр л явж байгаа. Энэ бол хоцрогдсон арга. Африк, Латин Америкийн арга барил. Монгол ардчиллаараа бахархъя гэвэл улс төрийн аргаар өрсөлддөг байх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагаас айхаа болих хэрэгтэй. Ийм шударга ёс, ардчиллыг Монголдоо хөгжүүлье. Хамтдаа бүтээе. Би үүнд туслахад бэлэн байгаа. Би хэдэн хүнээс өшөө хонзон авах гэж бодоогүй. Надад тийм сонирхол байхгүй. Би харин ийм алдаа гажуудал гарч байгаа учраас засах гэж оролдож байгаа. Үүнийг ямар нэгэн хууль зөрчсөн юм шиг болгож битгий тайлбарла. Бүгдээрээ эвтэй найртай байцгаая. Хэн ч шийдсэн ямар ч зөв шийдвэрийг би дэмжинэ.
-Сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлуудад ямар дүгнэлт хийж байгаа вэ. Ялангуяа уул уурхайтай холбоотой асуудлаар?
-Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд олон зүйл яригдаж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд зарчмын дагуу байр сууриа илэрхийлнэ. Нийгэмд ямар нэг асуудлаар зөрчил, өөр ойлголтууд байгаа бол бүгдийг нь арилгах ёстой. Ардчилал гэдэг олонхийн дарангуйлал биш. Цөөнхийн саналыг сонсдог байх хэрэгтэй. Саналаа авчихсан л бол юу дуртайгаа хийнэ гэсэн үг биш. Төр засгийг удирдаж байгаа нөхөд бүх талын зөв талыг тусгаж хамгийн оновчтой гарцыг олох ёстой.
эх сурвалж:Зууны мэдээ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АТГ Ч БИШ ЭБЭЭ ШҮҮДЭЭ ӨРСӨЛДӨГЧГҮЙ БАЙХ ГЭЖ ХЭН ӨРӨНД ОРУУЛЖ ХЭН ӨРНӨӨС ГАРГАЖ. ХЭН ТТ. ОТ ГАДНЫХАНД ӨГЧ АВИЛГА АВ ХЭН АРД ТҮМЭНДЭЭ ӨГНӨ ГЭЛЭЭ ОДОО АРД ТҮМЭН НЭГ ОЙЛГОЖ ХАР ЦАГААНЫГ ЯЛГАХТАЙ БОЛСОН ГАНБААТАР ЭНХБАЯР 2 Л АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ЗОРИГТОЙ ДУУГАРЧ БАЯРТАНГУУД ГАДНЫХНЫГУ
Офшор данс үнэтэй хаус авсан хүмүүсийг РИО илчилж байгаа шүүдээ мөнгө авчаад ажилаа хийхгүй байна гэж шахаж байгаа юм байх