Тамгагүй, хууль бус дарга нар суудалд санаархан гомдоллов
Ардчилсан нам дотооддоо дажинтай байна, тэр тусмаа дунд шатандаа бүр ч их дажинтай байна. Хамгийн ойроос жишээлбэл, 2012 оноос хойш найман удаагийн сонгуульд өвдөг шороодсон Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг нэрлэж болно. Тиймээс тус дүүргийн Ардчилсан намын тамга тэмдэггүй хууль бус дарга нар дүүргийн намын даргын суудалд залрах ёстой хэмээн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь албан ёсны даргын суудалд тамга тэмдэгтэйгээ суусан өдгөөгийн дарга Ө.Пүрэвбаатарыг буулгаж, өөрсдөө суух учиртай гэдгийг нуршиж гарлаа. Хэвлэлийн хурал зарлагсадыг тамга тэмдгээ албан ёсоор гардаж аваагүй, намын дүрмийн дагуу албан ёсоор дарга болоогүй учраас “хууль бус” гэж нэрийдэв. Энэ нь Ш.Одгэрэл, М.Чинболд, Ч.Бямбажав нарын зургаан хүн хэвлэл мэдээлэлд хандсан хэрэг.
Гэтэл найман удаагийн сонгуульд өвдөг шороодоход нь дасгалжуулсан өнөөдрийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын турхиралт гэмээр зүйлийг хэвлэлээр цацах оролдлого гэдэг нь ажиглагдав. Тодруулбал, намын өндөр дээд албан тушаалд очсон хэдий ч Л.Эрхэмбаяр дунд шатны хүмүүсээ өмнөө барьж, намынхаа дунд шатанд ассан галыг улам өрдөж байгаа нь энэхүү хэвлэлийн хурлаас харагдана. Сонгууль дөхсөн үед АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч тун ч болчимгүй зүйл хийж байна даа гэж хэн ч халаглахаар.
Тэгэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намаа хагалан бутаргаж байгаа тухай яриад авлаа. 2000 оноос хойш сонгиночууд Н.Алтанхуягт дэмжлэг үзүүлж, Ерөнхий сайдын суудал хүртэл явуулсан ч өнөөдөр сонгогч олны итгэлийг алдлаа гэх зэргээр олон зүйлийг ярьсан нь чухам хэнд юу хэлэх гээд байгаагаа ч ойлгуулж чадсангүй. Юутай ч Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам хагарч, дотооддоо ихээхэн самуунтай байгааг хууль бус дарга нар сайтар дуулгав. Түүгээр ч зогсохгүй сонгогч олон ч АН-д итгэх итгэл алдарч, ард олон дундаа талцаж байгаа тухай ч дуулгаж амжсан.
Уг нь бол өнөөдөр Н.Алтанхуягт намын ямар ч албан тушаал алга, УИХ-ын нэг сул гишүүн, үндсэн үүргээ л биелүүлж яваа. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийг найман удаагийн сонгуульд гарыг нь өргүүлсэн, тус дүүргийн АН-ын дарга асан Л.Эрхэмбаярт энэ тухайгаа дуулгаж гомдоллох ёстой байв. Гэтэл хууль бус дарга нар маань зөвхөн суудлын төлөө нам дотооддоо нэгнээ муучилж байгаа нь айсуй 2016 оны сонгуульд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь лавтай. Энэ мэт дундачууд хоорондоо дайтаад байвал нэгэнт ассан галыг улам өрдсөн хэрэг гэдгийг өнөөдрийн дарга З.Энхболд ч сайн мэдэж байгаа болов уу.
Бага дунд шатныхаа сэтгэхүйгээс салаагүй Л.Эрхэмбаярын хувьд өнөөдөр дүүргийн ганц үүртэй ноцолдож байх цаг зав баймааргүй юм. Яагаад гэхээр улстөрийн томоохон хүчний гал тогоог барьж байгаа хүн шүү дээ. Бүр алсуураа бол Л.Эрхэмбаярыг найман удаа сонгуульд ялалт хүлээхэд нь хамт ажиллаж байсан Ш.Одгэрэл, М.Чинболд, Ч.Бямбажав нарын нөхөд ийнхүү улайрч, хэвлэл мэдээллээр сонгогч олонд нөлөөлөхийг оролдож байгаа нь “өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг болж таарна. Иймээс АН-ын удирдлагууд ч энэ тал дээр сайтар анхаарахгүй бол айсуй 2016 оны сонгуульд найман удаагийн ялагдлаа давтахаас өөр гарцгүй болно.
А.Гал
URL: