“АС Милан”-ы домогт тоглогч ирлээ

1960 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Италийн Травальято хотноо хөл бөмбөгт хайртай нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн алдарт хөлбөмбөгч, Италийн “AC Милан” багийн тоглогч Франко Барези байжээ.

1977-1997 он хүртэл багтаа үнэнчээр хүчин зүтгэж, карьераа дуусгасан тэрээр Италийн дээд лиг “Сери А”-д нийт 471 тоглолт хийж 16 гоол оруулсан домогт тоглогч юм.

1979, 1988, 1992, 1993, 1994, 1996 онд Италийн аварга, 1988, 1992, 1993, 1994 онд Италийн супер цом, 1989, 1990, 1994 онд Европын супер цомд тус тус түрүүлсэн байна.

Энэхүү домогт тоглогч Монголд ирлээ. Энэ сарын 24-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан Франко Барезийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хүлээн авч уулзсан юм.

Уулзалт хөлбөмбөгийн тухай яриагаар эхэлж, ноён Барези “Би Монголд ирсэндээ туйлын баяртай байна. Хэдийгээр Монголын хөлбөмбөгийн талаар сайн мэдэхгүй ч Монгол орны тухай сайн мэднэ” хэмээн онцолж ярьсан юм.

Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Дэлхийн хэмжээний хөлбөмбөгчин Монголд ирсэнд талархаж байна. Зөвхөн Италийн “AC Милан” багийг төлөөлөөд зогсохгүй дэлхийн хөлбөмбөгийг төлөөлж Монгол улсад ирж байгаа гэж ойлгож байна” хэмээн хэлсэн юм.

Уулзалтын дараа ноён Барези “ФЦ Улаанбаатар” клубын хөлбөмбөгчидтэй чөлөөт уулзалт хийж, хөлбөмбөгийн дасгал яаж хийх, тактик хэрхэн боловсруулах тухай зөвлөгөө өгөв.

Дэлхийн хэмжээний хөлбөмбөгчин гурван хоногийн хугацаатай ирсэн агаад Монголын ирээдүйн хөлбөмбөгчдөд хичээл заахаас гадна багш, дасгалжуулагчдыг хамруулсан томоохон хэмжээний сургалт зохион байгуулах юм байна.

Т.Билэг


URL:

Сэтгэгдэл бичих